ЮНЕСКО-гийн “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, соёл урлагийн чиглэлээр суралцагч III, IV түвшний оюутнуудыг чадавхжуулна. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба энтрепренершип” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү уран бүтээлч, гар урлаач болон соёл урлагаар суралцагч эмэгтэйчүүдийг чадавхжуулахаар болжээ. Тус хөтөлбөр нь энэ оныг дуустал үргэлжилнэ. Ингэхдээ оролцогчдын өрсөлдөх чадварыг нь сайжруулах, бүтээгдэхүүний загварыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах боломжоор хангах юм байна. Анх удаа хэрэгжүүлэх гэж буй уг хөтөлбөрт одоогоор 200 гаруй хүн бүртгүүлжээ. Тэднээс 10-ыг нь шалгаруулж, чадавхжуулах юм байна. “Ковид-19” цар тахлын дараа дэлхий нийтэд тогтвортой ажлын байрны хүртээмж хумигдаж, техник, технологийн шинэ эрин үе эхлээд буй тул ийм хөтөлбөр эхлүүлж буй аж. Үүгээр дамжуулан эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхийг зорьж буй гэнэ. Үйл ажиллагааг ЮНЕСКО, СУИС, Бүтээлч үйлдвэрлэл инновацын төв, нийслэлийн Соёл урлагийн газрынхан хамтран хэрэгжүүлнэ.
А.Тэлмэн