Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нар өнөөдөр Хан-Уул дүүргийн 8-р хороо буюу Яармаг орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлал, спортын цогцолбор байгуулах төслүүдэд төр, хувийн хэвшил хамтран ажиллахаар тус санамж бичгийг байгуулсан юм. Энэ хүрээнд талууд нийтийн эдэлбэр 5 га газар олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал, спортын цогцолбор бүтээн байгуулах хоёр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.