Хойд хөршөөс ирсэн залуу гудамжинд төөрчээ. Баруун дөрвөн замаас “Сансар” очих ёстой гэнэ. Замын түгжрэл эцэстээ тулсан байсан тул түүнд явганаар Зүүн дөрвөн замын автобусны буудал хүртэл яваад, хойшоо зам хөндлөн гарч, амьдарч буй байрлуугаа дөхөхийг заасан юм л даа. Тэгэхэд тэрбээр “Миний буух буудал XIII хороолол гэдэг нэртэй юм байна, тийм үү. Тэнд хаягийг биччихсэн байгаа юу” гэж асуув. Тэгэхэд нь “Үгүй” гэлээ. Залуу “Тэгвэл бас адилхан хаяг, бичиг байхгүй юм бол Бөхийн өргөөний буудал гэдгийг би яаж мэдэх вэ” гэж байна. Сууснаас хойш хэд дэх буудал гэдгийг нь хэлж өгсөн бөгөөд болохоо байвал автобусан дахь хүмүүсээс асуухыг зөвлөлөө.
Тэгэхэд тэрбээр “Би хурдан ойлгуулж чадахгүй байх аа даа” гэснээ “Танай хотод автобусны буудлуудынхаа нэрийг яагаад бичдэггүй юм бэ” гэж байна шүү. Тусгаар улсын нийслэл Улаанбаатарт ойлгомжтой зүйл ховор, харин хог, утаа тортог, машины үл тасрах дохио, халтирч унахгүйн төлөө мярааж, гэтэх хүмүүс л элбэг юм даа.
Жилээс жилд, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлийн байдал оршин суугчдын ая тухтай амьдрах орчин, нөхцөл болж чаддаггүй хэвээр. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны, явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий, нийтийн бие засах газрын төлөвлөлт, байгуулалтад тавигдах техникийн гэхчлэн 38 стандартын баримт бичиг боловсруулан, хотын удирдах дээд байгууллагаар батлуулсан байдаг. Тэдгээрийн хэрэгжилтийг хянадаг ч байх. Эдүгээ барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн хаягийн бичвэр, тэмдэгт тавигдах шаардлага, байрлуулах, суурилуулах удирдамж, мөн гудамжны нэрийн тэмдэг байрлуулах, суурилуулах удирдамж гэсэн хоёр стандарт боловсруулж буй бөгөөд үүнд иргэдийн саналыг авч эхэлсэн юм билээ. Энэ хоёрыг батлуулбал Улаанбаатар хот стандартын 40 баримт бичигтэй болно. Эдгээр нь мэдээж нэн шаардлагатай бөгөөд хэрэгжүүлэх, хянах ч ёстой. Тэгж гэмээнэ орчны аюулгүй байдлыг сайжруулах бөлгөө.
Орчны стандартын сацуу улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатарт нийслэлийн оршин суугч иргэний дүрэмгэдэг ч юм уу, бас нэгэн баримт бичиг хэрэгтэй болсон мэт. Үндсэндээ хотод иргэн хэрхэн амьдрах тухай “хууль” юм даа. Ингэж хэлэхэд зарим хүн эгдүүцэх байх. Яагаад гэвэл хотод яаж амьдрахаа бусдаар заалгахгүй, соёлтой, боловсролтой нь олон. Гэхдээ жигнэж үзвэл хотод хэрхэн зүй зохистой амьдрах тухайгаа мэддэггүй хүмүүс жин илүү дардгаас бухимдал, стресс тасардаггүй хэмээн санана.
Гудамжинд тамхи татах сөрөг үр дагавар нэмэгдсэнийг эс тооцвол албан байгууллага, ер хаа таасан газраа баагиулахаа больсон нь энэ талд зохицуулалт хэрэгтэй байсныг гэрчилдэг. Нийслэлд бие засах газрыг үнэ төлбөргүй болгосон. Ингэснээр гудамжинд ил задгай бие засдаг хүний тоо цөөрсөн санагддаг. Эдгээрийг дэвшил гэнэ.
Энэ хоёр жишээ шиг үр дүн гарахуйцаар хотын иргэд хэрхэн амьдрахыг стандартчилах нь нөхцөл байдлыг сайжруулна уу гэхээс муудуулахгүй нь практикт нотлогдож байгаа юм. Социализмын үед хотын иргэний стандарт байв. Олон нийтийн газарт биеэ зөв авч явах тухай санамжийг үзвэр үйлчилгээний ямар ч газраас харж болдог байлаа. Харин өдгөө тийм сануулга, шаардлага, стандарт үгүйгээс хотод дуртай газраа “морь харж”, нус цэрээ хаяж, хэдэн цагт яаж ч хашхирч болж байна. Тэр ч бүү хэл, өндөр дуутай мотоциклоор уралдах мэт хурдалж, чарлуулдаг. Байрных нь гадаа, цонхны доор үүрийн таван жингээр согтуу хүмүүс зогсоо зайгүй ярьж, заримдаа хашхирч, бүр зодолдоход арга ядсандаа цагдаагийн байгууллагаруу утас цохиж, мэдээлэн, арга хэмжээ авч өгөхийг хүсэж байлаа. Тэгэхэд “Таны мэдээллийн дагуу тухайн газарт очиж шалгахад гэмт хэргийн шинж илрээгүйг мэдэгдье” гэж хариулсан. Ингэж хотын оршин суугчид унтах нойроо хасуулж, уур уцаартаа бачуурч байдаг нь манай л нийслэл гэлтэй. Зүй нь нийслэл хэмээх том айл хотын иргэдийн тав тухтай амьдралыг хангах бодлогын хүрээнд хот судлаачдын үгийг сонсож, хэлэлцэн, шийдвэр гаргахдаа ухаалгаар тусгаж баймаар.
Хот гэдэг нь хязгаарлагдмал орон зайд байр байраа олж амьдрах олон хүний хөлийн газар. Тиймээс тэдний хоорондын харилцаа хамгаас чухал. Хотод хүмүүс нэг гудамжаар хамт явж, нийтийн унаанд цуг сууж, эсвэл хувь, хувийн хаа тэргээр нэгэн замаар явцгаадаг. Ингэж амьдрахад иргэдийн харилцан үйлчлэл болон бусдын санаа бодол, үйл хөдлөл, өөрийгөө илэрхийлж буй хэлбэр, амьдралын хэв маягийг нийтчээр хүлээж авах, эсэхээс орчин тойрондоо ямар уур амьсгал бүрдүүлэх нь хамаардаг юм. “Хот бол нийгмийн зөвшилцөлд тулгуурлан оршдог, үгүй сэн бол үхлийн машин байх байсан” гэж хэлсэн судлаач ч бий. Хот нь иргэдийнхээ эмх замбараатай амьдралын дүнд цэцэглэн хөгжиж байдаг. Эсрэгээрээ хаана замбараагүй байдал байна, тэнд эрсдэл нүүрлэдэг. Цахилгаан, холбоо, ус хангамж, муу усны суваг, нийтийн унаа, хүнс тээвэрлэлт гээд бүхий л цэгт минутын дотор тамын тогоо үүсэж болох бөгөөд нөхцөл байдлыг иймд хүргэхгүйн тулд иргэд хотод амьдрах стандартыг мөрдөж, хэвшүүлэх үүрэг хүлээдэг ажээ.
Орчин үед хотууд ажилчдын суурин байхаа больсон. Оффисын ажилтнуудын, мөн ядуучуудын, бас алсын зайнаас ажилладаг, ажлын цагийн тодорхой хуваарьгүй мэт хүмүүсийн хот болон хувирсаар байгааг судлаачид тэмдэглэсээр. Энэ хэрээр хотын амьсгал давчдах болсон бөгөөд тэгэх тусам иргэд стандарт мөрдөж амьдрах шаардлагатай болж буй аж. Мөн гэрлэх нь багасаж, хувийн өмчөөс татгалзан, нүүдлийн байдалтай амьдрах нь төвөг багатай гэж үзэх хүн олширсон нь ч хот гэж чухам юу вэ гэдгийг шинээр тодорхойлоход ч хүргэх талтай гэнэ. Хувийн өмч гэх юмгүй хүмүүсийн харилцан үйлчлэл юунд хүргэж болох вэ ч гэж олон улсад ярилцаж эхэлжээ.
Цаг үе ийм болж буй өнөө үед манай улсын нийслэлд монголчууд өөр хоорондоо учиртай харилцахын зэрэгцээ гадаадын иргэдтэй сайтар ойлголцож, хэн хэндээ төвөг учруулахгүй амьдрах шинэ хэв маягт шилжих шаардлага тулгамдаж байна.
Ийм цаг үе, нөхцөл байдалд буй бид гадаадын өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс урьдын адил суралцсаар байх нь хэтийн явдалд тустай буюу. Швейцарт гэхэд хотод амьдрах стандарт бий. Шөнө бүх хүн унтаж амрах ёстой тул 22.00 цагаас хойш дуу чимээ гаргаж болохгүй, тэр ч бүү хэл хоол үнэртүүлж болохгүй. Нохойнууд ер хуцахгүй. Мөн эрүүл аж төрөхийн тулд шүдээ байнга эрүүл байлгах ёстой бөгөөд үүнийг иргэддээ үүрэг болгодог байна. Энэ ч гэсэн стандарт.
Энэ мэтчилэн дурдах аваас жишээ олон. Юутай ч манай улсад, нийслэлд хотын иргэдэд хэрхэн амьдрахыг нь зааж өгөх зохицуулалт, стандарт үгүйлэгдэж байх шиг. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр, ардчилсан нийгэмд дур зоргоор амьдарч болоод байна, юу зааж, зааварчлах гээд байгаа юм гэх хүн гарахл байх. Хотын иргэд хэрхэн зүй зохистой, бие биедээ саад болохгүйгээр аж төрөх тухай ойлголтыг иргэддээ хэдэн зууны өмнөөс суулгасан улс бол Герман билээ. Тухайлбал, Берлиний гудамжинд тамхи татаад ишийг нь хаяад үзээрэй. Халаасыг тань хоосортол торгоно. Мөнгө байхгүй бол шууд ачаад явна. Хууль, дүрэм журам, стандарт ийм яв цав тул иргэд түүнд захирагдангаа олны дунд болон гэртээ ч биеэ тун сайн авч явдаг бөлгөө.