Өмнөд хөршийн Харбин хотод ирэх сард нээлтээ хийх Азийн өвлийн IX наадамд манай улсаас цана, тэшүүр, биатлон, кёрлингийн төрөлд нийт 36 тамирчин оролцох юм. Монголын кёрлингийн холбооны тамирчдаас холимог багийн төрөлд өрсөлдөх Б.Баяр, Г.Энхзаяа нар бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй эл спортоор эрэгтэй, эмэгтэй 15 тамирчин тогтмол хичээллэж, Финландад 2022 онд зохион байгуулсан өсвөр үеийн ДАШТ-д багаараа өрсөлдсөн юм. Монголын кёрлингийн холбоо 2019 оноос эх орондоо эл спортыг хөгжүүлэх, мэргэжлийн тамирчдын хүрээг тэлж, баг бүрдүүлэн олон улсын түвшинд амжилт үзүүлэх зорилготой ажиллаж ирсэн. Түүнчлэн тамирчдаа жил бүр туршлага солилцох, ур чадварыг нь сайжруулахаар гадаадын орнуудад хамтарсан бэлтгэл хийлгэдэг байна. Норвег улсын Лиллехаммерт өнгөрсөн жил болсон залуучуудын кёрлингийн сургалтад Монголоос дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч хамрагджээ.