Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 290.0 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд М.Игавахара болон ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар зургадугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа.
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуулиудад суралцуулж, мэдлэг олгодог хөтөлбөр аж. Монгол Улс уг хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж өнөөгийн байдлаар нийт 416 албан хаагчид Япон Улсын их дээд сургуулиудад суралцан, санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэв.