Монголын авто мастеруудын холбооноос энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн дүрмийн бас нэг өөрчлөлт нь “Аюулгүйн бүс” юм. Өмнө нь тамирчдыг уралдааны замд гаднын тусламж авахыг хориглодог байсан. Тэгвэл үүнийг өөрчилж “Аюулгүйн бүс”-д тусламж авахыг зөвшөөрдөг боллоо. Уралдааны явцад оролцогчид “Хаалттай парк”-ийн ойролцоо байрлах тусгай тэмдэглэгээ бүхий аюулгүйн бүсэд хүрсэн тохиолдолд бусдын тусламжийг авснаар механикууд ч машиныг засах тусламж, үйлчилгээ үзүүлэх нь.
Харин дээрх бүсээс бусад газар тусламж авсан тохиолдолд уралдаанаас хасагдах юм. Гаднын тусламж гэдэг нь тухайн тамирчинд хэн нэгэн багаж, техникийн, эсвэл бие, хүчний туслалцаа үзүүлэхийг хэлж буй. Түүнчлэн механик, дасгалжуулагч нар уралдаж буй тамирчинд дохио зангаа, биеийн хөдөлгөөн зэргээр тусламж үзүүлвэл хариуцлага тооцох аж.