Сонинд бичсэнээр, шифрлэгдсэн мессежийг уншихын тулд товчлуурыг хоёр гараараа зэрэг дарах шаардлагатай бөгөөд чухамхүү энэ үйлдэл л төхөөрөмж доторх тэсрэх бодисыг идэвхжүүлжээ.
"Пейжер хэрэглэж байсан хүмүүсийн хэн нь ч чадварлаг зохион бүтээсэн Израилийн тэсрэх бөмбөг биедээ авч явж байгаагаа сэжиглээгүй байна" гэж WP бичжээ.
“Моссад” тэсрэх бөмбөг суурилуулсан пейжуруудыг 2015 оноос хойш Ливанд нэвтрүүлж эхэлсэн байна. Маш том зай, мөн далд тэсрэх бодис, дайчдын яриаг сонсох систем бүхий эдгээр пейжеруудыг Израилийн тагнуулынхан өмнө нь дэлбэлэх боломжтой байсан ч илүү авсаархан шинэ пейжерүүдийг хөгжүүлэх шийдвэрт хүрчээ.
Эл шийдвэрийн үр дүнд Израиль “Apollo” брэндийн нэрийн дор боловсруулсан шинэ пейжерүүдийг 2022 оноос Ливанд нэвтрүүлж эхэлжээ. Пейжеруудыг задалсан ч тэсрэг бөмбөгийг илрүүлэх боломжгүй байв. "Хезболла" зарим пейжерүүдийг нарийвчлан задалж, тэр ч байтугай рентгенаар шалгасан байж магадгүй гэж Израилийн албаныхан үзэж байна. Тагнуулын гар урлалын хувьд эл боловсруулсан пейжер дайсны дунд нэвтрэх орчин үеийн хамгийн амжилттай, шинэлэг, хувилбаргүй төхөөрөмж аж.
Эх сурвалжийн мэдээлснээр Тайванийн “Аpollo” брэндийг халхавчаар ашигласан бөгөөд өмнөөс нь “Хезболла”- руу санал илгээж байгааг тус компани мэдээгүй аж. Израилийн тагнуулын алба жирийн гар утсыг хяналтандаа оруулж, сонсох, хянах төхөөрөмж болгон хувиргана хэмээн болгоомжилсон "Хезболла"-гийн удирдагчид “Apollo”гийн пэйжерүүдийг эрсдэл багатай гэдэгт итгэн 5000 ширхэгийг худалдан авч, хоёрдугаар сард дунд шатны дайчид болон туслах ажилтнуудад тарааж эхэлсэн байна.
Есдүгээр сарын 17-нд Израилийн үндэсний аюулгүй байдлын дээд байгууллагууд Хезболлагийн удирдагчдад цохилт өгөх эсэх талаар хэлэлцэж байх үед “Аpollo” брэндийн олон мянган пейжерүүд Ливан, Сири даяар нэгэн зэрэг дуугарч эхэлжээ. Дэлгэц дээр "Танд шифрлэгдсэн мессеж ирлээ" гэсэн богино өгүүлбэр арабаар гарч ирсэн байна.
Үүний улмаас Израил, АНУ, Ойрхи Дорнодын албаны хүмүүсийн мэдээлснээр, Хезболлагийн 2800 орчим гишүүд /ихэнх нь далд фронтын ажилтнууд/ амь үрэгдэж, шархдсан бол нас барсан энгийн иргэдийн тоо одоо болтол мэдэгдэхгүй байна.
Ливаны Мэдээллийн яам энэ үйл явдлыг "Израилийн түрэмгийлэл" гэж нэрлэсэн юм.