Монголын пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан, ОУХМ Г.Сумъяасүрэн хүчний спортоор хичээллээд хоёр жил болж буй. Хүсэл сонирхлоороо пауэрлифтингтэй нөхөрлөж, уйгагүй хичээж зүтгэснийхээ үр дүнд тэрбээр өдгөө тив, дэлхийн медальтан болжээ. Үеийнхнээсээ цойлон, богино хугацаанд амжилт гаргаж шилдгүүдийн эгнээнд жагсахад түүнд дасгалжуулагч багш нарынх нь бэлтгэл хийлгэдэг арга барил, ухаан, ямар ч үед найдвартай ар тал болж ирсэн гэрийнхнийх нь дэмжлэг, тусалж дэмждэг нутгийн зон олных нь итгэл багагүй нөлөөлжээ. Дотооддоо УАШТ-ий дөрвөн түрүүтэй шавилхан охин эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд оролцохоор хөлгийн жолоо цөөнгүй залсан. Тэр цагаас дурлаж хичээллэсэн спорт нь түүнд огт төсөөлж байгаагүй амжилт хайрласан гэдэг. Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Мосес Котане хотын Сан сити мужид өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон пауэрлифтингийн ДАШТ-д өсвөр насныхны ангилалд алт, хүрэл медаль гардаж, шилдэг тамирчнаар шалгарч байв. Тэгвэл Японы Хоккайдо аралд есдүгээр сард зохион байгуулсан пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн АШТ-д Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 10 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр өсвөр үеийнхний 69 кг-ын жинд хошой алтан медальтай ирсэн билээ.
-Сумъяасүрэн нэртэй тамирчин Монголд цөөнгүй бий. Пауэрлифтингийн тэмцээнд нэрийг тань зарлахаар эхэндээ эрэгтэй гэж боддог байлаа.
-Монголд болдог тэмцээнд нэрийг минь зарлахад хүмүүс намайг эрэгтэй тамирчин гэж боддог юм билээ. Дэвжээнд өрсөлдөхөөр гарахад гайхаж “Өө, эмэгтэй хүүхэд байна шүү дээ” гээд ярилцах нь сонсогддог.
-Загвар өмсөгч болохоор зорьж байсан охиноо бөх, хүчний спорттой нөхөрлөхөд аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бол?
-Намайг спорттой нөхөрлөхөд хамаатан садны ах, дүүс эхэндээ дуртай байгаагүй. Тэд “Чамаас бөх барилдах жин ер харагдахгүй байна. Ийм жижигхэн биеэс төмөр өргөх хүч, тэнхээ гарна гэж үү” гээд гайхдаг байлаа. Миний хувьд чөлөөт бөхөөр хичээллэх үеэсээ байгалиас заяасан унаган бяраа хөгжүүлсэн. Хүмүүс хүнд төмөр өргөлөө гээд дурамжхан байхад манайхан нэг их цааргалалгүй хүлээж авсан шүү. Би Өвөрхангай аймгийн Уянга сумынх. Айлын дөрөв дэх хүүхэд. Цэцэрлэгт байхаасаа дуулж, бүжиглэдэг намайг аав, ээж СУИС-д суралцуулж, урлагийн хүн болгохыг хүссэн. Гэтэл охин нь чөлөөт бөхөөр хичээллэж, цаашлаад пауэрлифтинг сонирхоно гэж ер бодоогүй байх. Барилддаг байхдаа пауэрлифтинг сонирхож, байсхийгээд бэлтгэл хийж үзмээр санагдана. Бэлтгэлийн зааланд долоо хоногийн гурван өдөр нь суулт, таталт, шахалтын сургуулилалт хийж, УАШТ-д өөрийгөө сорихоор шийдлээ. Дотоодын тэмцээнд анх удаа өрсөлдөхдөө пауэрлифтинг гэж ийм спорт юм байна гэсэн анхны ойлголттой болсон. Нэг өдөр чөлөөт бөхийн дасгалжуулагчтайгаа ярилцаж, хүчний спорт сонирхох болсноо хэлснээр пауэрлифтингтэй тууштай нөхөрлөсөн. Би энэ спортод хөл тавьснаа хамгийн зөв зам сонгосон гэж боддог. Одоо зорилго, хүсэл мөрөөдлөө тэмцээний талбаргүйгээр төсөөлдөггүй. Хоёр жил хичээллэх хугацаандаа хилийн дээс алхаж, чамлахааргүй амжилт гаргажээ.
-Өрсөлдөөний талбарт “цойлсон” тамирчин байдаг ч богино хугацаанд амжилт гаргадаг нь хуруу дарам шүү дээ. Өөрийнхөө дуртай бүхнийг хойш тавьж, амрах завгүй хөдөлмөрлөсөн нь медалиас атгаж харагддаг.
-Надад нэг өдрийн бэлтгэлээс хоцорвол амжилтаасаа хойш чангааж байгаагаас ялгаагүй санагддаг. Тууштай бэлтгэлийн үед нэг л өдөр тасалбал тэмцээний норм алдагдана. Тамирчин хүн богино хугацаанд амжилт гаргах амаргүй л дээ. Гэхдээ хичээвэл зорьсноо биелүүлж болдог. Өөрийгөө өмнө нь ДАШТ-д түрүүлж, шилдэг тамирчнаар тодорно гэж огт төсөөлж байгаагүй. Тэмцээнээс тэмцээнд оролцох бүрдээ өрсөлдөгчөөсөө илүү хөдөлмөрлөж байж медалийн тавцанд зогсдогийг сайтар ойлгосон юм. Тив, дэлхийн тэмцээнд оролцох асар их ялгаатай. Шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөхөд сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй болдог. Дэвжээнд гарахын өмнө багш “Чи өөрийгөө ялах нь чухал. Тэмцээн гэж битгий сүрд. Олон орны тамирчинтай хамтарсан бэлтгэл хийж байна гэж бодоорой” гэж зөвлөдөг. Би одоо “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд багш дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. Монголын пауэрлифтингийн улсын шигшээ багийн тамирчин. Дасгалжуулагч Э.Цэлмэг багшийн удирдлагад “Монгол фитнес” төвд бэлтгэл базааж байна.
-Шигшээ багт багтана гэдэг тамирчин бүрд олддоггүй ховор боломж шүү дээ.
-Өмнө нь УАШТ-д суултын төрөлд 100, таталтад 125, шахалтад 50 кг-ыг анх өргөдөг байлаа. Надад нэг өдөр “ДАШТ-д оролцох шигшээ баг бүрдүүлж байна. Чи жингээ төлөвлөөд оролцоорой” гэж санал тавьсан юм. Тэр үед “Ямар сайхан мэдээ вэ. Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, эх орноо төлөөлж оролцох нь” гээд их баярласан. Тэмцээн бүр мартахааргүй дурсамж үлдээдэг. Өмнөд Африкийн Мосес Котане хотын Сан сити мужид өнгөрсөн жил болсон ДАШТ-д өсвөр үеийнхний 63 кг-ын жинд хэрэглэлтэй төрөлд алт, классикт (сонгодог) хүрэл медаль зүүж, дэлхийн шилдэг эмэгтэй тамирчны цом гардсанаас хойш өргөх жингээ ахиулж, ур чадвараа ч сайжруулсан. Тус тэмцээнд эхний хоёр байрт шалгарах тамирчин тодорхой боллоо. Хүрэл медалийн төлөө АНУ-ын тамирчинтай өрсөлдөхийн өмнө “Бүх хүчээ дайчилж гаргая. Энэ жинг өргөсөн ч, өргөөгүй ч дэлхийн тавцанд гарч үзэх нь чухал. Захиалсан жингээ амжилттай өргөвөл өөрийгөө түрүүлсэн гэж бодъё. Чадахгүй бол түүнд ялагдана” гэж бодсон. Түүний сүүлчийн захиалсан жингээ алдахыг нь хараад “Одоо л надад медаль хүртэх боломж гарах нь” гэсэн зориг орж, өөртөө итгэлтэй болсон. Медалиа зүүхдээ “Надад итгэсэн олны итгэл найдвар, ач тусыг амжилтаараа хариулж чадлаа” гээд догдолж зогссон доо. Би энэ жил залуучуудын ангилалд хүч сорино. АНУ-ын Техас мужид энэ сарын 21- нд эхлэх ДАШТ-д шахалтын төрөлд өрсөлдөх юм. Тиймээс амжилт гаргасан тамирчдыг нэг бүрчлэн судалж, тэмцээнийх нь бичлэгийг үзэж байгаа.
-Таныг Азийн АШТ-ий хоёр ч төрөлд түрүүлээд ирэхийг тань харж байлаа. Японы Хоккайдо аралд хөл тавихдаа ч чанга өрсөлдөгчидтэй таарсан байх.
-Хаана ч явсан “Түрүүлээд ирээрэй” гэж ерөөсөн хүмүүсийн сайхан сэтгэлийг их бодно. Тэдний харц нүдэнд харагдаж, хэлсэн үг нь чихэнд сонсогдох шиг болдог. Хоккайдо аралд болсон Азийн АШТ-ий хэрэглэлтэй, мөн классик төрөлд тус бүр түрүүлж, тивийн шилдэг тамирчнаар шалгаран алтан цомтой ирж байлаа. Миний хувьд гадаадын тэмцээнд хувиасаа зардал гаргаж оролцдог. Гэрийнхэндээ тэмцээн эхлэхээс сарын өмнө дуулгана шүү дээ. Манайхан ямар ч их ажилтай байсан зохицуулаад миний оролцсон тэмцээн лайвыг алгасалгүй үздэг. Цомоо бариад онгоцноос буухад гэрийнхэн, сургуулийн багш нар, ангийн нөхөд баярлаж угтах сайхан. Намайг ялсан ч, хожигдсон ч өөдрөг үгээр урам хайрладаг хүн бол аав, ээж минь. Хамгийн их догдолдог мөч минь Төрийн дууллаа эгшиглүүлэх. Яг тэр агшныг мэдрэх юутай ч зүйрлэшгүй жаргал.
-Гадаадын оролцогчид Монголын тамирчдыг хүч бяртай гэдэг юм билээ. Тэмцээнд оролцож байхдаа давуу талаа мэдэрдэг үү?
-Спортын бүх төрөлд Японы тамирчид хүчтэй өрсөлддөг. Тэд хүчтэйгээс гадна техник, тактик сайтай. Монголчууд бусад орны оролцогчоос хэрэглэж байгаа хоол хүнс, сэтгэл зүйн байдал, хүч тэнхээгээрээ ялгарна. Манайхан унаган бяртай. Үүнийгээ хэрхэн хөгжүүлснээ ч харуулдаг. Би аваргын төлөө Хонконгийн тамирчинтай өрсөлдсөн. Тэрбээр чанга өрсөлдөгчдийн нэг байсан. Тэмцээнээс хүртсэн шагналуудаас урам зориг өгдөг медаль бий. Би медалиудаа дотоод, гадаадын тэмцээнээс хүртсэнээр нь дараалуулж өлгөдөг юм. Шагналын туузны хамгийн дээр УАШТ-ээс хүртсэн алтан медаль залаастай байдаг.
-Таны ярианаас спортоор хичээллэснийг тань хөдөөгийн эгэл амьдралтай холбоотой болохыг ойлголоо.
-Тийм ээ. Аав, ээжийнхээ ажилд дэм болж, тусалдаг маань нэг талаар бэлтгэл сургуулилалт болдог юм. Манайхан хавар ямаагаа самнаж, ноолуурыг нь зараад, олсон мөнгөө миний тэмцээний зардал болгохоор хадгалдаг. Гэрийнхэн минь одоо миний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч. Уянга сумаас төрсөн тив, дэлхийн медальтан одоогоор би л байна. Нутгийнхан намайг өмнө нь олон улсын тэмцээнд оролцдог, эсэхийг мэддэггүй байлаа. Дэлхийн аварга болсны дараахан нутгийн удирдлага, зон олон сэтгэл өндөр хүлээж авсан.
-Шантарсан үед тань хэн таныг зоригжуулж, хурцалдаг вэ?
-Хүн л юм чинь хааяа ядарна. Тийм үед “Би яагаад заавал хүнд төмөр өргөх ёстой гэж. Хэцүү байна, больё” гээд боддог байлаа. Бүр шантраад уйлсан удаа ч бий. Халшрах бүрдээ гэрийнхнийгээ бодохоор эргээд босох тэнхээтэй болж, маргааш нь зааландаа бэлтгэлээ хийхээр очдогсон. Медаль хүртэх болгондоо намайг дэмжиж, зоригжуулсан гэр бүл, дасгалжуулагч багшдаа талархдаг. Тэр үед “Чи чадсан шүү” гэж өөртөө бахархалтайгаар хэлээд, эх орондоо нүүр бардам ирэх гоё.
-Бэлтгэлийн заал таны хоёр дахь гэр болжээ дээ.
-Хичээлээ тараад бэлтгэлээ хийхээр яардаг. Очихгүй хэд хоновол өөрийн эрхгүй үгүйлнэ. Удаан амрах нь уйтгартай. Амралтын өдрийг утас шагайхаас илүү үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээж ирлээ. Хүсэл мөрөөдөл минь намайг хөглөн, зоригтой, зорилготой болж урагшлахад маш их хурцалсан юм шүү. Тиймдээ ч ойр дотнынхоо хүмүүст “Миний зорилго намайг зөв залсан” гэж хэлэх дуртай. Би бэлтгэл сургуулилалтынхаа талаар өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг. Пауэрлифтинг намайг төсөөлж байснаас минь илүү өндөр түвшинд аваачсан. Хөдөөгийн энгийн нэг охиныг тив, дэлхийн медальтан болгож, шилдгүүдийн эгнээнд нэгтгэлээ. Айлын бага эрх охиныг хатуужил тэвчээртэй болгон хэрсүүжүүлж, хэн нэгний хэлсэн магтаал, шүүмжлэлийг даах сэтгэлийн тэнхээ суулгасанд баярладаг.
-Тамирчид бэлтгэл, тэмцээн гэж явсаар цөөн найзтай үлддэг. Таны нөхөрлөлд ч гэсэн замын дундаас буцсан нөхөд байдаг биз?
-Байлгүй яах вэ. Спортын талбарт тамирчин хүн унаж, босохдоо өөрийнхөө, нөхдийнхөө ч зан чанарыг таньдаг юм билээ. Найзууд “Чи бидэнд жаахан ч гэсэн цаг гаргадаг бай л даа. Бэлтгэл, тэмцээнээ бодож, тэргүүнд тавих юм” гэж гомдоллодог. Зарим нь “Миний найз биеэ бодож байгаарай. Чамайг амарсан өдөр тухтай ярилцъя” гээд бэртэж, гэмтээд эмнэлэгт хэвтсэн үед халуун хоол, цай бариад ирнэ. Замын дундаас буцах нөхөд байхад нөхөрлөлдөө үнэнч үлдсэн нь ч бий. Ямар ч үед түшиг болж үлдсэн нь жинхэнэ найз болдог.