Улсын хэмжээнд өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 413 900 тонн үр тариа хураан авсныг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Энэ нь 2021 оныхоос 152 400 тонноор буюу 26.9 хувиар багассан дүн аж. 413 900 тонн үр тарианы 90 орчим хувь буюу 372 000 нь улаан буудай бол үлдсэн нь арвай, хөх тариа, овьёос зэрэг багтсан гэнэ. Манай улс 2021 онд 566.4 мянган тонн үр тариа хураан авснаас 510 000 орчим нь улаан буудай байсныг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, улаан буудайн ургац өнгөрсөн оныхоос 138 000 орчим тонноор багассан байна. Улаан буудайн ургацын хэмжээ буурсан шалтгаан, хүн амын гурилын хэрэгцээг бүрэн хангах, ирэх хаврын үрийн нөөцийг бүрдүүлж чадах, эсэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхнаас тодрууллаа. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “2021 онд байгаль, цаг уурын таатай нөхцөл бүрдэн, иргэд, аж ахуйн нэгжүүд ч үр тариаг олон жилийн дунджаас ахиу тариалсны үр дүнд сүүлийн 30 жилийн хамгийн өндөр ургац авсан. Энэ оны хувьд тариалсан талбайн хэмжээ өнгөрсөн жилийнхээс бага байснаас ургац буурлаа. Мөн цаг агаарын хувьд ч төдийлөн таатай байсангүй. Тиймээс үр тарианы хэмжээ багассан гэж ойлгож болно. Гэхдээ хүн амын гурилын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ үрийн нөөц бүрдүүлэхэд хангалттай ургац хураасан. Улаан буудайн чанарын хувьд янз бүр. Гурилын үйлдвэрүүд одоогоор 160 000, Хөдөө аж ахуйг дэмжих санд 26 000 орчим тонныг худалдан аваад байна” гэлээ. Улаан буудай, төмс, хүнсний ногоо хадгалах зоорийн багтаамжийг нэмэгдүүлсэн, эсэх талаар тэрбээр “Улсын хэмжээнд 186 000 тоннын багтаамж бүхий элеватор бий. Үүнд хадгалахын сацуу гурил үйлдвэрлэх учраас асуудал тулгарахгүй болов уу. Төмс, хүнсний ногооны зоорийн багтаамжийг 2021 оныхоос 5000 орчим тонноор нэмж 254 000-д хүргэсэн” гэлээ.
Харин төмс 211 200, хүнсний ногоо 139 800 тонныг хураан авчээ. Таримал тэжээл 153 300, тосны ургамал 46 700, хадлан болон гар тэжээл 890 000 орчим тонныг бэлтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс төмс 18.7, хүнсний ногоо 22.2, тосны ургамлын хэмжээ 17 хувиар өссөн дүн болов. Хадлан болон гар тэжээлийн хэмжээ дунджаар 32 хувиар багасжээ. Ингэснээр төмсөө 100, хүнсний ногооныхоо 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн гэнэ. Үүнээс гадна манай улс хүнсний импортын хамаарлыг бууруулж, эрүүл, экологийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өсгөх, улмаар хүнс экспортлогч болох зорилт тавьсан. Үүний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” аян өрнүүлж, нарийн болон хүнсний ногоо, ургамлын тос, давс, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн зэрэг 19 нэр, төрлийн хүнсийг Монголд бүрэн үйлдвэрлэх санаачилга Ерөнхийлөгч гаргаад буй. Гэтэл хураасан үр тарианы хэмжээ дээр дурдсанчлан 27 орчим хувиар багаслаа. Энэ нь улаан буудайн үнэ хямдавтар, борлуулах зах зээл багатай холбоотой гэх аж ахуйн нэгжүүд байгаа юм. Мөн жил бүр ОХУ-аас үрийн будаа импортлон дотоодын компаниудын бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлдэг, 2021 оны ургацаас 60 000 орчим тонн улаан буудай борлуулж чадаагүйг хэлэх тариаланч ч бий. Тэгвэл салбарын яамнаас хүн амын гурилын хэрэгцээ жилд 230 000 орчим тонн байдаг бөгөөд үүнд 300 000 тонн улаан буудай шаардлагатай гэдэг. Улмаар гурил экспортлох боломж бүрдүүлбэл тариаланчдад төдийгүй улсын эдийн засагт өгөөжтэй талаар өгүүлдэг билээ. Тэгэхээр үр тариа, эсвэл түүгээр хийсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортолж эхэлбэл хаана хаанаа ашигтай байх болов уу. Ташрамд дурдахад, улаан буудайг тонныг нь 900 000 орчим төгрөгөөр үнэлэн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд худалдан авч буй аж. Түүнчлэн будааны цавуулаг, чанараас шалтгаалж тонн тутамд нь 60 000-100 000 төгрөгийн урамшуулал төрөөс олгох аж.