Монгол Улсын Үндэсний Номын сангийн шинэ байр Салбар номын санд ирж үйлчлүүлж буй уншигчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Шинэ байрны үйл ажиллагаа эхэлснээс хойших 10 хоногийн хугацаанд 1000 гаруй хүн шинээр уншигчийн үнэмлэх нээлгэжээ. Үүний дийлэнхийг ЕБС-ийн сурагчид эзэлж байгаа билээ. Улмаар төв байрандаа 16-аас дээш насны иргэдэд үйлчилдэг байсан бол шинэ байрны үйл ажиллагаа насны хязгааргүй болсон юм.
Үндэсний номын сангийн шинэ барилга өнгөрөгч сард ашиглалтад орж, хуучин барилгыг Баримтат өвийн судалгаа, Монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн зориулалтаар ашиглана. Үндэсний номын сан 1951 онд 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо долоо дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан юм. Үндэсний номын сангийн хуучин байр нь барилга архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог төдийгүй Үндэсний номын санд зориулан бүтээн босгосон түүхэн барилга тул түүнд хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах нэгэн цогц соёлын байгууламж болно.