Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар энэ сарын 15-19-нд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хийх гэж буй айлчлал юм. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд мэдээлэл өгөх юм байна. Айлчлалын үеэр талууд Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай, Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Ч.Болор