Хотхон, орон сууцын хороололд дур мэдэж хашаа баривал хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Тухайлбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заажээ. Зохих зөвшөөрөл авч барьсан ч стандартын шаардлага гэж бий. Үүнд нь нэг хашаа нь метрээс өндөргүй байх гэсэн шаардлага байгаа. Гэтэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Атимос” хэмээх орон сууцыг “Төрийн өмчийн газар” гэх тодотголтойгоор хашжээ. Тус орон сууцын хороололд гоо сайхны барааны дэлгүүр, “Байтаг” СӨХ, “Шонхор тас” харуул хамгаалалтынхан үйл ажиллагаа эрхэлдэг юм билээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” хэмээн тусгажээ. Тэгэхээр орон сууцын хороолол барьчхаад тусгайлан тэмдэг, тэмдэглэгээ тавьж, төмөр хашаагаар “торлох” хэнд ч эрх үгүй гэсэн үг юм. Эдгээр асуудлаар тус хороонд хандахад “Бид СӨХ-той нь холбогдсон. Удирдлагыг нь дуудсан бөгөөд энэ талаар нь тайлбарлуулна” гэсэн юм. Мөн тус хорооноос өгсөн мэдээллээр эл барилгыг төрийн өмчөөс хувийнхад шилжүүлээд буй гэх. Уг нь энэ барилга ийм хашаатайгаар нэлээд хэдэн жилийг үдэж буй юм билээ. Хотын удирдлага сүүлийн жилүүдэд байгууллагуудын хашааг буулгаж байна хэмээн сүржнээр мэдээлж буй. Гэвч дээрх хашаа дарга нарын нүдэнд өртөөгүй үлдсэн нь хачирхалтай.
А.Дөлгөөн