Монголын хөл бөмбөгийн холбооны санхүүжилт, түүний зарцуулалтын мэдээллийг ил тод болгохыг шаардлаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дээрх холбооны ээлжит бус хурлын үеэр гишүүд нь болон тамирчид ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Холбооны гишүүдийн хэлснээр Олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу FIFA-гаас олгосон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт хэрхэн зарцуулсан нь тодорхойгүйгээр алга болдог гэнэ. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос гишүүн орнууддаа жилд дунджаар 500 мянган ам.долларын санхүүжилт олгодог юм байна.
Гишүүдийн тавьсан шаардлагын дагуу хөл бөмбөгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг шалгах түр хороог байгуулжээ. Энэхүү түр хороог холбооны дэд ерөнхийлөгч И.Сарангэрэлээр ахлуулж, М.Баярмагнай, Д.Нанжид, Б.Болдбаатар, М.Ганбаатар нарын гишүүн багтсан аж. Тэд үйл ажиллагааны тайланг судалж, дүгнэлт боловсруулж, зөвлөлийн ээлжит хуралд танилцуулах гэнэ. Гэвч санхүүгийн хяналт шалгалтыг холбооны Удирдах зөвлөлийнхөнд даалгасан нь зөв гарц биш хэмээн гишүүд нь үзэж буй гэнэ. Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүдэд шаардлага тавьсан хэд хэдэн гишүүнийг ажлаас нь тухайн өдөр чөлөөлжээ.
Мөн Хөл бөмбөгийн холбооны бэлтгэлийн төв байрыг зориулалтын бусаар ашиглаж байгааг тамирчид шүүмжилсэн юм. Энэ талаар хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш цахим хуудсандаа “Энэхүү бэлтгэлийн байрыг хөл бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн бааз нэртэйгээр анх байгуулсан. Харин одоо бол гоё амралтын газар болжээ. Шигшээ багийнхан тэмцээнд оролцох гээд энэхүү бэлтгэлийн төвд байрлах гэтэл мөнгө нэхсэн. Хөл бөмбөгийн холбооноос мөнгө төлөхгүй гэсэн тул тамирчид хүйтэнд, гадаа цасан дээр бэлтгэлээ хийцгээсэн” гэж бичсэн байв. Уг бэлтгэлийн байрыг “FIFA forward” төслийн хүрээнд 2021 ашиглалтад оруулсан гэнэ. Азидаа анхдагч хэмээн нэрлэж буй, агаараар хийлэгддэг битүү дээвэртэй энэхүү спорт байгууламжийн урт 120, өргөн 80, өндөр 27.5 метр бөгөөд 250 үзэгчийн суудалтай аж. Ezaal.mn сайтад оруулсан мэдээллээр бол тус заалыг цагийн 200 000 төгрөгөөр түрээсэлдэг юм байна.
Уг нь шигшээ багийн тамирчид байрлах үед амралтын газартаа зочид хүлээж авахгүй хэмээн нээлтийнх нь үеэр онцолж байжээ. “Одоо бол тусдаа гарсан ашгийн байгууллага, амралт, цэнгээний газар л болсон. Шигшээ багийнхан байрлаж байхад согтуу хүмүүс ирээд “Өрөө байна уу” гэх нь ч бий” гэж ярих нэгэн ч байсан юм. Энэ талаар тус төвийн менежер М.Мөнхтуяагаас тодруулахад “Үйл ажиллагааныхаа зардлыг манайх өөрсдөө бүрэн хариуцдаг. Хөл бөмбөгийн холбоо болон бэлтгэлийн төв байр нь гэрээнийхээ дагуу ажилладаг. Өөрөөр хэлбэл, бэлтгэлийн төв байранд байрлаж буй тамирчдын төлбөрийг Хөл бөмбөгийн холбооныхон хариуцдаг. Манай байгууллага нэг ээлждээ 70 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Шигшээ багийн 10 тамирчин тав хоног байрлалаа гэхэд дасгалжуулагч нартай ярилцаж байгаад гаднаас амрагч авах, эсэхээ шийддэг. Шигшээ багийн тамирчид байрлаж буй үед ихэнхдээ амрагч хүлээж авдаггүй” гэсэн юм.
А.Үүл