Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв таван жилийн ойгоо угтан шинэ брэнд бүтээжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш 1000 гаруй гишүүнтэй болж, 680 орчим иргэнийг гар урлал, эсгий урлал, арьсан урлал зэрэг сургалтад хамруулжээ. Таван жилийн ойгоо угтаж тус төвийн хамт олон “Монт” брэндийг бүтээж, хүүхдийн нумтай улавч, эсгий бойтог, олбог зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд зориулан 30 гишүүнтэйгээр анх нээгдэж байсан энэ төв өдгөө дэргэдээ хүүхэд харах үйлчилгээтэй болж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүний зэрэгцээ тэд сургалтын төрлөө нэмж ноос ноолуурын чиглэлд, мөн сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах сургалт ч зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Таван жилийн өмнө тэрбээр тус төвийг санаачлан байгуулж байсан юм.
2022-11-11