Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар хэмээн, олон нийтэд эл өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж буй юм. Иргэд бодит мэдээлэлтэй байж, эрт илрүүлэгт хамрагдан, уг хавдрыг цаг алдалгүй илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой гэж үздэг. Умайн хүзүүний хорт хавдраас вакцинаар сэргийлэх боломжтой тул эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгаан болох ёсгүй гэж эмч нар үздэг билээ. Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь Хүний папиллом вирус (ХПВ). Энэ вирусний 200 гаруй төрөл байдгаас зарим нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй юм. Тиймээс сэргийлэх үндсэн арга нь түүний эсрэг дархлаажуулалт гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Манай улс ХПВ-ний эсрэг вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулсан дэлхийн 144 орны нэг юм. Үүний хүрээнд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг товлолд оруулж, 11 настай охид, хөвгүүдийг хамруулж буй. Мөн манай улс ДЭМБ-ын зорилтын дагуу эмэгтэйчүүдийн 70 хувийг эрт илрүүлэгт хамруулах, 90 хувийг нь бүрэн эмчлэх зорилт тавьж ажиллаж байна.
Ч.Болор