Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлага “Тогтвортой хөгжлийн төлөө” клубийн сэтгүүлчдийг хүлээн авч, байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулахаас гадна салбар хэлтсүүдээр нь зочлох боломж олголоо. Уулзалтын эхэнд сэтгүүлчдэд тус байгууллагын удирдлага мэдээлэл өгөхөөс гадна бид өөрсдийн сонирхсон асуултад хариулт авсан билээ.
Нэн тэргүүнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбоотойгоор мэдээлэл өглөө. Иргэний нисэхийн тухай хууль 1999 онд батлагдаж, түүнээс хойш 2001, 2003, 2008, 2011, 2015, 2017 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн, агаарын тээврийн цар хүрээ улам бүр өргөжихийн хэрээр тус хуулийг шинэчилж, салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүсээд байсан юм.
Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэн, нисэхийн аюулгүй байдал сайжрах юм. Мөн шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдсанаар нислэгийн осол, зөрчил гарах нөхцөлийг бууруулах, нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэх учиртай. Үүнээс гадна ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхээр ИНЕГ-ынхан зорьж буй.
Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжид нийт 2116 ажилтантай. Тус байгууллага жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс нийт ажилтны 799 эмэгтэй байхаар зохицуулалт хийжээ. Үүнээс 34 нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, хэлтсийн дарга, Иргэний нисэхийн үндэсний төвийн газар, хэлтсийн дарга, хэсгийн дарга, нисэх буудлын дарга зэргээр удирдлагын түвшинд амжилттай ажиллаж буй.
Нэмж сонирхуулахад Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албанаас гэрчилгээждэг үнэмлэх эзэмшигч нисгэгч, агаарын хөлгийн инженер, нислэгийн удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтан, аюулгүйн үзлэгийн шалгагч 1082 ажилтны 776 нь одоо хүчинтэй үнэмлэх эзэмшигч байгаагаас 265 нь эмэгтэй. Эдгээр үнэмлэх эзэмшигч 265 эмэгтэй ажилтны дөрөв нь нисгэгч, 11 нь агаарын хөлгийн инженер, 77 нь нислэгийн удирдагч, 31 нь нислэгийн мэдээллийн ажилтан, 142 нь аюулгүйн үзлэгийн шалгагч юм.
ГХАХ-ийн дарга Г.Батбаяр: Хүнгүй агаарын тээврээр донорын цус зөөвөрлөж байна
Дараа нь ГХАХ-ийн дарга Г.Батбаяр нэгэн сонирхолтой мэдээлэл өглөө. ИНЕГ-аас "Монголиан смарт дрон деливери" ХХК-д улсын хэмжээнд анхны болох Хүнгүй агаарын хөлөг гэрчилгээжүүлэлтийн 01 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инновац хөгжлийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг болон Ньюком Групп ХХК-ийн нийслэлийн хүн ам, иргэдийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах хүртээмжийн шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хүнгүй агаарын хөлгөөр (дрон/нисгэгчгүй нисэх хэрэгслээр) холбогдох эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүн хүргэх тогтмол нислэг үйлдэж байна. Энэхүү шинэлэг үйлчилгээний төслийг ИНЕГ-аас тууштай дэмжин ажиллаж байна.
Монгол Улс өнөөдрийн байдлаар Катар улс, Бүгд Найрамдах Грек улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Унгар Улс, АНУ-тай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр, Бүгд Найрамдах Сингапур Улстай агаарын харилцааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан аж. Ингэснээр манай улс дэлхийн 46 улсын 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болжээ.
Ц.Бат: Манай улс нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжтой
Дараа нь НААХЗА-ны дарга Ц.Бат мэдээлэл өгсөн. Тэрбээр, Монгол Улс олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын USAP-CMA хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтыг амжилттай давснаа онцолсон. Энэхүү аудит шалгалт нь манай улсын иргэний нисэхийн салбар өнөөдрийн хүрсэн түвшнээ үнэлүүлж, цаашид анхаарах асуудлуудаа тогтоож, цаашид илүү аюулгүй болгох зорилтуудаа төлөвлөж, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсноос гадна дараа дараагийн хүлээгдэж байгаа аудит шалгалтад амжилттай хамрагдах үндэс суурь болж байгаа аж. Ингэснээр манай улс олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжтой болжээ. Харин Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ гэх асуултад Ц.Бат “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 8 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “OPEN SKY” буюу “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталсан. Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болно. Ингэснээр нэгдүгээрт, нислэгийн тийз хоёр дахин хямдарна. Мөн АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-3 дахин багасна. Монголын агаарын тээвэрлэгчид АНУ-руу дурын хот руугаа шууд нислэг үйлдэнэ. Манай улсын иргэд АНУ- руу цаг мөнгөө хэмнэж хямд зардлаар зорчино. Жилд дунджаар 45 сая ам долларын урсгал монголдоо үлдэнэ. Хоёрдугаарт, АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг 50 шахам мянган монгол иргэний эрх ашиг хангагдана. Монголын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Гуравдугаарт, Монгол Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжнө. Гуравдагч хөршийн бодлого улам батажна гэх зэрэг олон талын өндөр ач холбогдолтой гэж хариулсан билээ. Улмаар Монгол Улсаас АНУ руу үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр байгуулжээ. Мөн АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компаниас баг 2024 оны зургадугаар сарын 3-ны өдөр Монгол Улсад ирж, 14 хоногийн хугацаанд ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.
Өөр нэгэн шинэлэг мэдээлэл өгсөн нь манай улс дотооддоо Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг авдаг болжээ. Энэхүү шалгалт нь харьцангуй бага зардлаар богино хугацаанд чанарын өндөр түвшинд боловсруулагдаж, бие даасан, тогтвортой, чанартай хэлний шалгалтын үйлчилгээг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой юм.
Г.Мөнгөнхуяг: “Ховд”, “Гурван сайхан” “Чойбалсан”, “Мөрөн” олон улсын нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
ИНҮТ-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын дарга Г.Мөнгөнхуяг Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөлтэй холбоотой товч мэдээлэл өгсөн. Төслийн хүрээнд “Ховд”, “Гурван сайхан” “Чойбалсан”, “Мөрөн” олон улсын нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагыг хангасан 4С, 4D хяналтын кодтой аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий Олон улсын нисэх буудал болгох төслийн үйл ажиллагаа, менежментийг төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр дотоодын агаарын тээвэрлэгчид Boeing 737-800, Airbus 319, Embraer 190 зэрэг том оврын агаарын хөлгүүдээр тогтмол нислэг гүйцэтгэх боломж бүрдэж, орон нутгийн нислэгийн тоо, багтаамж, зорчигч урсгал нэмэгдэнэ. Мөн “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаатай холбоотойгоор нисэх буудлын бэлэн байдлыг хангасан байна. Үүнээс гадна 3С хяналтын кодтой аэродромын хөөрч буух хучилттай зурвасын шинэчлэлтийн ажил хийгдсэнээр тогтмол нислэг үйлдэх боломжтой болж, цаашлаад нислэгийн давтамж нэмэгдэн, тасалбарын үнэ хүртэл буурах боломж бүрджээ.