Дэлхийд нэр хүндтэй шагнал хүртэх хүмүүсийг тодруулдаг “Нобелийн долоо хоног” хэмээх үйл ажиллагаа жил бүрийн аравдугаар сарын эхээр Шведийн нийслэл Стокхолм хотод болдог уламжлалтай. Эхний өдөр анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнуудыг нэрлэнэ. Энэ жил уг салбарт Нобелийн шагналыг америк эрдэмтэн Виктор Амброс, Гари Равкан нарт олгохоор шийдвэрлэлээ. Тэд генийн траскринцид микро РНХ-ийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нээлт хийгээд энэ шагналыг авах болсон байна. “Энэхүү шагналыг генийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн зарчмыг илрүүлснийх нь төлөө олгож байгаа юм” гэж Нобелийн хорооны цахим хуудсанд бичжээ.
Шагналтныг тодруулдаг хоёр дахь салбар нь физик юм. Энэ удаад Америкийн Жон Хопфильд, Канадын Жеффри Хинтон нарын нээсэн хиймэл оюун ухааны мэдрэлийн сүлжээг хөгжүүлдэг шинэ бүтээлд олгохоор болсноо зарлалаа. Хопфильд нь зураг болон бусад төрлийн мэдээллийг хадгалах, сэргээх чадвартай мэдрэлийн сүлжээ бүхий хиймэл санах ой бүтээсэн бол Хинтон нь түүний энэ бүтээлийг ашиглан гэрэл зураг дээрх тодорхой өгөгдлүүдийг хадгалж, тэдгээрийг ангилах чадвартай хиймэл оюун ухааны машин бий болгожээ. Ташрамд тэмдэглэхэд, Нобелийн гэрээслэлд нэр нь орсон анхны салбар нь физик аж. 1901 оноос хойш энэ салбарт Нобелийн шагналыг 117 удаа олгосон бөгөөд нийтдээ 225 хүн уг салбарын шагналыг аваад байна.
Дараа нь уран зохиолын салбарын, долоо хоногийн төгсгөлд энх тайвны шагналын эзнийг нэрлэдэг. Энх тайвны шагналыг хувь хүн төдийгүй байгууллагад өгдөг бөгөөд Японы Хиросима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа амьд үлдсэн хүмүүсийг нэгтгэдэг, 1956 онд байгуулагдсан “Нихон Хиданке” гэдэг байгууллагад энэ жилийн шагналыг өгөхөөр шийдвэрлэсэн байна лээ. Тэгэхдээ энх тайвны шагналыг Шведийн бус Норвегийн Шинжлэх ухааны академи олгодог онцлогтой. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Шведийн банкны санаачилгаар 1969 оноос олгох болжээ. Альфред Нобель гэрээслэлдээ энэ салбарыг орхигдуулсан байж.
Нобелийн шагналыг олгодог Шведийн хааны Шинжлэх ухааны академи 1739 онд байгуулагджээ. Уг академи Шведийн 450, гадаадын 180 орчим эрдэмтдээс бүрддэг. Нобелийн хорооны гишүүдийг тус академи гурван жилийн хугацаагаар томилдог аж. Нобелийн шагнал медаль, диплом, 11 сая швед крон буюу 825 мянга орчим евро дагалдуулдаг.
Нобелийн уран зохиолын салбарын шагнал хүртэх болсон БНСУ-ын иргэн, хатагтай Хан Каныг танилцуулж байна. Уран зохиолын салбарт энэ шагналыг 1901 оноос өгч эхэлсэн бөгөөд 116 удаа 120 хүнд түүнийг гардуулсны 103 нь эрэгтэй, ердөө 17 нь эмэгтэй байгаагийн нэг нь энэхүү солонгос бүсгүй юм.
Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй Хан Кан 2016 онд олон улсын “Букер” шагналыг “Цагаан хоолтон” романаараа авч байж. Тэр жилийн тавдугаар сарын 16-ны орой Лондоны Виктория, Альбертийн музейд болсон баярын цайллагын үеэр уг шагналын эзнийг зарласан аж. Шагналын 50 мянган фунт стерлингийг уг романыг англи хэл рүү хөрвүүлсэн Дебора Смиттэй хуваан авчээ. Роман 2015 онд Британид англи хэлээр хэвлэгдсэн нь зохиолчийн хувьд уг хэл рүү хөрвүүлсэн анхны бүтээл нь байлаа. Роман үүнээс 11 жилийн өмнө хэвлэгдсэн байв. Түүнд мах идэхээ болиод мод болон хувирч, хүний харгис хатуу мөн чанарт нэвтрэн орж буй тухай өгүүлдэг. 45 настай Хан Сөүлд урлагийн дээд сургуульд багшилдаг бөгөөд бүтээл туурвилыг нь Өмнөд Солонгост сайн мэддэг.
2005 онд бий болсон олон улсын “Букер” шагнал хүртээх журамд 2016 онд өөрчлөлт оруулж, уг шагналыг хоёр жилд нэг удаа олгодог байсныг ном болон орчуулгад жил бүр өгөх болсон байна. Зохиол бүтээл нь англи хэл рүү орчуулагдсан хэн ч үндэс угсаанаас үл хамааран энэ шагналыг хүртэх боломжтой аж. Гол шагнал нь 50 мянган фунт стерлинг юм. Түүнийг зохиолч, орчуулагч нар хувааж авна.
2016 онд зургаан зохиолч “Букер” шагналд өрсөлдсөний дотор олонд танил нь Туркийн зохиолч Орхан Памук байв. Тэрбээр 2006 онд уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн байлаа. Өөр нэг нэр дэвшигч нь Елена Ферранте гэх нууц нэртэй, Неаполийн уугуул эмэгтэй зохиолч. Түүний анхны “Сайн эмэгтэй найз” роман нь 1991 онд хэвлэгдсэн, түүнийг хэд хэдэн хэлээр орчуулсан, 2016 онд орос хэлээр уншигчдын гарт очжээ. Мөн Хятадын Янь Лянькэ, Анголын Жозе Эдуарду Агуалуза, Австрийн Роберт Ситалер нарын нэр өрсөлдөгчдийн дотор байв. Янь Лянькегийн “Дөрвөн ном” романд 50-иад оны сүүлийн үеийн Хятад орон, хөдөлмөрийн лагерт байгаа хүмүүсийн амьдралын тухай өгүүлдэг. Зохиолч 2014 онд Кафкагийн нэрэмжит шагнал авчээ. Түүний бүтээлүүд 20 гаруй хэл орчуулагдсан байлаа. Хятадад Лянькег сонгодог зохиолч гэж үздэг, Нобелийн шагнал ч хүртэх боломжтой зохиолч гэгддэг байв. Анголын зохиолч, сэтгүүлч Агуалуза 2007 онд Британийн уран зохиолын шагнал авчээ. Тэрбээр “Өнгөрснийг наймаалагч” романаараа Африкийн зохиолчдоос анх түрүүн Independent Foreign Fiction Prize шагналтан болсон байна. Австрийн зохиолч Роберт Ситалер “Бүхий л амьдрал” романаараа уг шагналд дэвшжээ...
...Энэ жил уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэхээр болсон Хан Кан 1970 онд төрж, 1993 оноос зохиол бичиж эхэлсэн бөгөөд шүлгүүд нь “Уран зохиол ба нийгэм” сэтгүүлд хэвлэгдсэн байна. Нэрд гарсан “Цагаан хоолтон” романд махан хүнс хэрэглэхээс эрс татгалзсан эмэгтэй, энэ шийдвэрийнх нь уршигт үр дагаврын тухай өгүүлдэг аж. Энэ роман болон “Буддагийн бага нас” туужаар нь кино хийжээ.
Хан Каныг 10 настайд аав, ээж нь Сөүлд шилжин ирж, улмаар охиноо нэр хүндтэй Ёнсе их сургуульд оруулсан байна. Анхны “Цөлөгдөгчийн хайр” роман нь 1995 онд хэвлэгдэж, араас нь “Цагаан хоолтон”, “Монгол мөр” гэх хоёр роман нь олны хүртээл болов. Уран зохиолоос гадна хөгжим, дүрслэх урлаг сонирхдог, энэ нь олон бүтээлд нь, түүний дотор “Чиний хүйтэн гар” романд нь туссан байдаг аж.
Хан Кан нийтдээ 16 бүтээл туурвижээ. Бие, сэтгэл, амьд, үхсэний хоорондын хэлхээ холбоог бүтээлдээ гайхамшигтай дүрсэлдэг, орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиолд шинэчлэл хийсэн хэмээн Нобелийн шагнал хүртээх хороо тэмдэглэсэн байна. Хан Кан 2013 оны зунаас Сөүлийн урлагийн дээд сургуульд зохиолчийн ур чадварын багшаар ажиллаж байна. Түүний бичсэн “Хайртай хүүдээ” роман нь 2018 онд Шотландын зураач эмэгтэй Кэти Патерсоны төсөлд хамрагдахаар шалгарч, 2114 онд хэвлэгдэх хүртлээ гар бичмэлийг нь хүнд үзүүлэхгүй хадгалах аж.
Нобелийн шагнал олгохоор болсон шийдвэрт “Түүхийн шарх сорвийг эсэргүүцэж, хүний амьдрал хэврэг болохыг үргэлжилсэн үгээр төгс харуулсан учир...” гэж тэмдэглэсэн байна. Мөн 2011 онд хэвлэгдсэн “Грек хэлний хичээл” номыг нь дээрх хороо бас онцолжээ. Хан Кан уг номондоо үзсэн зовлон гансрал, бухимдлын уршгаар ярих чадвараа алдсан залуу эмэгтэйн түүхийг өгүүлжээ. Хэлгүй болсон энэ эмэгтэй хараагүй болсон эртний грек хэлний багштайгаа харилцаж эхэлжээ. Ийм хоёр хүний хоорондын ер бусын харилцааг маш сонирхолтой харуулсан байна. Тэдний хооронд эмзэгхэн хайр сэтгэлийн холбоо ч үүснэ. Аль нэг юмаар дутагдах, ойртох, түүнд хэлний гүйцэтгэх үүргийн тухай гайхалтай бодол эргэцүүлэл энэ номд гарна.
Хан Кан Өмнөд Солонгосынхоо уран зохиолын бас хэд хэдэн шагналын эзэн юм. Түүний эцэг Хан Сонг Вон, ах Ган Донг нар нь мөн зохиолч аж.