Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч арванхоёрдугаар сард улсын хэмжээнд есөн хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.1 нэгж, өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Инфляц ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ нийт дүнгээрээ 8.9, хувцас, бөс бараа, гутлынх 9.4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшнийх 23, гэр ахуйн тавилга, барааных 7.4, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 11.1, боловсролын үйлчилгээнийх 18.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Инфляц есөн хувьтай гарсны 2.6 нэгж буюу 29.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Үндэсний статистикийн хороо хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 төрлийн бүтээгдэхүүнийг багтааж, судалдаг. Тэгвэл эдгээрийн 221 нь импортынх бөгөөд нийт бараа, үйлчилгээний 46 хувийг эзэлж буй.
Н.Мишээл