Баянгол дүүргийн есдүгээр хороо буюу “И-март” сүлжээ дэлгүүрийн урд талын гурван давхар, жижигдүү барилгын гадна уржигдрын 06.40 цагийн үед 20 орчим залуу цугласан байв. Олонх нь дулаан хувцаслаж, цүнх үүрсэн бөгөөд ирсэн цагаараа дараалан зогсоод, оффис нээхийг хүлээв. Тэд бол “өдрийн ажлын” зууч “Самушил”-аас ажилд гарахаар ирсэн улс. Тэдний нэг О.Гансүх “Би Дундговийнх. Гэр хөдөө бий. Өөрөө Улаанбаатарт нийтийн байранд амьдарч, “өдрийн ажил” хийсээр нэг жил орчим боллоо. Орон нутагруугаа явах ажил мундахгүй, ар гэрээ эргэж тойрдог учраас тогтмол хийх ажилд орж чадахгүй явна. “Самушил”-аас эрчүүд барилгын туслах, эмэгтэйчүүд цэвэрлэгээний ажил хийхээр явдаг. Ажлаа л хийчихвэл цалин авах нь баталгаатай” гэсэн юм.
Баянгол дүүргийн иргэн С.Тамир “Би ээлжийн ажилтай. 24 цаг ажиллаад 72 цаг амардаг. Ээлжгүй үедээ долоо хоногт 2-3 удаа өдрийн ажил хийдэг. Барилгын туслахын өдрийн цалин өнгөрсөн хавраас нэмэгдэн өдгөө 65 000 төгрөгт хүрсэн. Цалингаас гадна ийм нэмэлт орлого олж буй учраас хашаандаа байшин барьж эхэлсэн” хэмээн урам зоригтой өгүүлэв. Бид ийн ярилцсаар 07.10 цаг болох үед менежер бүсгүй ирж, оффисоо онгойлгов. “Самушил” нь дээр дурдсан барилгын гурван давхарт байрладаг. Ширээ, сандал, ус буцалгагч сэлтийг тавьсан, жижгэвтэр, цэмцгэр тасалгаа аж. Залуус сууцгаан ямар ажил санал болгохыг сонсоно. “Нисэхэд гурав байна, өчигдрийнхөөр нь бичих үү. Хужирбуланд нэг, хэн гарах вэ” хэмээн менежер лавлахад залуус нэрээ бичүүлж, ажил хийхээр болсон нь албан хуудас бөглөн, гарын үсэг зурж байв. Төд удалгүй “Эмэгтэй хүн байгаа юм уу” хэмээн менежер хараад “Алтай” хотхонд хоёр эмэгтэй, хүлэмж цэвэрлэх ажил хийх үү. 09.00-19.00 цагт ажиллана. Өдрийн хөлс 45 000 төгрөг” гэлээ.
“Самушил” нь нийслэлд долоон салбартай, “өдрийн ажлын” зуучийн байгууллага аж. Бид цаашаа Сонгинохайрханд байрлалтай салбар луу нь явлаа. “Монгол хьюндай” компанийн нэгдүгээр давхар дахь “өдрийн ажлын” биржрүү 08.20 цагт очиход оффис дотор болон гадна нийт 16 эрэгтэй байлаа. Эл оффис Баянгол дүүргийнхээс арай том, саруулхан юм. Тус оффисын менежер Б.Баасанхүүгээс ажлын эрэлт, ажилд авах хүсэлт хэр олон байгааг сонирхлоо. Тэрбээр “Хүйтэрч эхэлж байгаа болохоор барилга, зам засварын ажлын туслах хийлгэх захиалга багассан. Өнөөдөр гэхэд (уржигдар) барилгын туслахын ажлын байрны зургаан захиалга ирүүлсэнд эрт ирсэн хүмүүс нь гарсан. 10.00 цаг хүртэл захиалга ирүүлэх учраас энд хүлээж буй 10 гаруй хүнээ ажилд явуулахыг бодно доо” хэмээв. Зуучлуулж очсон хүмүүс нь ажилдаа тэнцэхгүй, мөн цалингаа авч чадахгүй байх тохиолдол гардаг, эсэх талаар лавлахад тэрбээр “Манай байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдаад цөөнгүй жил болж, үйл ажиллагаа маань жигдэрсэн учраас харилцагч олон. Тиймээс ч иргэдийн цалин хөлсийг найдвартай авч, өгдөг. Бүх хүн дансаа бичиж үлдээдэг бөгөөд орой ажил тармагц мөнгийг нь шилжүүлдэг. Харин зарим иргэн эндээс зуучилсан ажилруугаа явахдаа архи дарс уусан тохиолдол гарсан. Тэднийг ажил олгогчид нь ажиллуулаагүй. Барилга, зам, гүүрийн ажил эрсдэлтэй. Тиймээс биеийн эрүүл мэнд болон согтууруулах ундаа хэрэглэсэн, эсэхийг нь шалган, хөдөлмөр хамгааллын зөвлөгөө өгч ажиллуулдаг” гэсэн юм.
“Самушил”-ын “өдрийн ажлын” хөлс өдгөө эрэгтэй хүн 65 000, эмэгтэй нь 45 000-50 000 төгрөг байгаа аж. Эрчүүд барилга барьж буй компанид очин бүх төрлийн ажлыг хийхэд оролцон, тусалдаг юм байна. Харин эмэгтэйчүүд өдрөөр ажиллахаар ирэх нь цөөн гэсэн. Барилга угсралт, засварын ажил ерөнхийдөө зогсож, дотоод заслын ажил эхэлмэгц цэвэрлэгээ хийх хүн авахаар компаниуд “өдрийн ажлын” биржид ханддаг ч эмэгтэйчүүд олддоггүй юм байна. Энд дурдаж буй Сонгино хайрхан дүүргийн “Самушил”-аас ажил олохоор ирсэн 60 орчим насны нэгэн “Өчигдөр09.30 цагт ирээд ажил олоогүй буцсан. Өнөөдөр ч ажлын захиалга цөөн байх шиг. Би тэтгэвэрт гарсан учраас ажил олдох нь ховор. Ээлжээр ажилладаг жижүүр хийж болох ч цалин бага. 24 цаг нойргүй ажиллаад 40 000-50 000 төгрөгийн цалин авах хэрэг алга. Тиймээс өдөрт 8-10 цаг ажиллаад 65 000 төгрөг авахаар “өдрийн ажилд” гардаг юм. Одоо ажил багасдаг үе, ирэх гуравдугаар сараас гайгүй болох байх” гэж ярилаа.
ХНХЯ-ны зөвшөөрөлтэй “өдрийн ажлын” биржид хандахгүйгээр иргэд өөрсдөө цалин хөлсөө тохиролцон, бидний нэрлэж заншсанаар “Гурвал жингийн гүүр”, “100 айл”-аас ажил олсонхэвээр байна. Ийм ажлын дийлэнх нь барилгын туслах бөгөөд засал чимэглэлийн ажлын хөлс хамгийн өндөр буюу юу хийхээс шалтгаалан өдөрт 100 000 төгрөг олдог аж. Түүнчлэн сүлжээ дэлгүүрүүд, зочид буудал, зоогийн газрууд оюутан залуусыг цагийн ажил хийлгэх нь элбэг болжээ. Үүнтэй холбоотойгоор цагийн ажилд зуучлах эрхийг хэрхэн авдаг, ажлын хөлсийг яаж тогтоодог талаар ХНХЯ-наас тодрууллаа. Тус яамны зөвшөөрөлтэйгөөр цаг, “өдрийн ажилд” зуучилдаг байгууллага олон бий гэнэ. Иргэд, компани сонирхвол зуучийн ажил эрхлэх зөвшөөрлийг дээрх яамнаас авч болох юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу тухайн зуучлагч байгууллага нь ХНХЯ-ны нэгдсэн сүлжээнд бүртгүүлсэн ажилчдын мэдээлэлд үндэслэн зуучилж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тог тоосон тарифаар санхүүжилт авч болдог аж. Харин ажилд зуучлуулсан иргэнээс шууд, шууд бусаар үйлчилгээний төлбөр, шимтгэл авахыг хориглодог юм байна. Цагийн ажлын хөлсийг хэрхэн тогтоодог талаар тус яамны Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтсийн дарга Д.Билгүүдэй “Нэг цагийн үнэлгээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохицуулагддаг бөгөөд цагийн ажилтны цалин байнгын ажилтнуудынхаас дутахгүй байхаар заасан. Мөн тухайн компани, байгууллага хөлсөө санал болгосноор зуучийн байгууллага иргэнд дамжуулан ол годог. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг өсгөх зорилгоор 100-гаас дээш орон тоотой компани ажилчдынхаа таван хувьтай тэнцэх хэмжээний цагийн ажлын байр гаргах үүрэг хүлээдэг. Үүний хүрээнд энэ оны эхний 10 сард 4896 иргэн цагийн ажилд зуучлуулжээ. Иргэд, оюутан залуус аймаг, дүүргийн хөдөлмөрийн байгууллага болон хувийн биржүүдээр дамжуулан цагийн, “өдрийн ажилд” зуучлуулах бүрэн боломжтой. Бид иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бэлэн байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр зөвхөн цаг, “өдрийн ажил” хийх боломж, сонирхолтой хүмүүсийн мэдээллийг нь нэгтгэн, ийм ажлын саналууд илгээнэ гэсэн үг” гэлээ. Эндээс харахад, Улаанбаатарт мэргэжил, боловсрол шаардахгүйгээр барилгын туслахаар найман цаг ажиллахад эрэгтэй хүн 65 000 төгрөгийн цалин авч байна. Энэ нь нэг цагт 8130 орчим төгрөг буюу одоогийн ханшаар 2.3 ам.доллар юм. Харин эмэгтэй нь найман цаг ажиллаад 45 000 төгрөг буюу цагт 1.6 “ногоон”-ы хөлс авах нь.