Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах ажлын хэсгийнхэн гурван цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхнийх нь болох “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Үүний хүрээнд агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогоор авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн мэдэх эрхийг ханган, санал солилцож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн ойлголттой болох зорилготой. Мөн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгч, салбар хоорондын уялдаа хамаарлыг нэгтгэн, утааны асуудлыг зөвхөн нэг улирал яриад өнгөрөх бус, богино, дунд, урт хугацаанд стратегийн хувьд нэг долгионд авч үзэхэд чиглэснийг зохион байгуулагчид онцоллоо. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.
Д.Очирбат (ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга):
-Орчны эрүүл мэнд гэх ойлголтод уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдол, эрүүл мэндийн байгууллагын болон техникийн шалтгаантай хог хаягдал, ундны усны чанар, аюулгүй байдал, агаарын бохирдол зэргийг хамааруулан ойлгох ёстой.
Уушгины хатгаа өвчний 18, архаг бөглөрлийн 13.3, тархины судасны нарийслын 30.9, зүрхний шигдээсийн 31.45 хувь нь агаарын бохирдлоос үүсэлтэй гэх тоо баримт бий. Агаарын бохирдол, утааны асуудалтай холбоотойгоор амьсгал, зүрх, судасны өвчлөл ихэссээр байгаа юм. Гэхдээ үүнийг зөвхөн нэг хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх нь өрөөсгөл.
Өвчлөл, нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэгдүгээрт цусны даралт ихсэх өвчин эрэмбэлэгдэж байна. Хоёрдугаарт хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл бичигдэж буй. Тухайлбал, хэт таргалалт, хоол хүнсний чанар, аюулгүй байдал, шим тэжээлийн асуудал ч үүнд хамаарна. Мөн хэт таргалалтаас үүдсэн зүрх, судас, дотоод шүүрлийн өвчин гуравдугаарт, архинаас шалтгаалсан өвчлөл дөрөвдүгээрт бичигдэж буй. Харин тавдугаарт агаарын бохирдол орж байна.
Манай улс 2021 он хүртэл аргал, мод, түүхий нүүрс зэргийг түлшиндээ өргөнөөр ашигладаг байсан. Шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлсэн нь түүхэн шилжилт болсон гэж хэлнэ. Учир нь шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр дээрх өвчлөл гурван жилийн хугацаанд 2009-788 болж буурсан. Улмаар РМ10 тоосонцрын хэмжээ 2021-2022 он хүртэл багассан. Гэтэл 2022 оноос хойш угаарын хий, агаарын бохирдол ихэссэнээс үүдэн эдгээр үзүүлэлтүүд дагаад нэмэгдсэн. РМ2.5 нь утааны тортог, харин РМ10 нь энгийн хэрэглээнд гэрт ч байдаг тоосонцор юм. Эдгээр нь уушгины нарийн судлуудад очиж барьцалдаад, арилахгүй явсаар хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
Дотоод орчны РМ2.5 тоосонцрын агууламжийг 24 цагаар авч үзэхэд гэр хороололд 06.00 цагаас эхлэн эрчимтэй нэмэгдсээр, 09.00 цагийн үед нэг түвшинд хүрсэн. Харин 10.00-11.00 цаг орчимд хамгийн өндөр тоосжилттой, хоруу чанар өндөр. Үүнээс хойш буурсаар 17.00-20.00 цагийн орчимд эргээд нэмэгдэж байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр бид цаашид тоосонцрын хэмжээ нэмэгдэж буй цагуудад сургуулийн хүүхдүүд, гэр хорооллын иргэдээ хэрхэн хамгаалах талаар бодлого боловсруулах нэн шаардлагатай.
Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталснаар агаар, хөрс, орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх боломж бүрдэх юм. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн хороог шинээр байгуулан ажиллах гэж байна. Ингэснээр агаарын бохирдлоос үүдэн иргэдийн дунд ямар өвчин ихэссэн болон ирээдүйд үүсэх эрсдэлийн талаарх судалгаа хийх боломж бүрдэнэ. Уг нь энэ төрлийн судалгааг олон улсад тогтмол хийдэг. Гэтэл манай яаманд үүнд зориулсан төсөв байхгүй. Тиймээс төсвөө шийдчихээд олон улсын шинжээч нарыг урьж ажиллуулан тогтмол судалгаа хийх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх ёстой. Гэвч утаа эд, эрхтэнд хэрхэн нөлөөлж байгааг нь тогтоох лаборатори манайд байхгүй. Тиймээс биомониторингийн лабораторийг үндэсний хэмжээнд байгуулах нэн шаардлагатай. Ингэснээр бид шинжлэх ухааны үндэслэлтэй онош тавина.
Эрүүл мэндээ хамгаалах нь зөвхөн ЭМЯ, эсвэл эмч нарын үүрэг биш. Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэг, мэдээлэлтэй болгоё. Маск зүүх, гараа угаах зэрэг энгийн дадлыг хэвшүүлье. Гэр хорооллын жорлон, муу усны нүхийг халдваргүйжүүлж, орон сууцжуулах шаардлагатай байна. Наанадаж иргэд өөрсдөө муу усаа хашаанаасаа гаргаж асгахгүй, хог хаягдлаа зориулалтын газар булж устгая. Энэ нь хавар болоод дулаарахаар эргээд л өвчлөлийн нэг үүсвэр болдог. Үүнээс гадна УИХ болон Засгийн газрын түвшинд агаарын бохирдлыг бууруулах хууль, эрх зүйн зохицуулалттай болох ёстой. Эрүүл мэндийн салбарт утаа, агаарын бохирдолтой холбоотойгоор төсөв нэмэх шаардлагатай. Одоогоор нэг хүнд ногдох ДНБ 2.9 хувьтай байгаа. Дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлье гэвэл ядаж зургаан хувьд хүргэх хэрэгтэй.
Э.Баттулга (БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга):
-Улаанбаатар хотын агаарын чанарыг 10-4 дүгээр сарын дундаж агууламжаар нь сүүлийн долоон жилд харьцуулан гаргалаа. Ингэхэд тоос тоосонцор, хүхэрлэг хийн үзүүлэлт 2020-2024 онд буурах хандлагатай ч стандартаас давсан үзүүлэлттэй байна. Орон нутгийн агаарын чанарын хяналт, шинжилгээний дүнгээс харахад Алтай, Арвайхээр, Баянхонгор, Даланзадгадад хүхэрлэг хийн дундаж агууламж нэг шоо метрт 4-26 микрограммын хооронд хэлбэлзэж, хүлцэх хэмжээнээс 1.1-1.3 дахин их байгаа нь тогтоогдсон. Азотын давхар ислийн тухайд Орхон аймгийн жилийн дундаж агууламж нь нэг шоо метрт 10-103 микрограммын хооронд хэлбэлзэж, хүлцэх хэмжээнээс 1.3-2.5 дахин их байна. Харин Арвайхээрт 1.3, Багануурт 1.5 дахин ихэссэн бол бусад сум, суурин газарт агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс ихсээгүй.
Улсын хэмжээнд агаарын хяналт, шинжилгээг Орхон аймагт хоёр, Улаанбаатарт 19 цэгт зургаан үзүүлэлтээр автоматаар тасралтгүй хэмжиж буй. Харин аймгийн төвүүдэд нэг стандарт, арга зүйгээр механикаар хэмждэг. Зөвхөн хүхэрлэг хий болон азотын давхар ислийг л гэхэд дөрвөн цаг тутамд хэмжиж байна.
Яамнаас энэ онд олон улсын буцалтгүй тусламжаар 21 аймагт орчин үеийн агаарын чанарын автомат харуул шинээр суурилуулж байгаа. Ингэснээр үндэсний хэмжээнд агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмжиж, хянах, үнэлэх боломж бүрдэнэ. Нийслэлийн иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор агаарын чанарын шинжилгээг цаг тутам мэдээлж байна. Үүнээс гадна агаарын бохирдлыг загварчлалын аргаар урьдчилан тооцоолж 48 цагаар agaаr.mn цахим хуудсанд байршуулдаг. БОУАӨ-ийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны тушаалаар Агаарын чанар, техникийн шаардлага, стандарт болон агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан. Салбарын хэмжээнд бид 2025 онд “Стандарттай байгаль орчин” гэсэн уриан дор ажиллана.
ЦУОШГ-аас агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоон бүртгэл хөтлөх журмын дагуу тооллого хийдэг юм. Өнгөрсөн жилийн байдлаар улсын хэмжээнд нам даралтын зуух 4521 байгаагаас 1855 нь орон нутагт, эдгээрт нийт 109 921 тн нүүрс хэрэглэсэн байна. Харин нийслэлд 3412 зууханд 3482 тн нүүрс хэрэглэжээ.
Гэр хорооллын айл өрх талбайн, ДЦС болон усан халаалтын зуух цэгэн, авто тээврийн хэрэгсэл нь шугаман бохирдуулагчийн эх үүсвэр болдог. Эдгээрээс ДЦС нь түлшний хэрэглээтэй шууд хамааралтай. Үүгээрээ хамгийн их хувийг эзэлдэг ч станцын яндангийн түвшнээс хамаараад хүний амьсгалын түвшинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь харилцан адилгүй.
Д.Сүнжид (ХЭҮК-ын дарга):
-Үндсэн хуульд заасны дагуу бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Дэлхийн 170 улсад хуульдаа ийнхүү заасан байдаг. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн элементүүдийн нэгт цэвэр агаар багтана. Бид энэ чиглэлээрх нийт 10 орчим олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон. Байгаль орчны гүйцэтгэлийн индексээр 180 орноос 155 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин Ази, Номхон далайн бүсийн 25 орноос 19 дүгээрт эрэмбэлэгджээ. Ер нь хамгийн муу байна гэсэн үг. Гэтэл сүүлийн байруудад орсон улсын олонх нь дайн, хямралтай бүс нутгийнхан.
Бид үргэлж олон улсын индексийг харж, хүний эрхийн төлөв байдал ахисан, эсэхийг шалгадаг. Тиймээс үндэсний хэмжээний индекстэй болъё. Энэ саналаа бид Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн. Үүнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах үзүүлэлтийн нэгт орчны бохирдлын улмаас өвчилсөн болон нас барсан хүний тоо, ахуйн болон гамшгийн үзүүлэлтийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөв байдлын хэрэгжилтийг үнэлэхтэй холбоотойгоор оруулах саналаа дээрх байгууллагад хүргүүлсэн.
Бид үргэлж асуудал, менежмент, механизмыг зохицуулж байна гэдэг. Гэтэл үнэндээ иргэддээ ээлтэй байж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Хууль тогтоомж, үзэл баримтлалын төв рүүгээ хэт алсарсан байна. Тухайлбал, өвлийн улиралд уушги, зүрх, судасны өвчлөл 2-4 дахин ихэсдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болгож буй арван хүчин зүйлийн нэг нь утаа буюу агаарын бохирдол. UNICEF-ийн мэдээлснээр жилд 300 хүн утаанаас болж нас барж байна. Гэтэл бид өвөл хамгийн ихээр өвчилдөг байхад үүнтэй холбоотой хууль тогтоомж алга. Тиймээс хууль тогтоомжийн агуулгын зөрчил, давхардал зэрэгт эдгээрийг тусгах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн автомашин тодорхой хэмжээнд агаар бохирдуулж байгаа. Тэгвэл агаар болхидуулсан автомашинд ямар арга хэмжээ авах вэ гээд судлахаар Зөрчлийн тухай хуулиар торгохоор заажээ. Зүгээр л торгох заалт байгаагаас биш, үндсэн эх үүсвэрийг нь арилгах тухай хууль тогтоомж огт алга.
Тэгэхээр байгаль орчны салбарт мөрдөж буй 30 хууль, эрх зүйн 200 акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах шаардлагатай. Мөн агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах бодлогыг урт, дунд, богино хугацааны зорилтод нийцүүлэн боловсруулах ёстой. Агаар, орчны бохирдлыг бууруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг тооцоолж, хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлж, үр ашигтай зарцуулах хэрэгтэй гэв.
Өчигдөр 18.00 цагийн байдлаар хэлэлцүүлэг үргэлжилж байлаа.
У.Цэцэг