Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар галаас дөрвөн хүүхдийн амь аварлаа. Тэд энэ сарын 14-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа айлын тооноор гал дүрэлзэн асаж байхыг харжээ. Улмаар тухайн айлыг хашааг даван орж, галыг унтраан, дөрвөн хүүхдийг аварсан аж. Гал гарах үед 2-12 насны дөрвөн хүүхэд тухайн гэрт байсан гэнэ. М.Хулан эмчээс энэ талаар тодруулахад “Тухайн өдрийн 22.00 цагийн орчимд дуудлагад явж байхдаа гэр шатаж байхыг хараад манай жолооч Э.Бямба-Эрдэнэ хашаа давж орон, галыг шуурхай унтраасан. Бид ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байсан юм. Айлын гэр тоононоосоо эхлэн шатаж, дээврийн хэсэг рүү нь гал орж байсан. Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь бид яаралтай тусламж үзүүлсэн. Хүүхдүүд нэлээд даарсан, айж сандарсан байсан тул машиндаа суулгаж, галыг унтраасны дараа хажуугийнх нь айлд хүлээлгэн өгөөд, дараагийн дуудлагадаа явсан. Хүүхдүүдийн бие сайн байгаа” хэмээлээ.
Ташрамд дурдахад, өмнө нь 2019 онд нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь аварч байсан билээ. Уг үйл явдал Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд болсон бөгөөд 2-13 насны таван хүүхэд, насанд хүрсэн хоёр иргэнийг тэд галаас аварч байв.
Бэлтгэсэн М.Оч