Баримт-1: Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд 7423 иргэн шилжин суурьшсан нь улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болж байна. Үүний дараа Орхон (7036), Төв (5436), Сэлэнгэ (4585) аймаг жагсжээ. Дархан-Уул аймагт албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 110 мянга гаруй бол их, дээд сургууль, коллежид суралцагсад, түр оршин суугчдыг оруулбал 130 мянгыг давах гэнэ.
Баримт-2: Орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр Дархан-Уул аймагт байрны эрэлт нэмэгдэж, үнэ нь тэнгэрт хаджээ. 2024 онд гэхэд орон сууцын нэг ам метр талбайн үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс долоон хувиар өсөж, 3.5 сая төгрөгт хүрсэн байна. Тус аймагт 2014 онд орон сууцын нэгж талбайн дундаж үнэ 1.2-1.4, 2022 онд хуучин, шинээсээ хамааран 1.8-2.8 сая төгрөг байсан нь ийнхүү “пуужиндсан” гэнэ.
Баримт-3: Дархан-Уул аймагт 2024 онд долоон байршилд 584 айлын орон сууц ашиглалтад оруулсан бол одоо 24 байршилд ес, 12, 16 давхар, 2116 өрхийн байр барих, ажил үргэлжилж байна.
Баримт-4: Засгийн газар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа байгууллагуудынх нь хамт Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг өнгөрөгч есдүгээр сард гаргасан билээ. Түүнлэн хөдөө аж ахуйн болон техникийн чиглэлийн сургуулиудыг тухайн бүсэд төвлөрүүлэх, оюутны хотхон байгуулах талаар ч ярих болсон. Үүнтэй зэрэгцээд “Мобиком корпорац”, “Номин холдинг” тэргүүтэй томоохон компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлэх ажлыг тухайн бүсэд эрчимжүүлээд байна. “Оюутолгой” ХХК ажилтнуудаа Дарханд суурьшуулахаар таатай нөхцөл, боломжуудыг санал болгож эхэлсэн гэх мэдээлэл ч түгэх болов.
Дархан-Уул аймагтай холбоотой, хамгийн сүүлийн үеийн гэж хэлж болох эдгээр баримтаас тус бүс нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн хэр эрчимжсэнийг баримжаалж болно. Энэ нь нэг талаасаа Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүн, нөгөөтээгүүр, Улаанбаатарын утаа, түгжрэл иргэдийг туйлдуулж, амьдрах орчноо солихоос аргагүйд хүргэсний илрэл гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг нь хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах замаар нийслэлээс орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх “Хөдөөгийн сэргэлт” юм. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг хоёр дахин нэмэх зэрэг эдийн засгийн дэмжлэг бүхий хөшүүргүүдийг бий болгосон. Аймгуудын удирдлага ч нэгнээсээ өрсөн сайхан амлалтууд өгч, хотоос хөдөөг зоригсдод чиглэсэн янз бүрийн хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүний үр дүн бүх аймагт нэгэн ижил түвшинд ахиц дэвшилтэй гарсан уу гэвэл тийм биш. Зөвхөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв зэрэг төвийн бүсийн аймаг руу шилжигсдийн цуваа тасралтгүй нэмэгдэж байгаа нь газар зүйн байршлын онцлог, ажлын байр, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжтэй салшгүй холбоотой. Энэ байдлаар тус аймгийг зоригсдын тоо цаашид ч эрчимтэй нэмэгдэж, хүн ам нь тогтмол өснө. Харин тэр үед Дархан-Уул давуу талаа хадгалсан хэвээр байж чадах болов уу. Улаанбаатар шиг утаа, түгжрэл, замбараагүй төлөвлөлт, хэт төвлөрөлтэй суурьшлын бүс болохгүй гэх баталгаа бий юү.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, аймгийн төвүүдийг улс, орон нутгийн зэрэглэлтэй бие даасан хот болгож хөгжүүлэх зорилтын гол цөмд Дархан-Уул бий. Тэгэхээр Засгийн газар тус бүс рүү иргэдийг татах ажлуудыг ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнүүлнэ. Энэ нь амьдрах орчны үй олон бэрхшээлтэй өдөр тутам нүүр тулж, бэдчиж яваа улаанбаатарчуудад утаа, түгжрэлээс “зугтахад” нь тусална. Мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас санаачилсан “Нээлттэй Дархан” хөтөлбөрийн хүрээнд хүн амаа өсгөх, орон сууцжуулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа нь ч үүнд дэм болно. Дарханчууд 2030 он гэхэд нийт оршин суугчийнхаа 80 хувийг орон сууцжуулах, 2035 онд гэр хороололгүй болох, хүн амаа 300 мянгад хүргэх зорилт тавьсан юм билээ. Үүний хүрээнд 10 мянган айл, 32 мянган өрхийг орон сууцжуулах “Залуус хороолол I, II” зэрэг барилга, дэд бүтцийн томоохон төслийг эхлүүлээд буй. Энэ бүхэн тус бүс нутгийн хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөнд гойд нөлөөлөх нь дамжиггүй. Үүнийг дагаад төвлөрөл бий болно, тодорхой бэрхшээлүүд ч үүснэ. Одоо ч тэнд агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн, ажлын байрны хүртээмж өмнөхөөсөө муудсан гэж иргэд ярьж буй. Харин цаашид хэрхэх вэ.
Дархан-Уул аймгийг Улаанбаатарын жишгээр “хөгжүүлэхгүйн” тулд төлөвлөлт, зохион байгуулалтад нь одооноос онцгой анхаарах хэрэгтэй. Хүн амын өсөлт, төвлөрөл дагаж бий болох ачааллаа тооцоолон зам, дэд бүтцээ оновчтой төлөвлөх, барилга, орон сууц бариулах байршлуудыг зөв тогтоохоос энэ ажил эхэлнэ. Иргэдээ орон сууцжуулна гээд зах замбараагүй олон барилга шавааралдуулан барьсаар байвал нийслэлтэй адил түгжрэлтэй, мухар хот, бетонон ширэнгэ болох нь гарцаагүй. Улаанбаатарыг яалаа даа. Хот төлөвлөлтийн өчнөөн бодлого, баримт бичиг байгаад ч хэрэгжүүлж, цэгцтэй зохион байгуулж, хөгжүүлж чадаагүй. Харин Дарханд үүнийг давтахгүй байх, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлэх боломжууд бий.
Хот төлөвлөгч, инженер, эдийн засагчид янз бүрийн санал, байр суурь илэрхийлж байна. Зарим нь “Суурьшлын бүсээ гадагшаа тэлэх байдлаар эхнээс нь сийрэг төлөвлөх шаардлагатай” гэж байхад нэг хэсэг нь “Дархан Улаанбаатар шиг нягт төвлөрөлтэй биш учир суурьшлын бүсийг нь замбараагүй тэлэхгүйгээр, төв рүү чиглэлтэй хөгжүүлэх нь зохимжтой” гэсэн санал дэвшүүлж буй юм. Мөн “Орон сууцжуулах бодлогыг гол болгож байгаа бол инженерийн дэд бүтцийг нь системтэйгээр шийдэж, үйлдвэрийн бүс, дэд төвүүдэд түшиглэж төлөвлөх боломжтой” гэж байгаа. Эдгээрийн аль нь ч үндэслэлтэй байсан, ямар ч тохиолдолд Дархан-Уулд Улаанбаатар шиг газрын наймаа цэцэглүүлж, хэт барилгажуулахгүй байх нь чухал. Төлөвлөлттэй холбоотой баримт бичиг, концепцуудыг ягштал баримталж хэрэгжүүлэх, хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай.
Дархан-Уул аймаг авто замын хүртээмж сайтай, дэд бүтцийн зангилаа бүсэд ордог. Иймд газар тариалан, мал аж ахуй зэрэг суурь салбаруудаас гадна үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой. Энэ давуу тал, онцлогт тулгуурласан, улсын зэрэглэлтэй хот, томоохон суурьшлын бүсийг бий болгож чадах, эсэх нь Засгийн газрын болон орон нутгийн захиргааны байгууллагын бодлого, үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Дархан-Уул, Орхон, Дундговь, Өмнөговь зэрэг төвийн болон хилийн боомт бүхий аймгуудыг хөгжүүлж, эдийн засгийн таатай хөшүүргүүд бий болгосноор 700-800 мянган иргэнийг тухайн бүс нутаг руу шилжүүлэх, нийслэлийн хүн амыг одоогийнхоос нэмэгдүүлэхгүй байх боломжтой гэсэн тооцоог зарим эдийн засагч танилцуулсан. Одоогоор бол Засгийн газар сайн сайхан ирээдүй, санхүүгийн боломжуудыг амлаж, иргэдийг хөдөө тийш нүүхийг уриалсаар байгаа. Орон нутгийн удирдлагууд нь болохоор байр сууцын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг “өмнөө барьж”, пиар хийсээр буй. Угтаа “Хөдөөгийн сэргэлт”-ийн үндсэн зорилго, үзэл санаа нь хотын иргэдийг хөдөөд аваачиж орхих төдий биш, харин орон нутагт аятай таатай амьдрах боломж нөхцөл бүрдүүлэх замаар шилжилт хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэлбэрдэлтэд нь хэт санаа тавиад, мөн чанар, дотоод агуулгад нь төдийлөн анхаарахгүй байна. Энэ нь хэтдээ Дархан-Уулыг дараагийн Улаанбаатар болох замд хөтлөх эрсдэлтэй тул айсуй бэрхшээлүүдийг сануулж, анхааруулахад хүргэв. Хэрэв эл муу “зөгнөл” биеллээ олбол олон мянган хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж, яг л нийслэлчүүд шиг стресс дунд аж төрнө.
Н.Мишээл