Монгол Улс түүхэндээ холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлэх гэж байна. Тогтолцооны хэмээн нэрлэж буй уг өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд парламентад нэр цэвэр, ёс зүйтэй, чадварлаг дүр төрхийг түлхүү сонгох хариуцлагатай цаг үе ирээд байгаа юм. Энэ удаа “Өнөөдөр” сонин сонгогчдынхоо боловсролд хувь нэмэр оруулж, мэдэх эрхийг ханган, УИХ-д сонгож болохуйц нэр цэвэр, мэргэжлийн, ёс зүйтэй, чадварлаг хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна. Тэдний үзэл бодол, туулсан зам, туршлага, мэдлэгийг харгалзаж хэнд төрийн жолоог атгуулахаа шийдэхэд тань тус болохыг зорилоо
-Та 2017 оны сүүлчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албаа өөрийн хүсэлтээр өгөхдөө Канадад сурах тухайгаа өргөдөлдөө бичсэн байсан. Сургуулиа төгсчихсөн үү?
-2016 онд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байх үед аавын маань бие муудсан учраас дуусгалгүй хүрээд ирчихсэн юм. Бас тухайн үед мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын яамны удирдлгын багт ажиллах санал авсан байсан
Аавыгаа асрахын хажуугаар ажлаа хийж байлаа. Гэхдээ эрдмийн ажил маань орхигддог юм билээ. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж, шинэ сайд ирээд хамтран ажиллах боломжгүй тухайгаа хэлсэн тул албаа өгсөн. Ингээд диссертацаа бичихийн зэрэгцээ газар тариалангийн үйлдвэрлэлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээний компаниа ажиллуулсан. Аав маань ч мөнх бусыг үзүүллээ. Энэ ташрамд, Монголынхоо эмч, эрүүл мэндийн салбарынхандаа талархаж явдгаа хэлье. Удаан хугацаанд хүнд оноштой, амьдрах найдвар багатай байсан ч эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрдэм мэдлэгийн ачаар гурван жил торгоож, энэ бүх хугацаанд аавтайгаа хамт байх боломж олгосонд баярлаж явдаг юм.
Судалгааныхаа ажлаар Монгол, Канадын хооронд явж суралцаж байтал “Ковид-19” цар тахал дэгдсэн. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Боомтын үндэсний зөвлөлийн даргын хувиар тус зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьсныг нь хүлээж авч, ажилласан. “Ковид”-ын гэх хуулийн хүрээнд боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулж, Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтод терминал яаралтай байгуулах ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран босгох гэх мэт ажлыг бид хийсэн. Шинээр санаачилж хийх ажил, гүйцэтгэлд нь хяналт тавих гээд ачаалал өндөртэй үе байж. Ер нь ямар ч ажлыг гүйцэтгэл сайтай, төгс хийх ёстой гэж зүтгэдэг зантай. Үүнээс болсон уу, эрүүл мэнд маань эмчилгээ хийлгэхээс аргагүйд хүрсэн учраас анх санал тавьсан хүндээ учир байдлаа хэлсэн. Судалгааны ажлаа хойш тавьчихсан байсан учраас эрдмийн ажилдаа ч төвлөрөхөөр шийдсэн. Цар тахал ч аядаж, эхний боломжит онгоцоор Канад руу явж, диссертацын ажлаа дуусгаж, хамгаалаад 2022 оны аравдугаар сард ирсэн.
-Уучлаарай, та сургалтын зардлаа өөрөө төлсөн үү?
-Уг нь Боловсролын зээлийн санд хандаж байсан. Тэр зээл нь гэхдээ бидэнд олдохооргүй юм билээ. Канадад магистр, докторын зэрэг хамгаалахдаа аль алинд нь тус улсын тэтгэлгээр суралцсан.
-Таны докторын судалгааны ажлын сэдэв нь юу юм бэ?
-Хөх далан хальс гэж жимс байдаг. Манайхан чонын элэг ч гэж нэрлэдэг. Англи нэршил нь blue honeysuckle. Дэлхийд энэ ургамлын 200 гаруй зүйл байдгаас Монголд дөрөв нь ургадаг. Мөн нэг зүйл нь Канадад бий. Ой болон чийглэг газарт тархсан тэр зүйлийг нь хиймэл орчинд буюу хүлэмжинд ургуулсан. Түүнийгээ дэлхийн бусад газарт ургадаг зүйлүүдтэй нь харьцуулсан юм. Ингэхдээ нэг таримал сортыг жишээ болгон авч далан хальсын бусад дэд зүйлээс ямар ялгаатай байна вэ гэдгийг нь судалсан. Уг жимсийг хүлэмжинд үйлдвэрлэлийн зориулалтаар тарьсан нь олон улсад анхных байлаа. Улмаар хүйтэн улиралд ч хүлэмжнээс шинэ жимс нийлүүлэх боломжтойг туршилтаараа харуулсан. Гэхдээ үүнд сайн технологи, олон талын хүчин зүйл шаардлагатай. Тухайлбал, зарим далан хальс өргөөшөө ургадаг. Цаашид хүлэмжинд ургуулах юм бол босоо архитектуртай ургах сорт хэрэгтэй. Тийм генетикийн эрэлд гарах ёстой гэсэн үг. Хүлэмжийн үнэтэй орон зайг оновчтой ашиглаж байж илүү их үр өгөөж хүртэнэ шүү дээ. Мөн далан хальсны аль ген нь ургац өндөртэй байна вэ гээд судлахаар хоёр дэд зүйл гарч ирж байгаа юм. Нэг нь япон, нөгөө нь алтайский буюу Монголын баруун хязгаарынх. Цаашид эдгээр генийг үржил, селекцийн ажилд ашиглаж, үндэсний сорт гаргах боломж бий.
-Монголчууд далан хальсыг жимсний тариаланд нэвтрүүлж хэрэглэдэг уу. Хэр түгээмэл вэ?
-Манайхан байгальд ургасныг нь түүж аваад хэрэглэчихдэг. Үүн шиг амархан үйлдвэрлэл үгүй биз дээ. Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнд Оросын болон Канадын дээр үеийн цөөн сорт бий. Эдгээр нь цэцэрлэгжүүлэлтийн зориулалттай. Далан хальс нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн түрүүлж ургаж, болц нь гүйцдэгээрээ онцлогтой. Тиймээс оросууд хашааныхаа цэцэрлэгт зориулан гаргасан сорт олон байдаг. Харин дэлхийн хэмжээнд жимсний тариаланд хэрэглэж болох сортын дийлэнх нь Канадынх бөгөөд миний судалгааны ажлыг удирдсан багш гаргасан байдаг. Тэдгээр сортыг тариалах эрхийг Монголд авахаар ажиллаж байгаа. Канадад оюуны өмчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин чанга. Түүнийгээ ч чандлан мөрддөг учраас хугацаа их зарцуулж байгаа. Манайд Үр, сортын тухай хуулийг саяхан шинэчилсэн. Энэ хуулийн төслийг боловсруулахаас эхлэн батлах хүртэл нь ажлын хэсэгт орж ажилласан. Уг хуулиар бид дэлхийн таримал ургамлын хамгийн сайн сортуудыг Монголд албан ёсоор тариалах эрх зүйн орчин бүрдэж байна. Одоо Монгол Улс таримал ургамлын шинээр гаргасан сортын оюуны эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагад элсэн орох шаардлагатай. Ингэж байж сайн чанарын сортыг эх орондоо авчирч нутагшуулах хууль, эрх зүйн үндэс баталгаатай бүрдэнэ.
-Докторын зэрэг хамгаалж ирээд та Монголдоо юу хийв?
-2023 онд Канадаас ирээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад зөвлөхөөр ажилласан. Малчдын амьжиргааг сайжруулах, хүлэмжийн хийг бууруулахад сүүлийн үеийн техник, технологи ашиглах зэрэг чиглэлээр хэд хэдэн төсөл бичлээ. Үргэлжлүүлээд ХААИС-ийн эрдэм шинжилгээ, инновац хариуцсан проректороор ажилласан. Ер нь ямар ч ажлыг барилгаар жишээ татвал сууринаас нь, цаашлаад бүр хөрснөөс нь эхлүүлэх нь зүйтэй гэж үздэг. Би өөрөө ХААИС-ийн “бүтээгдэхүүн”, агрономич мэргэжлээр төгссөн. Сургууль маань миний суралцаж байх үеийнх шиг биш болсон байсанд сэтгэл жаахан гонсойсноо нуугаад яах вэ. Нэг талаар надад ойлголт, мэдээлэл дутуу байсныг үгүйсгэхгүй. Санхүү, эрдэм шинжилгээ, инновацын талаас нь харвал сэтгэлд хүрэхээргүй зүйл олон байсан учраас эдгээр асуудлыг эхнээс нь цэгцлэх гэж хичээсэн. Болж, бүтэж байгааг нь үгүйсгэх гээгүй шүү. ХААИС-ийг хөгжихөд саад болж буй асуудлыг бодлогын хүрээнд цогцоор нь авч үзэж, шийдвэрлэх ёстой. Сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн гэдэг талаас нь харахаар боловсролын асуудал хариуцсан яамны хариуцах ажил мэт. Гэвч яам дангаараа бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм билээ. Засгийн газар нь бодлогоор дэмжиж, олон талын оролцоотойгоор ХААИС-ийг хөгжүүлж байж Монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөхүйц, манай хөдөө аж ахуйн салбарыг авч явах боловсон хүчин бэлтгэн гаргах нөхцөл бүрдэнэ. Үнэндээ одоо манай сургуулийг төгсөгчид ажлын талбарт гарахад ихэнх нь гологдож байна. Нөгөө талаас Монголын хөдөө аж ахуйн салбар цалин хөлс, ажиллах орчин гээд олон талаар сонирхол татахаа байчхаж. Залуу хүнд ажиллах урам зориг өгөх орчин тэнд алга. Энэ салбарыг сонгоод аятайхан амьдарна гэсэн ирээдүй харагдахгүй байхад түүнийг сонгохгүй байгаа хүмүүсийн буруу биш шүү дээ. Иймд энэ салбарыг орчин үеийн, үр ашигтай, сонирхолтой болгох ёстой. Үүний тулд асуудлаа томоор нь харж, тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол нэг хананд тулаад нэлээд удчихаж. Шийдэхийн тулд улс төрийн талаас нь ч гэсэн харж оролцох ёстой.
-Та ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?
-Оюутан байхаасаа дадлагын талбайд өнждөг байлаа. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, одоогийн Мандал сумд агрономичоор ажилласан. Ингээд Европын Холбооны газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх төслийн мэргэжилтнээр гурван жил ажилласан юм. Тэр төсөл маань Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяалагдсан учраас яамтай ойрхон байсан. 2007 онд магистраа хамгаалчхаад Монголд ирээд, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажилд орох гээд өргөдлөө өгсөн юм. Уг нь ХААИС-д ажиллах гэсэн ч орон тоо байгаагүй ч юм уу, намайг аваагүй. Гэтэл яаманд мэргэжилтнээр биш, сайдын зөвлөхөөр ажиллуулахаар болсон. Сайд нь Д.Тэрбишдагва гуай байв. Дараа нь яамныхаа Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажилласан. Салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөр, мэдээлэлд хяналт, үнэлгээ хийдэг байсан учраас хөдөө аж ахуйг том зургаар нь харахад дөхөм болсон. Ингээд яамныхаа Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Бяцхан түүх ярихад, бид амархан мартдаг. 2007 оноос дэлхий даяар хүнсний үнэ огцом өсөж, жилийн эцэс гэхэд бид идэх гурилгүй шахам болсон үе байсан шүү дээ. Тухайн үед хойд хөршөөс улаан буудай авч хоолтой залгаж байсан. Эндээс үүдэн “Атрын III аян”-ыг эхлүүлсэн. Олон улсын нөхцөл байдал, цаг уурын өөрчлөлт гээд ирээдүйд ийм байдал давтагдахгүй гэх газаргүй.
-Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өг гэж таныг шахсан тэр үед өөр олон ч хүнээр өргөдлийг нь бичүүлсэн дээ.
-Албан тушаалтай зууралдах сонирхол надад байдаггүй. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар бараг миний хобби болчихсон. Саяхан Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүнээр сонгогдсон. Газар тариалантай эргээд л холбогдлоо. Төр засаг, олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах бодолтой байна. Цаашид бид зөвхөн улаан буудай бус, олон төрлийн ургамал тариалж, экспортлох боломжтой. Мал аж ахуйн тэжээлийг бэлтгэх салбар нь ч газар тариалан. Энэ салбарыг сайтар хөгжүүлж байж хүнс экспортлогч болно. Гурилын хэдхэн үйлдвэрт арга хэмжээ авахаар салбар нь тэр чигээрээ уначих хэмжээнд байж болохгүй. Ажлаа өгсөн шалтгаанаасаа ярилцлагын эхэнд хэлсэн. Асуусан учраас хариулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг надтай хамтарч чадахгүй гэхдээ гадаад улсад Элчин сайдын яаманд ажиллах уу гэдэг саналыг ч тавьж байв. Ажлаа өг гэж хэлсэн даруйд нь л өргөдлөө бичсэн.
-Газар тариалангийн салбарын хүн улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг базаж, нэгтгэхэд ямар байв?
-Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр санал тавьж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг зангидаж, эцэслэх хэрэгтэй байгааг хэлсэн. Яг суугаад ажиллахад амар байгаагүй. Салбар салбарын олон хүн тархи, оюунаа гашилгаж, тунгаасан зүйлсийг цэгцэлж, сонгуульд оролцох эхний шатыг давуулах нь хариуцлагатай ажил байлаа. Үндсэндээ мөрийн хөтөлбөрт тусгах суурь асуудлууд нь тодорхой, бэлэн байсан гэсэн үг. Тэдгээрийг чамбайруулж, уялдаа холбоог нь хангахад анхаарч ажиллалаа. Ямартай ч Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн гэж үзэж, Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжийг нь гардуулаад байна.
-Намдаа гомдож, тунирхсан хүмүүс Үндэсний эвсэлд нэгдэж байна гэх яриа бий. Та улс төрийн гэхээс төрийн захиргааны албанд хүчин зүтгэж ирсэн ч МАН-ын Засгийн газарт ажиллаж байсан шүү дээ.
-Гомдох юу байх вэ. Төрийн алба халаа сэлгээтэй л байдаг. Харин миний баримталдаг зарчмыг төрд хүлээн зөвшөөрдөггүй байсан тал бий. Надаас илүү чадвартай, мэдлэгтэй хүн олон байгаа. Тэгээд ч намайг дэвш, өрсөлд гэж байсангүй. Энэ удаа мэддэг, чаддаг зүйлээрээ хүчин зүтгээд үзье гэж бодсон хэрэг. Түүнээс биш ажилгүй, орлогогүй болчихоод төр лүү зүтгэх гээд байгаа юм биш. Миний тархийг хэн ч ухаад авчихгүй. Канадад багшлах санал ч ирж л байсан. Тухайн үед тэтгэлгийн болзол, шалгуур нь Монголдоо буцаж, ажиллах байсан учраас түүнийгээ ч биелүүлсэн. Энэ үүргээ дийлэнх нь биелүүлдэггүй. Гадаадад үлдэж байгаа хүмүүсийг буруутгахгүй гэсэнгүй. Тэдэнд ямар ч шалтгаан байж болно.
-Ямар зарчим тань зарим талаар адлагддаг байсан юм бол?
-Яамны мэргэжилтэн байлаа гэхэд тэр хүн л ажлаа бүрэн хариуцах ёстой гэж үздэг. Үүний тулд мэргэжлийн байх шаардлагатай. Сайхан дуулдаг, сагс, волейбол сайн тоглодог хүнээр мэргэжилтний орон тоог бөглөх ёсгүй. Ер нь төрийн албанд ийм зөрчилтэй зүйл нэлээд ажиглагддаг.
-Та Сэлэнгийнх үү?
-Аав маань Сэлэнгэ, ээж Баянхонгор аймгийнх. Аав эмч, ээж багш мэргэжилтэй. Улаанбаатарт мэндлээд, хоёр сартайдаа Ерөөд ирсэн гэдэг. Эмээ дээрээ өссөн хүүхэд л дээ, айлын том. Ерөөд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Аав, ээж дээрээ бас очно. Аав эрүүл ахуйч эмчээр энд, тэнд томилогдож ажилладаг байсан учраас манай гэр бүл дагаад л явдаг байсан. Эмээ маань өдгөө 100 гаруй настай буянтай буурай бий. Нүдээ нээсэн бол бос, ажил хийвэл дуусга гэх мэт эмээгийнхээ сургаалыг өнөөдөр ч мөрдөж л явна. Бага ангийн гурван жилээ “Дарханы IV” буюу орос сургуульд сурч өнгөрүүлсэн нь гадаад хэл сурах суурийг тавьж, олон боломжийг нээсэн гэж боддог.