Засгийн газрын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр бүсийн зөвлөлүүдийг байгуулах, түүний ажиллах журам, зохион байгуулалтыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулж, хөгжлийн төлөвлөгөөг 2040 он хүртэл боловсруулж, хэлэлцэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Түүнчлэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, мөн тооны эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг нэмж даалгасан юм.
Засгийн газраас 2024-2028 онд аймгийн төвүүдийг хилийн боомтуудтой холбосон бүсчилсэн хөгжлийн “Таван тойрог” авто зам, зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал, баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн, хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц, төвд Шинэ Зуунмод, хангайн бүсэд Шинэ Хархорум хот, говийн бүсэд Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийг шилжүүлэн ачих терминал, Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүсүүдийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд ямар байх талаар мөн ангилсан байна. Тухайлбал, хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”, баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”, зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэх аж. Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлсон.
М.Гэгээ