Цагдаагийн байгууллагаас Үндэсний эвслийн сонгуулийн төв штабын байранд өчигдөр гэнэтийн шалгалт хийсэн байна. Үүнийгээ тэд “хойшлуулшгүй ажиллагаа” хэмээн тодотгосон гэнэ. Мөн нэгэн сайтаар тус эвслийн штабт хятад, солонгос хүмүүс болон троллууд ажиллуулж буй тухай мэдээлэл цацсан юм байна. Энэ бүхэнд Үндэсний эвслийн сонгуулийн төв штабыг удирдаж буй, жагсаалтаар нэр дэвшигч Л.Пүрэвдаваа тайлбар өгсөн юм. Тэрбээр “Манай штаб хуулийн дагуу ухуулагч, ажилтнууд ажиллуулж буй. Эдний дунд нэг ч гадаад улсын иргэн байхгүй, тролл ажиллуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хүний амь настай холбоотой эрсдэл үүссэн нөхцөлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах хуультай.
Гэвч манай штабт шалгалт хийж, тойргуудаар ажиллаж буй нэр дэвшигчдэдээ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сонгуулийн тактикаа ярилцах боломжийг хааж байна” гэв. Тус эвслийн хуульч Ө.Батхүү “Уг сонгуульд Үндэсний эвслийг оролцуулахгүй байх, саад учруулах ажиллагаа явуулж байна. Эвслийн тэргүүн болон гурван нэр дэвшигчийг СЕХ бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргасан нь хууль бус байсныг шүүх тогтоосон. Жагсаалтаар нэр дэвшсэн Н.Хулан хамгийн сүүлд үнэмлэхээ авлаа. Сонгууль бол төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх, ажиллаж чадаагүйд нь хариуцлага тооцох арга зам. Үүнд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцож буй нь харамсалтай байна. Эхлээд нэг хэвлэлээр мэдээлэл цацаад, араас нь цагдаагийн байгууллагынхан шалгадаг нь танил технологи биш гэж үү. Шударгаар өрсөлдье” гэлээ.
Үүнтэй холбоотойгоор тус эвслээс албан ёсны шаардлага гаргаж, “Сонгуулийн штабын байранд neguun.mn сайтаас зохион байгуулалттайгаар дайрч, халдлаа. Тус сайтын сэтгүүлч гэх эмэгтэй орж ирсэн цагаасаа эхлэн 800 хятадын хэрэг, мөнгө угаалт, хүн худалдаалах гэмт хэрэг гэхчлэн утга хамааралгүй, урьдчилан бэлдсэн түлхүүр үгсээр тасралтгүй лайв хийлээ. Улмаар үймээн үүсгэж, цагдаа дуудан штабын байрыг битүүмжлэв. Бэлдсэн хүнээсээ яриа авч, бэлдсэн цаасаа халааснаасаа “баримт” гэж гарган, урт удаан “жүжиг” тоглож байна.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад 48 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед зориудаар штабын үйл ажиллагааг саатуулж, халдаж байгаа нь илт зорилготой нь тодорхой байна. Үгээ, юу үзүүлэхээ бэлдсэн үйлдэл нь тавилттай энэ турхиралт улс төрд шинэ хүчин болсон Үндэсний эвслийг зориудаар харлуулах гэсэн явуулга боллоо. Сонгуулийн санал авах өдрөөс хэдхэн хоногийн өмнө ард иргэдийн итгэл үнэмшилд халдаж, Үндэсний эвслийг дэмжиж буй олон мянган сонгогчийн итгэлийг мохоох гэсэн увайгүй энэ үйлдлээ зогсоохыг эрх баригч хүчнээс шаардаж байна” хэмээн мэдэгдлээ.