Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнууд өчигдөр жагсаал зохион байгуулав. Тэд байгууллагынхаа газраас “Амин-Эрдэнэ” компанид алдахад хүрсэн, уг асуудлаар тухайн аж ахуйн нэгжийнхэнтэй учирлаж ярилцаад амжилт олоогүй тул арга буюу олон нийтэд хандахад хүрсэн нь энэ аж. Тус эмнэлгийн амбулаторийн зүүн урд талд хувийн хэвшлийн “Амин-Эрдэнэ” эмнэлэг олон жил үйл ажиллагаа явуулж буй билээ. Эднийх 2020 оноос шинэ барилга барьж эхэлсэн бөгөөд түүнийгээ эмнэлгийнхээ байртай “наах” шахжээ. Уг шинэ барилга нь орон сууц гэдэг нь өдгөө тодорхой болсон аж. “Амин-Эрдэнэ” компанийнхан тэрхүү орон сууцынхаа гараашийн орц, гарцыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдлийн, кадастраар баталгаажсан газарт нь хийхээр төлөвлөсөн гэнэ. Эл төлөвлөгөө ёсоор гарааш баривал амбулаториор өдөр тутам үйлчлүүдэг 3000 орчим иргэний аюулгүй, эрсдэлгүй орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх ноцтой зөрчигдөхөд хүрч буй тухай эмч, ажилтнууд мэдээллээ. Мөн төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах нь. “Тухайн компанийн увайгүй үйлдэл нь улсын эмнэлгийн газраас бүдүүлгээр дээрэмдсэн хэрэг” гэж эмнэлгийн удирдлага, ажилтнууд хэлэв. “АминЭрдэнэ” компанийнхан барилга барих жил гаруйн хугацаандаа том оврын машин, бусад тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн хашаанд байршуулж, өдөр, шөнийг ялгалгүй дуу чимээ гаргаж байжээ. Мөн иргэд зорчих хэсэгт ямар ч хамгаалалтгүйгээр өргөгч цам хаг ажиллуулах зэрэг зөрчил ч гаргасан гэнэ. Тэр бүхнийг тэсвэрлэж, хүлээцтэй хандаж байсан эмнэлгийнхэн харин газарлуу нь улайм цайм дайрахыг бол зөвшөөрөхгүй хэмээж байлаа.
Бэлтгэсэн Р.Жаргал