ХАМАС бүлэглэлийн удирдагчдын ёс суртахуун, аж амьдрал хоорондоо нийцэж байгаа, эсэх талаарх бодит байдал нь өнгөрсөн оны намар олон хүнд, түүний дотор палестинчуудад ил болсон билээ. Газын зурваст 20 жил засаглаж байгаа Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн гэдэг цэрэг-улс төрийн энэ байгууллагын удирдагчид нь тэрбумтнууд болсон аж. Хэрэв эх орон нэгтнүүд нь ядуу зүдүү амьдарч, өлсөж үхээгүй, эм болон өргөн хэрэглээний зүйлээр гачигдаагүй, жирийн палестин хүмүүс майхан, балгаст бус, Доха, Истанбул хотын таван одтой зочид буудалд амьдарч байгаа бол ер юу хэлэх билээ. Израил руу амжилттай довтолсны төлөө ХАМАС-ын Улс төрийн товчооны дарга, үнэн хэрэг дээрээ тус байгууллагын удирдагч байсан Исмаил Хания Катарын нийслэл Доха хот дахь тансаг харшид туслагчдынхаа хамт Аллах тэнгэртээ залбирч байгааг нь 62 секунд үргэлжлэх цахим бичлэгээр өнгөрсөн оны аравдугаар сарын 8-нд харуулсан юм. ХАМАС-ын нэг жилийн төсөв тэрбум ам.долларыг зөвхөн Израилтай тэмцэхэд биш, бүлэглэлийн удирдагчдын хувийн хэрэгцээнд зарцуулдаг нь тодорхой болсон. Хандив болон бусад орлогыг зэвсэг худалдаж авах, Израилын армитай удаан хугацаанд сөргөлдөхөд тус болдог газар доогуурх хонгилыг ухахад л зориулаад байдаг юм биш аж. Ялангуяа ХАМАС-ын удирдагчдын халаасанд ордог мөнгийг Газын зурвасын хуучирч муудсан, одоо оргүй болсон дэд бүтцийг нь засахад зориулж болох байв. Бохир ус хэрэглэдгээс шалтгаалж хүүхдийн үхэл 12 хувьд хүрчхээд байхад ус дамжуулах хоолойг засаж болох л байсан сан. Таван жилийн өмнө Газын зурвасаас Лондонд ирсэн Акрам Аталын бодлоор ХАМАС иргэний болон цэргийн байгууллагын хосолмол байдлаа овжин ашигладаг байна. Газын зурвасын оршин суугчдын хэрэгцээг хангаж чадахгүй бол ХАМАС өөрийгөө цэргийн байгууллага, татвар хураалаа хэмээн шүүмжилбэл иргэний байгууллага гэнэ.
ХАМАС-ын удирдагчид гэр бүлийнхээ хамт Газын зурвасаас олон зуун километр хол, ихэнхдээ Доха хотод амьдарч, олон түмнийхээ хатуу ширүүн, аюул осол ихтэй амьдралын нөхцөлийг үл анзааран аж төрцгөөнө. ХАМАС-ын удирдагчдын нэг Абу Марзукийн хөрөнгө гурван тэрбум ам.доллароор, Халед Машаль болон талийгч Исмаил Ханиягийнх тус бүр дөрвөн тэрбум ам.доллароор үнэлэгдэж байжээ.
Хания 2023 оны арвадугаар сарын 7-ноос өмнө 13 хүүхэдтэй (найман хүү, таван охин), энэ оны долоодугаар сарын 13-нд амиа алдахад 10 болсон байв. Тэд бүгд ядуу амьдардаггүй. Мааз, Абдель Салем гэх хоёр том хүү нь олонд илүүтэй танил, Доха, Истанбул хотын тансаг зочид буудалд амьдардаг. Мааз нь аравдугаар сарын 7-ноос өмнө Газын зурвасын бэлэг дурсгал, гоёлын зүйлийн дэлгүүрүүдийн байнгын зочин, чимэг зүүлт, үнэт эдлэлийг бөөн бөөнөөр худалдаж авдаг, Дохад ч ялгаагүй байж. Түүний тухай өгүүллээ нэг сонин “Мааз Хания: Архи, хүүхэн бялхсан амьдрал” гэж нэрлэсэн нь санамсаргүй юм биш. Газын зурваст спорт хөгжүүлэхэд зориулж цуглуулсан мөнгөнөөс өөрийнхөө дансанд шилжүүлснээс хойш Абдель Салемийн нь тухай хэвлэлд бичсэнээр түүнийг андахаа байсан аж. Ах дүү нар Дохагийн гоёлын зүйлийн дэлгүүр хэсдэгийг нь Израилын тагнуулын байгууллага сонирхжээ. Шөнийн клубээр яваагүй үедээ Мааз ах, дүү нартайгаа хамтран Газын зурвасын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хянана. Тэрбээр Туркийн иргэний үнэмлэхтэй аж. Ханиягийн хүүхдүүдийн бас нэг бизнес нь Газын зурвасын оршин суугчдад цахилгаан энерги зардаг.
Муса Мухаммед Абу Марзук ХАМАС-ын Улс төрийн товчооны орлогч дарга байгаад 1991-1995 онд даргаар нь ажиллаж байв. ХАМАС-т хөрөнгө олох нь түүнд оноосон үүргийн нэг нь. ХАМАС-ын гурав дахь тэрбумтан нь Машаль. Улс төрийн товчооны даргын албыг Хания түүнээс авч байжээ.
ХАМАС-ын удирдагчдын туслахууд дарга нарынхээ хөрөнгө нэмэгдэхийг дэмий хараад сууж байсангүй. ХАМАС-ын дунд түвшний гишүүд палестинчуудын эрх ашигт зүтгээгүй байж долларын саятан болж байлаа. Тэдний орлогын гол эх үүсвэрийн нэг нь газар доорх хонгилоор дамжин Газын зурваст орж ирдэг бүх бараанд оногддог 20 хувийн татвар, гол ивээн тэтгэгч Катараас өгч буй мөнгөн тусламж байв.
ХАМАС-ын мөнгө Израилын шоронд байгаа жирийн гишүүд, тэдний гэр бүлийн төлбөрт бас зарцуулагддаг. Гурван жил шоронд суусан бол сард 400, 30-аас доошгүй жил суусан нь сар бүр 3400 ам.доллар авна. 2023 оны аравдугаар сарын 7-ноос өмнө Газын зурваст ажилгүйдэл 60 хувиас давж байжээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн Дэлхийн банкны баримтаар хоёр жилийн өмнө 1257 ам.доллар буюу баруун эргийнхээс (4458) бараг дөрөв дахин бага байв. Палестинчуудын 60 хувь нь ядуу, өдөрт хоёр доллароор амь зогооно. Ханиягийн гол зөвлөх Ахмед Юсуф Истанбулд амьдардаг. ХАМАС, Тегеран хоёр 10 жилийн өмнө Сирийн асуудлаар өөр өөр байр суурьтай болж, иранчуудаас ялгаатай нь палестинчууд Ерөнхийлөгч Асадыг дэмжээгүй юм. Одоо ХАМАС-ын гол асуудал нь өөрийн шинэ удирдагч Яхья Синварыг Газрын зурвасаас аюулгүй Доха хотод авчрах явдал болоод байна. ХАМАС-ын цэргийн жигүүрийн командлагч Мухаммед Дейфийн хөрөнгө хэвлэлд мэдээлснээр тав, Синварынх 1-3 сая ам.доллар болжээ.
Авлига гээч Газын зурваст төдийгүй ХАМАС-т тархжээ. Палестины чөлөөлөх байгууллагын мэдэлд байдаг Иордан голын баруун эрэгт ч байдал түүнээс дээргүй байна. Олон жил энэ байгууллагыг удирдаж буй Махмуд Аббас 100 саяас давсан хөрөнгөтэй болжээ. Палестины Хөрөнгө оруулалтын санг тэр бүрэн хянаж, түүний хүүхдүүд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай гэрээгээр ажиллаж, олон зуун сая ам.доллар олж байдаг гэлцэнэ.
ХАМАС-т Катар улс улс төр, материаллаг хийгээд хүмүүнлэг, буяны тусламж байнга үзүүлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Обама ХАМАС-ын удирдлагад орогнох эрх олгохыг 2011 онд Катараас хүсэж байжээ. 2012 онд Катарын захирагч Газын зурваст зочилж, сэргээн босголтод нь зориулж 400 сая ам.доллар өгөхөөр амлаж байлаа. Гэтэл ХАМАС-ын удирдагчдыг газар нутгаасаа гаргахгүй бол НАТО-гоос гадуур АНУ-ын гол холбоотон байх Катарын статусыг цуцлах хуулийн төсөл сенатор Тед Бадд энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Америкийн цэргийг Афганистанаас гаргахад тусласных нь төлөө Жо Байден 2022 онд Катарыг гол холбоотноо болгов. Хүмүүсийн яриагаар бол улсаасаа гарч явахыг Катар хүссэний дараа Исмаил Хания Дохагоос Истанбулд шилжиж, Туркийн Ерөнхийлөгч Эрдоантай уулзаж, Туркэд нүүж ирэх боломжийн талаар ярилцсан байна. Хоёр долоо хоногийн дараа Хания Катарт эргэж ирэв. ХАМАС-ын удирдлагыг Катараас явуулах асуудлыг Америкт дээд түвшинд ярьж эхэлснээр шилжин суурьших асуудлыг хамасчууд Оман, Ирак улстай ярьж эхэлжээ. ХАМАС-ын удирдлагыг цаашид Дохад байлгах, эсэх асуудал одоо тодорхойгүй, Ханияг алагдсаны дараа энэ байдал бүр төвөгтэй болоод байна.
Исмаил Хания дүрвэгсдийн лагерьт байсан гэрээ орхиж, гурван жил орчмын өмнө Дохад очсоноос хойш гэр бүлийнхэнтэйгээ эндхийн тансаг зорчид буудлуудыг хэсэж явсан юм. Тэрбээр өөрт нь халаагаа өгсөн Халед Машалийн араас замнажээ. Ширээний теннис их сонирхдог, үнэтэй зочид буудлуудын фитнес төвүүдэд зочлох дуртай Машалийн зураг 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш цөөнгүй харагдах болсон аж. “Дөрвөн улирал” гэдэг зочид буудлын сүлжээний хувьцааны томоохон багцыг эзэмшдэг Билл Гейтс Доха дахь буудлуудад нь Машаль байрладаг гэх яриаг олон түмний өмнө няцаах шаардлага гарч иржээ.
ХАМАС-ын өндөр албаныхнаас цөөнгүй хүн Дохад амьдардаг аж. Тухайлбал, хэвлэлийн албаны тэргүүн Сами Абу Зухри, улс төрийн асуудлаар Ханиягийн зөвлөх байсан Тахер ан-Нуру. ХАМАС-ын Улс төрийн товчооны орлогч дарга Халиль аль-Хаия 2021 онд Дохад иржээ.
ХАМАС-ын удирдагчид зөвхөн Катарт л чихэлдээд байдаг ч юм биш. Энэ оны нэгдүгээр сарын 2-нд Израилын нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтод өртөж амиа алдсан Салех аль-Арури “Хезболла”-гийн хяналтад байдаг Бейрутийн нэгэн хороололд амьдарч байв. “Хезболла”-гийн нэг удирдагч Фуад Шукр мөн тэр шөнө алагдсан байдаг. Израилтай хийх зэвсэгт тэмцлийг хариуцаж байсан Фатхи Хамад гэгч Туркэд маш нууц байдалд орогнож буй.
ХАМАС нэг тэрбум гаруй ам.доллар Рамаллагаас авч, 40-50 мянган хүнтэй төрийн аппаратаа хооллож, хувцаслаж байна. Жил бүр ойролцоогоор 400 сая ам.доллар өгдөг Катар улс Газын зурвасыг ивээн тэтгэгчдийг тэргүүлж явна. ХАМАС-ын санхүүгийн гол, чухал нэг эх үүсвэр нь Иран улс юм. Тус улс жил бүр түүнд 70-100 сая ам.доллар зарцуулдаг. Бараанаас авдаг гаалийн хураамж, татвар нийлээд жилд хагас тэрбум орчим ам.доллар ХАМАС-ын халаасанд орж ирнэ. Санхүүгийн бас нэг эх үүсвэр нь дэмжигчдийнх нь хандив байдаг. Газын зурваст гараа сунгагчдын дотор гайхал төрөм байгууллага, улс ч бий. ХАМАС-ыг алан хядагч байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөөгүй НҮБ шууд бишээр ч гэсэн палестинчуудад тус хүргэж буй юм. Америкийн “Ардчиллыг хамгаалах сан”-гийн баримтаар бол зөвхөн 2021 оноос хойш л гэхэд НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах Ойрхи Дорнодын агентлагаас ХАМАС 380 сая ам.доллар авчээ. Түүнчлэн НҮБ-ын хэд хэдэн агентлаг 2014-2020 онд Газа руу 4.5 тэрбум ам.доллар шилжүүлсэн байх юм. Энэ мөнгийг үл хөдлөх хөрөнгө, барилгын компаниуд, олборлох үйлдвэр, Ойрхи Дорнод, Умард Африкт дэд бүтцийн төсөл зэрэгт ХАМАС зарцуулжээ.