Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өчигдөр “Улаанбаатар хотын агаарын чанар өнгөрсөн жилийнхээс сайжирсан” хэмээн мэдээлэв. Түүнийг ийнхүү мэдээлж байхад Улаанбаатар хот утаагаараа дэлхийд гуравт жагсаж байлаа. Тодруулбал, олон улсын агаарын бохирдлын үзүүлэлтийг тогтмол танилцуулдаг iqair.com цахим хуудсанд мэдээлснээр өчигдөр 10.00 цагийн үед манай нийслэл бохирдол ихтэй хотуудын жагсаалтын гуравдугаарт бичигдсэнюм. Уг үзүүлэлтээрээ Улаанбаатар 90 орчим хотыг ардаа орхисон байв. Дээрх цахим хуудсанд мэдээлснээр бол тухайн үед манай нийслэлд нарийн ширхэгт буюу PM2.5 тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаас 24.4 дахин их байсан. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээ юм. Үүнтэй холбоотойгоор иргэд амны хаалт зүүх, бохир агаар орохоос сэргийлэхийн тулд цонхоо хаах, гадаах орчинд дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх зэрэг зөвлөмжийг дээрх цахим хуудсанд байршуулжээ.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногийн буюу энэ сарын 7-13-ны агаарын чанарын хяналт шинжилгээний дүнг өчигдөр танилцуулсан. Тус байгууллагын мэдээллээс үзвэл нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл гэсэн агаар бохирдуулагч гол элементийн үзүүлэлт бүгд хүлцэх хэмжээнээс давсан байв. Тухайлбал, хүхэрлэг хий Зурагт орчимд стандартаас 5.4, азотын давхар исэл I хороололд 1.8 дахин их байжээ. Мөн PM10 тоосонцор Баянхошуу орчимд 2.5, PM2.5 нь Хайлаастад хүлцэх хэмжээнээс 3.2 дахин их дэгджээ.
Бэлтгэсэн М.Оч