11 сарын 18-нд буюу өнөөдөр Бразилийн Рио-де-Жанейро хотноо "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх эл арга хэмжээнд Их 20-ийн орны удирдагчдаас гадна Египет, Испани, Катар, Колумб, Норвеги, Сингапур зэрэг орны тэргүүн нар уригджээ.
Дэлхийн улс төр, эдийн засгийн онцгой ач холбогдолтой сэдвүүдийг хэлэлцэхээр зарласан ч Украйн, Газын зурвасын мөргөлдөөнтэй холбоотой санал зөрөлдөөнөөс болж эцсийн тунхаг батлагдах эсэх нь эргэлзээтэй байж магадгүй юм.
Бразиль энэ удаагийн "Их 20"-ийг даргалж байгаагийн хувьд нийгмийн оролцоо, олон улсын байгууллагуудын шинэчлэл, эрчим хүчний шилжилт гэсэн гурван үндсэн зорилтыг тодорхойлсон байна.
Уулзалтын эхний өдөр удирдагчид 2030 он гэхэд өлсгөлөн, ядуурлын эсрэг улс орон, олон улсын байгууллагуудыг тэмцлийг эрчимжүүлэхийн тулд Дэлхийн холбоог байгуулах ажлыг эхлүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Үүнээс гадна эл өдөр “Их 20”-ийн удирдагчид НҮБ, ОУВС, ДХБ зэрэг олон улсын байгууллагуудыг илүү үр ашигтай, илүү шударга ажиллулахын тулд бүтцийг нь шинэчлэх талаар ярилцах аж.
Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн мэтгэлцээн эрчим хүчний шилжилтийн асуудалд зориулагдана.
“Их 20”-ийн орнууд нүүрсхүчлийн хийн ялгарлын дийлэнх хувийг эзэлдэг тул Бразиль улс ногоон технологи, эрчим хүч рүү шилжих асуудлыг хэлэлцэхийг хүсжээ.