Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд энэ онд 18 625 барилга байгууламж бүртгэлтэй байна. Эдгээрийн дотор үндсэн хийц, бүтээц нь ослын байдалтай, норм, нормативын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга цөөнгүй бий гэнэ. Ялангуяа 1970 оноос өмнө барьсан, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон орон сууцын 344 барилга байгаа аж. Тэдгээрийг ашиглахыг хориглох шийдвэрийг холбогдох байгууллагуудаас гаргасан ч иргэд өдий хүртэл оршин суусаар буй юм байна. Манай улсад Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрмийг 2002 онд шинэчилсэн. Түүнээс хойш барилгуудыг уг норм, дүрэмд нийцүүлэн барьж буй. Харин дээрх хугацаанаас өмнө барьсан орон сууцын 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 524, нийт 1844 барилга нийслэлд бий гэнэ. Эдгээрээс 898 буюу 48 хувьд нь үзлэг, шалгалт хийж, дүгнэлт гарган, паспортжуулжээ. Үлдсэн хувьд нь нэн даруй газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах, үүнд шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах хэрэгтэйг нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж онцоллоо. Ташрамд дурдахад, нийслэл орчимд 2018 онд газар 829 удаа хөдөлжээ. Харин өнгөрсөн онд энэ тоо 1123 болж нэмэгдсэн байна. Түүнчлэн энэ он гарснаас хойш есдүгээр сар дуусталх хугацаанд газар 813 удаа хөдөлсний дотор 3.5 магнитудаас дээш хүчтэй нь дөрвөн удаа бүртгэгджээ.