МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, Японы Осакагийн их сургуулийн зочин багш Б.Түвшинтөгстэй ярилцлаа. Тэрбээр тод бичгийн модон барын дурсгалын судалгааг дагнан хийж буй эрдэмтэн юм.
-“Тод бичгийн модон барын дурсгалын судалгаа” бүтээлээ та олон нийтэд саяхан танилцууллаа. Хэдийнээс эхлүүлсэн судалгаа вэ?
-Олон жилийн судалгааныхаа үр дүнг хэвлүүлээд байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил эрхлэх болсон 1990-ээд оны сүүлчээс энэ сэдвийг сонирхож эхэлсэн. Дараа нь хойд хөршид докторантурт суралцаж байхад Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн болон Санкт-Петербургийн улсын их сургуулийн номын сан дахь монгол, манж судар, номтой дэлгэрэнгүй танилцах завшаан олдсон юм. Тухайн үед мэдэгдээд байсан тод бичгийн модон барын хамгийн олон дурсгал дээрх байгууллагуудад хадгалагдаж байв. Харин 2010 оны үеэс БНХАУ дахь ойрад монголчуудын хадгалж ирсэн тод бичгийн модон барын дурсгалуудыг профессор Мянгад Эрдэмт илрүүлснээр бидний судалгаа бүрэн төгс болох боломж бүрдсэн. Герман, Чех, Унгар, Франц, Англи зэрэг улсад ч тод бичгийн цөөн дурсгал бий. Судлаач нөхдийн тусламж дэмжлэгтэйгээр тэдгээрийг ч олж үзэж судалгаандаа ашиглалаа. Жишээ нь, Германы Дрезден хот дахь Улсын номын санд тод бичгийн модон барын эхлэл, төгсгөл нь дутуу нэг судар бий. Уг судрын гэрэл зургийг номоо хэвлүүлэхийн өмнө хүлээн авч орууллаа. Энэхүү бүтээл маань хоёр бүлэгтэй, эхний хэсэгт тод бичгийн модон барын судалгааны түүх, бүртгэлийг оруулсан. Хоёрдугаар бүлэгт тэдгээр дурсгалын эх бичгийн судалгааны талаар дурдсан байгаа.
-Хэл шинжлэлийн судалгаа олон салбар, чиглэлтэй шүү дээ. Тэдгээрээс тод үсгийн модон барын судалгааг сонгосон шалтгаан нь юу байсан юм бол?
-Ер нь манай улсад аль ч салбарт хүний нөөц хомсдолтой байдгийн нэг нь хэл шинжлэлийн салбар шүү дээ. Тиймээс нэг судлаач олон чиглэлээр судалгаа хийх шаардлагатай болдог. Нөгөөтээгүүр, хэл шинжлэлийн салбарууд өөр хоорондоо уялдаатай, шаталсан тогтолцоотой байдаг. Тиймээс бүхий л түвшнийг нь хамарсан судалгаа хийх хэрэгцээ гарна. Тухайлбал, зөв бичих зүй нь үсэг зүй, авиа зүй, түүхэн хэл зүй гээд олон салбартай холбоотой. Иймд хэл бичгийн судлаачийн хувьд шаардлагатай судалгааг чадлынхаа хэрээр хийх үүрэгтэй гэж боддог. Тэр дундаа түүхэн судалгаа бол миний ажлын гол чиглэл. Монголчууд бид түүхэндээ арваад бичиг, үсэг хэрэглэж иржээ. Тэдгээр бичгээрээ ном, судар ч хэвлэсэн түүхтэй. Аль ч цаг үед хэвлэлийн ажил гэдэг соёлын хөгжил, эдийн засгийн байдалтай холбоотой. Тиймээс монгол хэвлэлийн түүхийн нэгэн бүдэг хэсэг болох тод бичгийн модон барын ач холбогдол, үнэ цэнийг тодруулах нь миний зорилго байсан. Учир нь монгол модон барыг, монгол хэвлэлийн түүхийн талаарх бүтээлд өнөө болтол төдийлөн тусгалгүй орхисоор ирсэн юм. Энэ нь ч бас шалтгаантай. Учир нь газар газарт хадгалж буй тод бичгийн модон барын дурсгалуудыг одоо л илрүүлж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэгтгэн дүгнэх, харьцуулан судлах боломж дөнгөж саяхнаас л бүрдэж байгаа гэсэн үг. Цаашид ч шинэ дурсгал олдож болзошгүй. Мэдээлэл нь байгаа ч хайгаад олддоггүй ганц нэг дурсгал бий. Бас өмнө нь байсан атлаа өдгөө олдохгүй болсон дурсгал ч бий. Эдгээр дурсгал олдвол бидний судалгааг баяжуулж, баталгаажуулах сайн талтай.
-Монголчууд модон бар хэрэглэж эхэлснээр түүхийн сурвалж бичигт хэр их ул мөр үлдээв?
-Монголчууд модон барын аргаар ном хэвлэсэн талаарх хамгийн эртний мэдээ Хятан улсын үед хамаардаг. Тэр үед их, бага хоёр төрлийн бичиг хэрэглэж байсан. Түүгээрээ гэрэлт хөшөө босгож, бас ном хэвлэж байсныг түүхэнд тэмдэглэжээ. Ер нь хэвлэх зүйлээ модон дээр тонгоруулж сийлээд, түүндээ бэх түрхэн ямар нэг материал дээр дарахад зөв харагддаг аргыг VII-VIII зууны үед хятадууд бодож олсон гэдэг. Өөрөөр хэлбэл, технологийн хувьд өнөөгийн тамга, тэмдэг дардагтай адилхан гэсэн үг юм. Энэ арга удалгүй тал тал тийш тархаж дэлгэрчээ. Гэвч тухайн цаг үе нь манай түүхийн хувьд ээдрээтэй, түрэг, уйгур, хиргис нартай тулаан тэмцэл өрнүүлж байсан үе тул барын хэвлэлийг хөгжүүлсэн, эсэх нь тодорхойгүй үлджээ. Харин 1246 онд Ромын Пап ламд явуулсан Гүег хааны захидалд Их Монгол Улсын Далай хааны тамгыг дарсан байдаг. Үүнээс үзвэл тухайн үед хэвлэлийн энэ аргыг хөгжүүлсэн байж. Улмаар XIV зууны эхэн үед холбогдох монгол болон дөрвөлжин бичгийн бар хэвлэлүүдийн дурсгал, хадмал хийгээд зурагт ном зэрэг нь монголчуудын ном хэвлэлийн түүх хөрш зэргэлдээ улс гүрнүүдийнхтэй адил түвшинд хөгжиж байсны илрэл юм. Тугалгаар үсэг цутгаад, түүгээрээ үг эвлүүлж өрөөд хэвлэдэг орчин үеийн аргыг 1920-иод оны сүүл үеэс нэвтрүүлжээ. 1927-1928 онд ч хурдан бөгөөд хямд хэмээн модоор хэв сийлж, цагаан толгой, толь бичиг зэргийг барлаж байсан нь одоо бодоход басчиг сонин шүү. Аливаа судалгаа хийхдээ уламжлалыг огоорч болохгүй. Иймд бүтээлийнхээ удиртгал хэсэгт монголчуудын бар хэвлэлийн түүхийн талаар нэлээд дэлгэрэнгүй оруулсан.
-Монголдоо төдийгүй гадаадын орнуудын сан хөмрөг, хувь хүний цуглуулгад хадгалж буй дурсгалуудыг нарийвчлан судалж, уг бүтээлдээ тусгасан байна. Эдгээрийг нэгбүрчлэн хайхад хүндрэлтэй байсан болов уу?
-Одоо мэдэгдээд буй тод бичгийн модон барын дурсгалын бүртгэлийг бүтээлдээ оруулсан юм. Үүнд мэргэжлийн байгууллага, номын сангаас гадна хувь хүмүүсийн хадгалж байгаа дурсгалуудыг багтаасан. 20 гаруй нэрийн, давхардсан тоогоор 80-аад дурсгал бүртгэсэн. Дурсгал гэдгийн учир нь судраас гадна номын хөнжил, барын хэв зэргийг ч бүртгэсэнтэй холбоотой. Эдгээрийн ихэнхийг нь өөрийн гараар барьж, нүдээр үзлээ. Эл сэдвийг дагнан судалдгийг минь мэддэг болчихсон эрдэмтэд мэдээлэл юм уу, дурсгал байгаа талаар хэлдэг л дээ. Нөгөөтээгүүр, мэдээллийн солилцоо их хурдтай болсон, гадаадын судлаачдын бүтээл ч цахим орчинд нээлттэй болжээ. Энэ бүхэн судалгаа хийхэд их түлхэц болдог. Харин манай судлаачдын ном бүтээлийг л цахимаар болон цаасаар ч олж үзэхэд ховор байна. Эрж хайж байгаа дурсгалын талаар нэг жишээ хэлэхэд, тод бичгийн модон бараар “Таслагч очир”, монгол бичгийн орчуулгад “Очроор огтлогч” гэдэг судрыг хамгийн олон удаа хэвлэжээ. Ингэхдээ 30, 35, 41, 52, 55, 56, 64 хуудастайгаар барласан байна. Эдгээрээс өдгөө 64 хуудастай хувилбар нь олдоогүй, зөвхөн байсан гэх мэдээлэл л үлджээ. Зарим судлаач бүртгэл хийхдээ гар бичмэл номыг андуурсан, эсвэл хуудасны тоог буруу бичсэн гэх таамаглал ч бий. Тийм ч байж магадгүй. Гэтэл дээр дурдсан Германы Улсын номын санд энэхүү судрын 22-61 дүгээр хуудсыг барласан, эхэн, адгаасаа дутуу нэг хувилбар бий. Энэ судар 64 хуудастай, эсэх нь тодорхойгүй. Бичвэрт тулгуурлаад таамаглаж болно. Манай судлаачид Германы Гөттингений их сургуулийн номын санд хадгалж байгаа уранхай ганц хуудасны бичвэрт үндэслээд хойноосоо нэг л мөр үг урагджээ гэж тогтоосон. Сүүлд эл хуудасны бүтэн хувилбарыг олчхоод тулгаж үзэхэд бидний дүгнэлт зөв л байсан. Гэвч 64 хуудастай судрыг олж, эсвэл дээрх мэдээлэл худлаа байсныг батлахаас нааш санаа амрахгүй. Иймэрхүү “санаа зовоосон” дурсгалууд бий.
-Бүтээлийнхээ шинжлэх ухааны ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ?
-Өргөн утгаар нь авч үзвэл монгол хэвлэлийн түүхийн нэг онгорхой хэсгийг нөхөж чадсан байх аа. Өөрөөр хэлбэл, монголчуудын хэвлэлийн түүх нь тодорхой нэг цаг үеэс эхлэлтэй, бидний хэрэглэж ирсэн бичиг үсэг тус бүрээр салаалсан чиглэлтэй гэж үзвэл түүний нэг хэсгийн түүхийг нөхсөн болов уу гэж бодож байна. Тод бичгийн модон барын дурсгалын тухайд яривал, зарим дурсгалыг анх удаа эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан. Мөн эхлэл, төгсгөл нь дутуу зарим дурсгалыг агуулгад нь тулгуурлан ямар зохиол болохыг тодрууллаа. Ингэснээрээ тод бичгийн модон барын дурсгалын нэр, төрөл, хэвлэлийн тоог бодитой гаргах үндсийг тавьсан. Бас тод бичгийн модон бараар судар хэвлэж байсан он цагийг баримт, логик дүгнэлтэд үндэслэн тодруулсныг бүтээлийнхээ шинэлэг тал, шинжлэх ухааны үнэ цэн нь гэж боддог. Өмнөх судлаачид тод бичгээр хамгийн анх 1741 оны үед ном барласан гэж үзэж байсан юм. Харин би 1654-1670-аад оны үед барласан болов уу гэж үзэж байгаа билээ. Бараг 70 гаруй жилийн өмнө ном барлаж байсан бололтой гэсэн таамаглалыг судалгаандаа үндэслэн дэвшүүлсэн
-Та “Монгол, манж хэлний үйл үгийн түүхэн харьцуулсан судалгаа” сэдэвт бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Одоо түүнийгээ үргэлжлүүлэн нэр үгийн харьцуулсан судалгаа хийж байгаа талаараа нэгэн илтгэлийнхээ үеэр дурдаж байсан.
-Миний судалгааны үндсэн чиглэл нь монгол-манж хэлний харьцуулсан судалгаа юм. Өөрөөр хэлбэл, алтай судлаач. Хэл шинжлэлд монгол, түрэг, манж-түнгүс, солонгос, япон хэлийг гарлын холбоотой гэж үзэх нь бий. Их эрт үедээ нэг хэл байснаа цаг хугацааны явцад салаалан холдож хөгжсөн гэж үздэг судлаачид байна. Тэрхүү нэгдмэл байсан үеийн хэлийг алтай хэл гэж нэрлээд буй юм. Дээрх таван хэлний өгүүлбэрийн бүтэц ижилхэн, үг бүтэх ёс ойролцоо, үгийн язгуурууд төстэй зэрэг нийтлэг зүйлс цөөнгүй бий. Нөгөөтээгүүр, эдгээр хэлийг ямар нэг гарлын холбоогүй, харин он удаан жил хөрш зэргэлдээ нутаглаж ирцгээсэн ард иргэдийн яриа бие биедээ нөлөөлж, хэв шинжийн хувьд адилхан болжээ гэж үзэх судлаач ч бий. Дэлхий дээрх хэлнүүд бүгд гарал төрлийн холбоонд оршдог. Өөрөөр хэлбэл, бие биетэйгээ холбоотой, бие биеэсээ аль нэг цаг үед салж холдон хөгжсөн байдаг. Тиймээс монгол хэл нь алтайн хэлнүүдтэй ямар холбоо хамааралтайг үгийн сангийн, хэл зүйн, авианы, өгүүлбэрийн гээд бүх түвшинд тодорхойлох шаардлагатай. Мөн өөр ямар хэлтэй гарлын холбоотойг тогтоох шаардлагатай юм. Аливаа хэлний үгийн санд харьцангуй тогтвортой хэрэглэдэг хэсэг нь үйл үг байдаг. Тиймээс монгол, манж хэлний үйл үгийг харьцуулан судалсан. 1980-аад оны үе гэхэд алтайн хэлний судалгааны арга зүй тохирохгүй, дан түүхэн-харьцуулсан аргаар судлах нь оновчтой биш гэсэн дүгнэлтэд судлаачид хүрээд байв. Тиймээс бид судалгаандаа арай өөр арга зүй ашигласан. Тодруулбал, зөвхөн энэ хоёр хэлийг хооронд нь харьцуулах бус, харин ойрын төрөл хэлнүүдийг нь ч хамт судалж, ижил язгууртай үгс хэрхэн тархсаныг нь тогтоосон юм. Ингэснээр алтай хэлний дундын шинжтэй үг үү, эсвэл аль нэг хэлнээс зээлдсэн үү гэдгийг тодорхойлох боломж бүрдэнэ. Миний судалгааны ажлын удирдагч А.А.Бурыкин түүх болон хэл шинжлэлийн салбарт Оросын шинжлэх ухааны тогтолцоогоор тус кандидат, докторын зэрэг хамгаалсан хүн байлаа. Судалгаагаа цаашид үргэлжлүүлэхийг, дараагийн шатны зэрэг хамгаалахыг урьж байсан даа. Гэсэн ч тухайн үед шууд үргэлжлүүлээд сурах боломж гараагүй юм. Номоо орос хэлээр бичиж хэвлүүлсэн тул бусад улсын манж судлаачид уншиж танилцаад, дорно дахин судлалын нэр хүндтэй цувралд эрдэм шинжилгээний шүүмж танилцуулга бичиж ойшоосон шүү. Харин одоо судалгаагаа үргэлжлүүлэн үгийн сангийн бусад нэгжийг харьцуулж байгаа. Үүний нэг хэсэг нь таны асуусан монгол-манж хэлний нэр үг юм. Бас нэг ном болгох гээд бичиж л байна.
-“Сайчунга судлал ба материал-IX” номын найруулгыг та хариуцсан байсан. Шинэхэн бүтээлийнхээ талаар тодруулна уу.
-Энэ нь Өвөр Монголын нэрт зохиолч Сайчунга буюу өөр нэр нь Сайнцогтын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан түүний зохиол бүтээл хийгээд амьдралыг нь судалсан байдлыг харуулсан ном зүй юм. Японы Оберлин их сургуулийн профессор Байгал гуай хамтран ажиллах санал тавьснаар энэ номыг гаргахад гар бие оролцсон. Бусад ботийг нь манай судлаачид хамтран гаргасан байдаг. Ямартай ч уншигчид Сайчунгаг өмнөхөөсөө илүүтэй мэддэг болоход эдгээр цуврал ном чухал үүрэг гүйцэтгэсэн байх. Ямар нэг сэдвийг гүнзгийрүүлэн судлахад ном зүйг ашиглахгүйгээр урагшлах боломжгүй. Тиймээс би оюутан үеэсээ л энд тэнд гарсан ном, бүтээлийг тэмдэглэж авдаг заншилтай, түүндээ үндэслээд “Хэл шинжлэлийн бүтээлийн ном зүй” (1971-2001) гэсэн бүртгэл ч хэвлүүлж байсан. Хүмүүст хэрэг болдог л юм шиг байна лээ.
-МУИС-ийн төгсөх түвшний оюутнуудаас өмнө нь монгол хэлний шалгалт авч байсан. Ингэснээр монгол хэл, бичиг найруулга хичээлийн хөтөлбөрийн үр дүнг тодруулахыг зорьж байгаа гэсэн. Ямар үр дүн гарсан бол?
-Залуучуудын бичгийн боловсрол тааруу болчихлоо гэж шүүмжлэх нь олонтоо. Ер нь манай сургуулийн оюутнуудын хувьд ямархуу түвшний мэдлэгтэйг тандах, цаашид юунд анхаарах ёстойг тогтоох зорилгоор 2022 онд МУИС-ийн захирлаар томилогдсон Д.Бадарч гуай Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимтэй хамтран хэрэгжүүлсэн ажил л даа. Шалгалтын үр дүн харамсалтай нь сайн байгаагүй. Суралцагчид мэргэжлийнхээ суурь сурах бичиг, ном бүтээлийг эх хэлээрээ уншвал зохилтой. Гэтэл манайд нарийн мэргэжлийн бүтээлийг монгол хэлээр зохиох нь битгий хэл орчуулсан нь хэд байдаг билээ. Хүн ийм зүйлээр л дамжуулж эх хэлнийхээ мэдлэг, боловсролыг нэмэгдүүлж, зөв бичсэн зүйлийг нүдэлж, зөв сайхан найруулгыг уншиж, оновчтой орчуулсан үг, нэр томьёог тогтоож байж л эх хэлээ сайн эзэмшдэг дээ. Үүнд манай орчуулагчид, судлаачид анхаараасай. Ялангуяа хэдхэн хоногийн өмнө чуулсан орчуулагчид санаа тавиасай. Бидний хувьд дээрх шалгалтын дүнд үндэслээд төрийн өмчит их, дээд сургуулиуд монгол хэл, бичиг, найруулга зүйтэй холбоотой хичээлүүдийнхээ хөтөлбөрийг нэгтгэсэн. Одоо манай багш нар уг хичээлийн сурах бичгийг зохиож байна. Бусад шаардлагатай ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Үр дүн нь шууд нүдэнд харагдаж, гарт баригдахгүй тул цаг хугацааны л асуудал болж таарах нь. Ер нь эх хэлний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай, үүний тулд монгол хэлийг мэдлэгийн хэл болгох ёстой юм.
А.Тэмүүлэн