Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ. Амьдран буй орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эдгээр стандартыг тогтоох, мөрдөх нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болгоно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд тэгвэл нэгдсэн стандартыг батлан хэрэгжүүлж эхлээд буйг онцолж байна.
ХҮЛЭЭГДЭЖ БАЙСАН ШИНЭ, ЦОГЦ СТАНДАРТ
Монгол Улсын хэмжээнд 6500 орчим стандарт байдгаас 700 гаруйг нь Улаанбаатар хотын хэмжээнд мөрдөж байжээ. Гэхдээ стандартын удирдамж, арга зүйн бичиг баримт байгаагүй зэргээс үүдэн бэрхшээл, сорилт ч цөөнгүй тулгарч байв. Харин “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуульд үндэслэн Хотын стандартыг батлан хэрэгжүүлж эхлээд буй. Улаанбаатар хотод нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний ээлж буюу 10 бүлэг 41 стандартыг баталсныг 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хотын стандартыг боловсруулах ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан. Ингээд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан аж. Мөн стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан. Үүнд нийтдээ давхардсан тоогоор 37 411 санал ирснээс 10 769 нь дэмжсэн байжээ.
ЭХЛЭЛ БУЮУ БҮГДЭД ХАМААТАЙ 10 БҮЛЭГ
Хотын стандарт гэж юу вэ. Оршин суугаа хүмүүст, тэдний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглах талаар нэгдсэн удирдамж, арга зүйгээр хангах зориулалтаар үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн стандартчиллын баримт бичгийг Хотын стандарт гэнэ. Өөрөөр хэлбэл, хотод хамааралтай бүх л салбарт тогтоож буй хэм хэмжээ, шаардлага юм.
Улаанбаатарт өдгөө болж буй, цаашид хийж бүтээх, өрнөх бүх зүйл стандартаас эхэлнэ. Боловсруулж, баталсан стандартуудыг даган мөрдсөнөөр ажлын чанар нэмэгдэхээс гадна иргэдийн татварын мөнгө болох төсвийн хөрөнгийг үр дүнтэйгээр зарцуулж чадах юм.
Энэ оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Хотын стандартын эхний хэсэгт чанарын дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, хот төлөвлөлт, хот байгуулалт, худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хог хаягдлын менежмент, иж бүрэн гудамж, ногоон байгууламж гэсэн чиглэлд тавих ерөнхий шаардлагууд багтжээ. Өөрөөр хэлбэл, ерөнхий бо ловсролын сургууль, эрүүл мэнд, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий стандартуудаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл, гудамж, талбайн гэрэлтүүлэг, зам гээд ерөөс хотод оршин сууж буй бүгдэд хамаатай асуудлыг цэгцлэн, иргэнд ээлтэй байхаар тусгасан байна.
ЭЭЛТЭЙ ХОТ
Олон улсын жишиг стандарт, орчин үеийн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэсэн, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, салбарын бодлого, хууль тогтоомжийн үзэл санаа, хөгжлийн чиг хандлагад тулгуурлан баталсан энэхүү стандартыг хэрэгжүүлж эхэлснээр олон давуу тал гарч ирэх юм.
Хэрэглээний хувьд бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээтэй холбоотой бүхий л шаардлагыг нэг дороос цогцоор нь хүлээн авч танилцаж болох, зураг дүрслэлээр тайлбарласан тул ойлгоход хялбар, хүн бүртнээлттэй, ил тод, үнэ төлбөргүй. Мөн нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой учраас хайх, уншиж судлах, танилцахад хялбар, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн, стандарт бүр түүнд агуулсан хэм хэмжээ, тавигдах шаардлагыг хангасан, эсэхийг дүгнэх шалгах хуудастайгаараа онцлог. Түүнчлэн бүх төрлийн шаардлага, стандарт, норм, дүрмийг иж бүрнээр нь агуулсан тул хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, төсвийн хөрөнгө оруулалт, зардлын үр ашигтай байдлыг дээшлүүлэхээс гадна ажлын чанар сайжирснаар урсгал засварын зардал хэмнэнэ.
Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломж бүрдэх болно. Дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчил буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа гэсэн юм.
Урт хугацаандаа хууль тогтоомж, стандарт, нормын зөрчил, гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил буурснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдэд ээлтэй хот болно. Мөн амьдрах орчны эрсдэлүүд буурч, хот төлөвлөлт, хот байгуулалтын салбарт оновчтой зөв, шийдэл нэвтрэх нь гарцаагүй.