УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын дөрвөн багц болон бусад ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт, импортын банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн талаараа мэдээлэв.
Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос хэрэгжүүлж буй. УИХ-аас төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай нэг тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онд баталсан байдаг. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх дөрвөн багц ажлыг хийхээр төлөвлөж, төсөвт өртөг нь ч нэмэгдэх талаар тухайн үед мэдэгдэж байв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард хуралдаж, төслийн нийт өртгийг нэг тэрбум 698 сая ам.доллар буюу 462.2 сая ам.доллароор нэмж баталгаажуулжээ. Үүний дагуу Засгийн газраас шаардлагатай нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр хэлэлцээр хийгээд байгааг гишүүд хэлсэн юм. Харин Энэтхэгийн талаас 2019 онд хийсэн зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулах хэлэлцээрийн дүнг нэгтгэсэн гэв. Нийт 700 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулахаар хэлэлцээрийн төсөлд тусгаад байгаа аж. Шинээр байгуулах зээлийн хэлэлцээрийн төсөлд хөрөнгө оруулагч талаас нэмэлт санхүүжилт дахиад шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос татан авна гэх зэрэг нөхцөл тавьжээ. Ташрамд дурдахад, зээлийн хэлэлцээрийн төсөлд талууд гарын үсэг зурвал манай улс 2040 он гэхэд 700 сая ам.долларыг төлж барагдуулах үүрэг хүлээх юм.
Тэгвэл АН-ын бүлэг Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Танилцуулгыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон холбогдох албаныхан хийж, гишүүдийн асуултад хариуллаа.
М.Гэгээ