Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/66 тоот тушаалаар баталсан Элсэлтийн шалгалтын журмын дагуу дэлхий дахинд нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх шалгалтынхтай дүйцүүлж буй юм. Кэмбрижийн AS, A, Interna¬tional baccalaureate, TOEFL (IBT), PTE, IELTS, SAT хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлэх юм байна. Гадаадын ахлах сургууль болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутнууд элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг Боловсролын үнэлгээний төвийн www. eec.mn сайтад нэвтэрч бүрдүүлэх аж.
Тодруулбал, тус цахим хуудасны “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсэд нэвтэрч “Дүйцүүлэх” гэдгийг дарах гэнэ. Ингээд элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч, холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан бүртгүүлэх юм байна. Ингэхдээ үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт, төрсний гэрчилгээ, эсвэл иргэний үнэмлэхийн болон үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар зэрэг материалыг бүрдүүлэх аж. Хүсэлтийг энэ сарын 15-ныг дуустал хүлээн авах бөгөөд Боловсролын үнэлгээний төвийнхөн ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх гэнэ. Тус төвд жилд 2000 гаруй оюутан дүйцүүлэх хүсэлтээ илгээдэг аж. Ингэснээр олон улсын болон элсэлтийн шалгалтын аль өндөр оноогоороо их, дээд сургуульд элсэх боломжтой.