Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” хэмээн мэдэгдсэнд үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг чөлөөлсөн билээ. Үүнтэй холбогдуулан бригадын генерал Р.Чингис мэдэгдэл гаргасан байна. Түүндээ “2025 оны нэгдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал, цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж хууль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Ерөнхий сайдын хэлсэнчлэн миний бие ямар нэгэн жагсаал цуглааныг санхүүжүүлээгүй, ийм зорилготой аливаа үйлдэл, эс үйлдлийг огт хийгээгүй болохоо үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын зүгээс надаас тодруулга, тайлбар авсан зүйл ч огт байхгүй. Намайг ингэж төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр, амны зоргоор гүтгэж байгаа нь миний болон манай гэр бүлийн нэр хүндэд халдсан хэрээс хэтэрсэн ноцтой асуудал тул энэ тухайд хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно” хэмээсэн юм.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Р.Чингисийн оронд цагдаагийн хурандаа М.Лувсандоржийг Дотоодын цэргийн штабын даргаар томилох тушаал Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргажээ. Тэрбээр хуучнаар Цэргийн их сургууль, МУИС-ийг дүүргэсэн, АНУ, Япон, БНХАУ, БНСУ, Польш, Эмиратад нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеийн хууль сахиулах байгууллагын удирдлага, ардчилсан нийгэм дэх цэргийн байгууллагын үйл ажиллагаа, тусгай хамгаалалт зэрэг чиглэлээр номын дуу сонссон нэгэн юм. Түүнчлэн тухайн үеийн нэршлээр БХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийг ч төгссөн аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа “90 саяын” гэх Б.Гансүх, МОНЦАМЭ-гийн харуулын бууг дээрэмдэн гэмт хэрэг үйлдсэн Х.Дэлгэрбат нар 13-17 жил хорих ял эдэлж байхдаа оргож, замын цагдааг хутгалж зугтахад нь хойноос нь хөөж баривчилж, ЭЦГ-ынханд хүлээлгэн өгч байжээ. Мөн ЭЦГ-ын ажилтныг ЭСЯ-ныхаа хашаан дотор хутгалж хөнөөсөн Вьетнамын иргэн Фам Кок Нги уг хэргийг үйлдэхээсээ өмнө Дэнжийн мянгад хүн дайрч хүнд гэмтээгээд зугтсаныг тогтоон, илрүүлсэн. Бас БОЯ-нд эрх бүхий албан тушаалтан Б согтуугаар машин жолоодож Японы ЭСЯ-ны хашааг дайрч зугтсан хэргийг ч шөнөд нь илрүүлж байсан юм билээ. ЦЕГ-ын дэд дарга хүртэл албан тушаал хашиж байсан тэрбээр Дотоодын цэрэгт гаднын, шинэ хүн биш. “Одонт хороо” хэмээх Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан юм.