Монгол орны хамгийн урт голд тооцогддог Орхоны эхэнд олон аж ахуйн нэгж алт олборлож, байгаль орчинд хор хохирол учруулж байсан билээ. Ус нь ихэд бохирдож, шавартайгаа холилдон урсаж байсан учраас олон нийтийн хүч, төр засгийн шийдвэрээр тэнд үйл ажиллагаа явуулж байсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсны үр дүнд бохирдол нь багассан. Сүүлийн 2-3 жил ус нь тунгалаг урссан гэдгийг нутгийн иргэд баталдаг. Гэтэл өнгөрсөн долоодугаар сард дахин улаанаараа эргэлдэж, шавар, шавхайтай холилдон урсах болсон талаар Өвөрхангай аймгийн иргэд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн юм. Орхон голын бохирдлын эсрэг олон жил тууштай тэмцэж буй “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадоржтой нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа. Тэрбээр дээрх иргэд мэдээлэл хийсний дараа газар дээр нь очоод ирсэн байна.
-Орхоны эхэнд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын улмаас гол бохирдож байгаа талаар та хамгийн их ярьж, тэмцэж ирсэн хүн. Сүүлийн 2-3 жилд тунгалагшаад байсан Орхон гол энэ зун дахиж улаанаараа эргэлдсэн талаар Өвөрхангайн иргэд мэдээлсэн. Та нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн гэлээ. Юунаас болж дахин бохирдоод байна вэ?
-Орхоны эхэнд олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн заримынх нь үйл ажиллагаанаас болж гол бохирдож байна. Өвөрхангай аймгийн харьяат, “Миний мөрөн” төрийн бус байгууллагын төлөөлөл болсон хоёр бүсгүй хэвлэлийн бага хурал хийснийг харсан. Үүний дагуу би газар дээр нь очиж үзээд ирлээ. Орхон гол руу бохир орж буй нь үнэн байна. Өнөөдрийн байдлаар Архангайн Цэнхэр сумын Орхон багийн нутагт “Би би эм эс”, “Алтай гоулд”, “Армико майнинг корпорац” гэсэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийг Өвөрхангай, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, цагдаагийн байгууллагаас газар дээр нь очиж шалгасан байна лээ. Төрийн байгууллагууд шалгасан асуудлыг би энд яриад яах вэ. Хууль, журмынхаа дагуу дүгнэлт, шийдвэрээ гаргах байлгүй.
-Орхон голын бохирдлын талаар ярих нь сүүлийн жилүүдэд багассан байсан. Энэ жил яагаад гэнэт бохирдол нь ихэсчихэв?
-2020-2022 оны хооронд Орхон гол тунгалаг урсаж, эзэнтэй, эзэнгүй нуурууд хэвэндээ байсан. Гэтэл 2022 онд тухайн бүс нутаг эзэнгүйдснээр газар газраас маш олон “нинжа” цуглаж, хууль бусаар олборлолт явуулсан. Тэгэхээр эзэнгүй байх нь бас хортой юм гэдэг нь харагдаж байгаа биз. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг хуулийн дагуу ажиллуулаад, нөхөн сэргээлтийг нь хийлгээд гаргах нь зөв юм гэсэн бодол төрөх боллоо. Энэ удаа бол “Алтай гоулд”, “Би би эм эс” ХХК-ийн олборлож буй хэсгийн ойролцоох цөөрмөөс бохирдсон ус Орхон голын нэг цутгал болох Их тээлийн гол руу орсон байсан. Намайг газар дээр нь очиход тэдгээр аж ахуйн нэгжийнхэн ус алдсан далангаа сэргээн босгож байв. Энэ жил Монгол орон даяар хур ус элбэгтэй, хаа сайгүй л үер болсон. Орхон голын эхэнд хоёр ч удаа сүрхий үер болсноос үүдэн эзэнгүй 600 га талбайд үүссэн нуур, овоолсон шороо голын ус руу орж бохирдол үүсгэсэн байна.
-Орхон голын эхэнд их хэмжээний талбайг сүйтгэж, нөхөн сэргээлт хийлгүй эзэнгүй орхисон байдаг. Хуучнаар БОАЖЯ, Экологийн цагдаагийн албанаас “Нөхөн сэргээлт” нэртэй үйл ажиллагаа явуулж, хариуцлагагүй уул уурхайн золиос болж орхигдсон газруудыг сэргээх төлөвлөгөө гарган ажиллаж байсан шүү дээ.
-Орхон голын эхэнд нөхөн сэргээлт хийгээгүй 600 гаруй га газар бий. Яст, Улаан чулуут, Өлтийн гол зэрэг газрыг сүйтгэж орхисон иргэн, аж ахуйн нэгжүүд тодорхойгүй. Тиймээс хариуцах ямар ч эзэнгүй үлдсэн. Тэдгээрийг төр хариуцах эзэнтэй болгомоор байгаа юм. Зарим нь “Монгол газар” ХХК-тай ч хамааралтай байх. Сүйтгэсэн газраа нөхөн сэргээе гэж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, орон нутгийн удирдлага нь дэмжих хэрэгтэй болов уу.
-Алт олборлолтоос үүдэлтэйгээр орон нутгийн хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө гарч байгаа нь ажиглагддаг уу. Магадгүй газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн байх боломжтой юу?
-Алт газрын гагнаас гэдэг. Газрын доор байхдаа эмэгтэй хүний төрхтэй байдаг гэж надад нэг эрдэмтэн ярьж байлаа. Олборлогчид тухайн төрхөөс гар, хөл, толгойг нь тасдаж аваад байдаг гэж зүйрлэж байсан л даа. Алтыг нь ухаж аваад нөхөн сэргээлт хийсэн ч тэр газар нягтралгүй, сэвсгэр болж үлдэж байгаа юм. Тухайн газар нутагт хоёр жилийн өмнө газар хөдөлж буй нь ард иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. Газар хөдлөхөөс гадна алт олборлосноос үүдэн тухайн бүс нутгийн иргэдийн өвчлөл бусад багийнхнаасаа илүү байна уу даа гэж надад ажиглагддаг юм. Цэнхэр сум зургаан багтай. Түүнээс алт олборлож буй багийн хүн амын дундах хорт хавдрын өвчлөл, нас баралт бусдаасаа илүү юм шиг санагдсан. Янз бүрийн химийн бодис, тоос шорооноос үүдэлтэй л болов уу. Дээхнэ үед бол ард иргэд бохирдсон Орхон голын уснаас ундандаа хэрэглэж байлаа. Саванд ус хийж авахад доор нь дөрвөн хуруу хэртэй шавар үлдэж байсан юм. Ийм ус ууж байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар л сайн байв гэж дээ.
-Та болон таны удирддаг төрийн бус байгууллагынхан олон жилийн өмнөөс л Орхон голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх гэж, байгаль орчныхоо төлөө тэмцэж байсан. Түүний үр дүнд БОАЖЯ, Мөрдөн байцаах газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олон ч аж ахуйн нэгжийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэтэл шүүхээр нэг нь ч эцэслэн шийдэгдэлгүй дарагдсан. Яагаад чимээ аниргүй болсныг манай уншигчдад эргэн сануулж, тайлбарлаж өгөөч.
-Тухайн үед техникжсэн “нинжа” нар ямар ч тусгай зөвшөөрөл авалгүй дураараа дургиж байсан юм шүү дээ. “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр тэднийг Орхон голын эхэнд алт олборлуулахаар оруулснаас болж бохирдол дээд цэгтээ хүрч байв. Тэгэхэд ЦЕГ-ын удирдлагад нөхцөл байдлыг танилцуулсны үр дүнд Мөрдөн байцаах газар (МБГ), Өвөрхангай, Архангай аймгийн цагдаагийн ажилтнууд газар дээр нь очиж ажиллан 32 компанийн удирдлагад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм л даа. МБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, тухайн үед хошууч цолтой байсан санагдана, Б.Цогтбаатар ахлан тухайн хэргийг хоёр жил шахам шалгаад, маш олон тооны хавтастай нотлох баримт цуглуулан яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байлаа. Гэтэл тухайн үед Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын шийдвэрээр бүх хэргийг хэрэгсэхгүй болгож замхруулсан даа. Д.Дорлигжав магадгүй авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байснаас л тэр 32 аж ахуйн нэгжийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болов уу гэж харддаг. Хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг бохирдуулсан гэдгийг мөрдөн байцаагч нь тогтоогоод өгчихсөн атал прокурор хэрэгсэхгүй болгосны муу үр дагавар өнөөдрийг хүртэл арилахгүй л байна шүү дээ.
-Орхон голын бохирдол “Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай холбоотой гэж та хэллээ. Тэр хүн бусдыг залилан мэхэлсэн хэрэгтээ ял шийтгүүлж, хоригдож байгаад Ерөнхийлөгчийн зарлигаар уучлалд хамрагдан ялаас чөлөөлөгдсөн. Та ер нь Ц.Мянганбаяр гэдэг хүнтэй нүүр тулж, байгаль орчин бохирдуулсан талаар нь хэлж байв уу?
-Өмнө нь огт уулзаж байгаагүй ээ. Гэтэл саяхны нэг өдөр тааралдлаа. Тэгээд надад “Дүү нь ял шийтгүүлж, хэцүү нэртэй газар сууж байгаад ирснийг та мэдсэн байлгүй. Ерөнхийлөгчийн зарлигаар гарч ирлээ. Намайг танай нутагт үйл ажиллагаа явуулж байхад та ихээхэн тэмцдэг байсан. Танаас нэг зүйл хүсье” гэж байна. Юу юм бол гээд цааш сонстол “Компанийн үүрэг ч бий. Хувь хүний үүрэг хариуцлага ч байдаг. Монгол хүн бүр л байгаль эхээ хайрлах ёстой талаар ярьдаг. Би байгаль орчныг сүйтгэсэн хүн. Танай нутаг дахь хоёр тусгай зөвшөөрлөө олж аваад, 2025 онд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт нь хүлээлгэж өгмөөр байна. Та энэ тал дээр намайг дэмжиж, хамтарч ажиллаарай. Та өөрөө төр болон орон нутгийнхантайгаа нийлж хяналт тавиарай. Би өмнөх үйлдлүүдээсээ сургамж авч тантай уулзъя гэж бодож байсан юм” гэж байна. Ц.Мянганбаяр өөрийнхөө алдааг гэмшиж, зөв санал тавилаа гэж би бодож сууна.
-Нөхөн сэргээлт нэрийн дор “Монгол газар”-ын удирдлага олон аж ахуйн нэгжтэй алт олборлох гэрээ байгуулж байсан нь ч хууль хяналтын байгууллагын шалгалтаар тодорхой болсон байдаг шүү дээ. Тэр гэрээ байгуулсан компаниудаас сүйтгэсэн газраа нөхөн сэргээсэн нь хэд вэ?
-Орхон голын эхэнд “Батдөлгөөн мөрөн” гэдэг компани уул уурхайн үйл ажиллагаанаас үүссэн хаягдал, нуур, цөөрмийн эргэн тойрны даланг хүчитгэж, усыг нь гол руу алдалгүй барьж байна лээ. Энэ компани л хууль журмынхаа дагуу нөхөн сэргээх ажлаа хийж байгаа юм. Харгуйт гэдэг газрыг тус компанийнхан сайхан сэргээсэн. Бусад аж ахуйн нэгжийн дийлэнх нь олборлолт хийснээс биш, нөхөн сэргээлт хийлгүй явсан. Үүнээс болж Ц.Мянганбаяр л хохирч байгаа болов уу.
-Орхон голын эхэнд гурван аж ахуйн нэгж ажиллаж байна гэж та хэллээ. Тэд хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг нөхөн сэргээж чадаж байгаа болов уу?
-Тухайн аж ахуйн нэгжүүд хууль, журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулж буй, эсэх нь миний санаанд огт нийцэхгүй байгаа. Тэдний үйл ажиллагаанаас болж байгаль дэлхийд хор хохирол учирч, гол ус бохирдож буй нь үнэн. Тэд хариуцлагагүй ажиллаж байна. Гэтэл хариуцлагагүй ажиллаж байгаагаа дарагдуулах, олон нийтийн амыг барих гэж их хэмжээний мөнгө амлаж, тарааж буй нь харамсалтай.
-Хэдий хэмжээний мөнгө, яах гэж тарааж байгаа юм бол?
-Өлзийбаяр гэдэг захиралтай “Би би эм эс” гэдэг компанийнхан Орхон багийн айл өрхүүдэд тус бүр 25 сая төгрөг өгсөн байна. Энэ мөнгийг авахаар дугаарлаж зогссон нутгийн иргэдийн зургийг тэнд байдаг манай төрийн бус байгууллагын гишүүд авч илгээлээ. Тус компани байгаль орчинд хор хохирол учруулж байсан учраас нутгийн 20 гаруй иргэн эсэргүүцэн, үйл ажиллагааг нь зогсоолгох гэж Өлтийн даваанд техник хэрэгслийг нь явуулахгүй саатуулсан юм. Гэтэл тэдний амыг барих гэж их хэмжээгээр мөнгө тараасан байна. Ийм их мөнгөөр хүмүүсийн амыг барьж байхынхаа оронд баг, сум, аймагтай хийсэн нийгмийн хар иуцлагын, хамтын ажиллагааны гэрээндээ сан байгуулахаар тодорхой тусгаж, түүгээр дамжуулан нутгийн иргэд, оюутан залууст дэмжлэг үзүүлдэг баймаар юм. Оюутолгойн нутгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанаас л сэдэл авч болмоор санагдана. Бас “Макс групп”-ийн нутаг орондоо явуулдаг ажиллагаанаас ч суралцаж болмоор юм.
-Орхон багийн айл өрхүүдийн амыг таглах гэж мөнгө тарааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.
-Тийм ээ. Үндсэн хуульд зааснаар бол газар, түүний хэвлий, баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч гээд заасан шүү дээ. Тэгэхээр ард түмний өмчийг ашиглаж байгаа “Би би эм эс” ХХК-ийн удирдлага Орхон багийн 300-хан иргэнд бус, Цэнхэр сумынхан, цаашлаад Архангай аймгийнхан, Монгол Улсын бүх хүнд 25 сая төгрөгөө тарааж өгөх ёстой.
Энэ “Би би эм эс” гэж компани магадгүй хууль бус үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй. Тиймдээ ч аймаг, сум, орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудын амыг хаах гэж авлига, хээл хахууль өгсөн байх магадлалтай. Тэгээд л тус компанийн удирдлагын эрхэнд 100 хувь оржээ гэж би хардаж байгаа. Яагаад ингэж хардаж байна вэ гэхээр “Би би эм эс” гэдэг компанийн явуулж буй үйл ажиллагааны эсрэг аймаг, сумын удирдлага ам нээх эрхгүй байгаа юм. Тус компанийн хууль бус үйлдлийг олж илрүүлдэггүй, зөвхөн тухайн компанийн удирдлагын харцаар хөдөлж байгаа мэт санагдсан.
-Тус компанийнхан хэзээ, хэрхэн тусгай зөвшөөрөл авч, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ?
-Хэзээ, хэрхэн авсныг нь би сайн хэлж мэдэхгүй юм. Тус компанийн захирал Өлзийбаяр “Алтан дорнод Монгол” ХХК-ийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлүүдийг авч ажиллуулдаг юм билээ. Зарим хүний хэлснээр “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдын садан төрлийн хүн юм гэнэ билээ. Өлзийбаяр болохоор “Орхон голын эх рүү өөр компани оруулахгүй” гэж ярьдаг юм гэнэ лээ. Үнэхээр бусад аж ахуйн нэгжийг оруулахгүй гэж байгаа бол өмнө нь сүйтгэгдсэн эзэнгүй газруудыг ч хамтад нь авч нөхөн сэргээх хэрэгтэй шүү дээ. Бас айл өрх тус бүрд амыг нь хаах гэж 25 сая төгрөг өгч байхаар Орхон баг руу засмал зам, цахилгааны дэд бүтцийг нь тавьж өгвөл нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үзэж болмоор санагдана.