2024 он дэлхийн түүхэн дэх буюу цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг хэмжиж эхэлсэн, аж үйлдвэржилтийн өмнөх 1850-иад оны үеэс хойших хамгийн халуун жил болох өндөр магадлалтайг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарлаж байв. Тэгвэл эл таамаг, тооцоолол баталгаажсаныг тус байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн онд дэлхийн гадаргын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.55 хэмээр нэмэгдсэн гэнэ. 2023 онд дундаж температур 1.45 хэмд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон билээ. Харин өнгөрсөн жил 1.5 хэмийн босгыг анх удаа давснаар цаг уурын түүхэн дэх шинэ “дээд амжилт” болжээ. Дэлхийн цаг уурын байгууллагынхан энэ үзүүлэлтийг баталгаажуулахдаа олон улсын зургаан мэдээллийн системийн өгөгдлийг ашигласнаа дурдлаа. Нэгтгэсэн дүн, мэдээллээр 2015-2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун 10 жил болж буй, цаашид энэ нь зогсолтгүй үргэлжлэх төлөвтэй гэж онцолсон байна.
Н.Мишээл