АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдон тангараг өргөх нь тодорхой боллоо. Энэ ёслол ирэх оны эхээр болно.
Дональд Жон Трамп 1946 онд Нью-Йорк хотод төржээ. Эцэг Фред нь гарал үүслээрээ герман, эх Мэриэн нь шотланд юм. Эд таван хүүхэд төрүүлж өсгөснөөс одоо Дональд, түүний эгч Элизабет хоёр нь амьд байна.
Дональд таван наснаас нь хүүхдийг сургадаг сургуульд эхэлж суралцаад дараа нь 1959-1964 онд Нью-Йоркод цэргийн академид, улмаар Форделийн гэх хувийн их сургуульд хоёр жил сурч, Пенсильвани мужийн их сургуулийн санхүү, худалдааны сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгсөв. Эцгийнхээ компанид ажиллаж, үл хөдлөх хөрөнгө түрээслэх ажил эрхэлж байв. 1971 оноос эцгийнхээ компанийг тэргүүлэх болж, нэрийг нь Trump Organization болгож өөрчилжээ. Бизнесээ өргөжүүлж, зочид буудал, рашаан амралтын газар, гольфын талбай барьж байгуулах болов. 1970-аад оны дунд үед түүний мэдлийн компаниудад 1000 орчим хүн ажиллаж байлаа. Түүний компани Нью-Йоркод 26 давхар зочид буудал, 58 давхар “Трамп цамхаг”, 72 давхар “Trump World Tower” барив. “Арилжих урлаг” хэмээх номдоо Трампын бичсэнээр 72 давхар байшин барихад 190-200 сая ам.доллар зарцуулсан бөгөөд 1983 оноос үүнийхээ нэг хэсэгт нь гэрээрээ нүүж ирэв. Трампын компани хилийн чанадад Сөүл, Торонто, Дубайд ч барилгын ажил эрхлэв. 1970-аад оны эцэс гэхэд Трамп Колорадод өвлийн, Лонг-Айлендэд зуны өргөөтэй, Манхэттенд бас байртай болсон байлаа. 1980-ад онд үл хөдлөх хөрөнгө, газар худалдаж авах наймаагаа үргэлжлүүлж байв. 1985 онд Трамп Флорида мужид далайн эрэг дээрх Палм-Бич хотод найман сая ам.доллароор Мар-а-Лаго гэдэг эзэмшил худалдаж авчээ. Энэ нь 118 өрөөтэй, кино театр, зоогийн газартай юм.
1996-2015 онд Трамп “АНУ-ын мисс”, “Дэлхийн мисс” хэмээх гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг эзэмшиж байв. Энэ эрхээ 2015 онд Холливудын IMG агеантлагт 25 сая ам.доллароор худалдав. Сэтгүүлч Дэвид Кей Жонстон 2016 онд хэвлэгдсэн номдоо бичсэнээр бол 1986-1990 онд Трамп үл хөдлөх хөрөнгө наймаалж, дунджаар долоо хоногт 1.6 сая, цагт 10 мянган ам.доллар олдог байсан аж.
1990-ээд оны эцсээс Трамп Америкийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож эхэлсэн байна. 2000 онд БНН-аа орхиж, Өөрчлөлтийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ телевизийн хөтлөгч Опра Уинфрийг Дэд Ерөнхийлөгчид санал болгожээ. Засаг захиргааныхаа бүрэлдэхүүнд Колин Пауэлл (Хүү Бушийг Ерөнхийлөгч байхад Төрийн нарийн бичгийн дарга болсон), сенатор Жон Маклейн нарыг оруулахаар амлаж байжээ. Урьдчилсан хэд хэдэн санал хураалтад тэргүүлсэн ч энэ удаад Ерөнхийлөгчийн сонгууль дахь өрсөлдөөнөө орхив. 2012 онд БНН-аас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд эхэн үед нь мөн орхижээ.
2013 онд ОХУ-д “Дэлхийн Мисс”-ийг зохион байгуулахад Трамп эрхийг нь эзэмшигчийн хувьд Москвад ирэхдээ энд тэнгэр баганадсан “Trump Tower” барихаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн ч уг амлалт биелээгүй юм.
2016 онд Трампын бизнес хилийн чанадад цэцэглэж байлаа. 2015 онд улс төрд эргэн ирж, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Америкийг дахин агуу болгоно” гэсэн уриатай БНН-аас оролцохоо зарлав. Долоодугаар сар болоод байхад энэ намаас түүнээс өөр нэр дэвшигч байсангүй. Аж үйлдвэрийн хөгжлийг тэлж, ажлын байрыг нэмэгдүүлж, гадаадаас оруулж ирж буй барааны гаалийн татварыг өсгөж, Оростой харилцаагаа хэвийн болгож, цагаачлалыг хязгаарлах амлалт өгч, Индиана мужийн амбан захирагч Майк Пейнсэд Дэд Ерөнхийлөгчийн суудал санал болгов. 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болсон сонгуульд Трамп ялж, 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөв. Энэ сонгуульд ялсныхаа дараа жилд 400 мянган ам.доллар байдаг Ерөнхийлөгчийн цалинг авахгүй гэж мэдэгдэв. Ерөнхийлөгчийн албаа хашиж эхэлсэн анхны өдрөө эмнэлгийн тусламжийг хүн амын бэл бэнчин багатай хэсэгт хүргэхэд дөхөм болсон “Obamacare” гэж нэршсэн даатгалын тогтолцооны өөрчлөлтийг хүчингүй болгож, намыхныхаа дургүйг хүргэв. Мөн Барак Обама 2009 онд Авраам Линкольн, Мартин Лютер Кинг нарын хөргөөр сольж Зууван танхимаас “гаргаж хаясан” Уинстон Черчиллийн цээж баримлыг буцаан залав. Түүний засаглалын үед АНУ олон улсын зарим байгууллагын ажилд оролцохоо болилоо. ЮНЕСКО, уур амьсгалын Парисын хэлэлцээр, Ираны цөмийн наймаа, Бага, дунд тусгалын пуужинг устгах тухай гэрээнээс гарч, ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ байв. Хятадтай худалдааны гэрээ байгуулж, Иерусалимыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрлөө. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай холбоо тогтоов. Харин Барак Обамагийн үед муудсан Америк-Оросын харилцааг сайжруулж чадсангүй. Оросын эсрэг хоригоо үргэлжлүүлж, консулын газрыг нь хааж, АНУ-ын газар нутаг дээр дипломат хөрөнгөө ашиглахыг ОХУ-ын ЭСЯ-нд зөвшөөрөхөөс татгалзав.
Трампын улс төрийн дайснууд түүнийг болон хамтран зүтгэгчдийг нь Оросын тусгай албадтай холбоотой, 2016 онд сонгуульд ялахад нь тэд тусалсан гэх хэл ам дэгдээв. Түүнээс гадна 2013 онд Москвагийн нэгэн зочид буудалд Трамп биеэ үнэлэгчтэй учирсныг нь батлах дүрс бичлэг оросуудад байгаа гэж нотлох хүн ч гарч ирсэн байна. Эдгээр баримтыг түгээсэн хүн нь Английн тагнуулын MI6 байгууллагын ажилтан Кристофер Стил аж. Түүнийг ийм ажил хийхэд нь АНУ-ын АН-ын үндэсний хороо, Хиллари Клинтоны сонгуулийн штаб ивээн тэтгэсэн гэх мэдээлэл сүүлд “The Washington post” сонинд гарч байжээ. Трамп Москватай холбоотой, сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг 2017-2019 онд прокурор Роберт Мюллер шалгаад нотлох баримт олоогүй гэдэг. Гэхдээ сонгуульд Москваг оролцсон гэж тэр мэдэгдсэнийг Москва үгүйсгэсэн байдаг.
Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахдаа Жо Байдены хүү Хантер Байдены үйл ажиллагааг мөрдөн шалгахыг Киевээр хийлгэхийг оролдсон гэдгээр шалтаглан Төлөөлөгчдийн танхим дахь АН-ын гишүүд Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг 2019 оны есдүгээр сард сөхсөн байна. 2020 онд Трамптай өрсөлдөөд ялж Жо Байден Ерөнхийлөгч болсныг бид мэднэ. 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхээ Ерөнхийлөгчийн албаа аваад удаагүй байхдаа мэдэгдэж байсан Трампыг дэмжигчид түүнийг эхний бүрэн эрхээ дуусгахын босгон дээр 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолийн дэргэд цуглаж, Трамп өөрөө үг хэлсэн байдаг. Трамп тэгэхэд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй байв. Уурлаж хилэгнэсэн хүмүүс Капитолийн байр руу дайран орж эд хөрөнгө эвдэн сүйтгэж, цагдаа нартай “гар зөрүүлсэн”-ий улмаас 140 цагдаа хохирсон юм. 2021 оны нэгдүгээр сарын 20-нд Жозеф Байденг тангараг өргөх ёслолд Трамп очсонгүй. Ийм явдал 1869 оноос хойш Америкт тохиолдоогүй аж.
2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо Трамп 2022 оны арванэгдүгээр сард мэдэгдэв. Дэд Ерөнхийлөгч болгохоор Огайо мужаас сонгогдсон сенатор 39 настай Жеймс Дэвид Вэнсийг санал болгож буйгаа долоодугаар сарын 15-нд зарлав.
Трампыг есдүгээр сарын 15-нд Уэст-Палм-Бичид гольф тоглож байхад буу шагайж буй хүн байгааг Нууц албаны ажилтан анзаарсан байна. Тэр хүн буудчихаад буугаа хаячихаад машинд суугаад явсан ч удалгүй баригдав. Тэр нь 58 настай Райан Уэсли Рут гэгч байжээ. Манхэттений тангарагтны шүүх Трампыг садар самуун үйлдэлтэй кинонд тоглодог Сторми Дэниелс гэх эмэгтэйд мөнгө төлсөн хэмээн 2023 оны хавар буруутгав. 2006 онд Трамптай энгэр зөрүүлсэн тухайгаа ам нээгээгүйн шан болгож 130 мянган ам.доллар Дэнеилсд дамжуулсанд Трампын өмгөөлөгч байсан Майкл Коэн өөрийгөө буруутай гэж үзэж ам алдсанаас энэ явдал үүдсэн аж. Трамп тэр эмэгтэйтэй холбогдож байснаа үгүйсгэж, мөрдөн шалгах ажил сэдсэнийг нь улс төрийн өрсөлдөгчид нь өсөө авч буй явдал гэж үзэв. Дөрөвдүгээр сард Нью-Йоркийн шүүхэд Трампыг ирэхэд баривчилсан дүр үзүүлж, гарт нь гав зүүсэнгүй, харин хурууны нь хээг авчээ. Сүүлийн 150 жилд АНУ-ын Ерөнхийлөгч байсан хүнийг эрүүгийн хэрэгт мөрдөн шалгасан анхны тохиолдол энэ байлаа.
2024 оны тавдугаар сарын 30-нд Манхэттений (Нью-Йоркийн) Эрүүгийн шүүх Трампыг бүх 34 заалтаар буруутай гэж үзэв.
1997-2016 онд Трамп Forbes сэтгүүлийн чансаагаар чинээлэг 400 хүний эхний хагаст нь багтсан байв. 2024 оны хоёрдугаар сард тус сэтгүүл түүний хөрөнгийг 7.5 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна. Трампын бизнес, бэл бэнчин тэгээс эхлээгүйг дээр өгүүлсэн. Эцэг нь тэтгэвэрт гарахад хөрөнгө нь 40 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ.
Трамп албан ёсоор гурван удаа гэрлэжээ. Эхний гэргий нь Чехийн цагаач бүсгүй Ивана юм. Тэд 1976 онд танилцжээ. Есөн сарын дараа айл гэр болж, гурван хүүхэд төрүүлж өсгөв. 15 жилийн дараа тэд саллаа. Трампын хоёр дахь гэргийг Марла Мейплз гэдэг байв. 1993 онд суугаад зургаан жил болоод хоёр тийш болжээ. Тэд нэг охинтой байлаа. 1998 онд Трамп тэргүүн хатагтай болох хувьтай Мелания Кнавстай учирчээ.