-Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум таеквондогийн шилдэг тамирчидтай. Оюутны спортын VI наадамд та аваргын төлөө тулалдаж харагдсан шүү.
-Зүүнхараа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв юм. Би тус сумаас төрсөн тамирчдын нэг. Монголын оюутны спортын VI наадмын таеквондогийн тэмцээнд жингээ ахиулж оролцоод мөнгөн медаль хүртлээ. Тамирчдын хувьд жин нэмэх нь хасахаасаа хэцүү байдаг. Би энэ удаа 57 кг-д тулалддаг таеквондочдод шинэ танил нь байв. Өндөр, биерхүү, чац урттай, хүчээр илүү тэдэнтэй тулалдах амаргүй санагдсан. Аваргын төлөө ҮБТДС-ийн тамирчин Д.Бямбажаргалтай таарсан. Тэрбээр баруун хөлөөрөө хүчтэй өшиглөдөг. Түүний тоглохыг өмнө нь цөөнгүй харсан тул хааж, хамгаалах тактик боловсруулаад гарсан. Намхан тамирчид биерхүү өрсөлдөгчийнхөө хөлд амархан өртдөг тул аль болох довтолж тулалдах нь зүгээр байдаг юм. Тактикийн дагуу тоглосон ч эхэндээ бярдуулсан. Түүний харцнаас өөртөө итгэлтэй, өрсөлдөгчдөө бассан байдал харагдаж байв. Бид хойшид ч таарна. Тиймээс тулалдахдаа хаалт, хамгаалалтаа илүү сайжруулах хэрэгтэйг сайтар ойлгосон. Алтан медалийн төлөөх тулааны өмнө багш “Чамд найдаж байгаа шүү. Сүүлийн тоглолт тул хичээгээрэй” гэв. Тэр үед хүндхэн учраатай таарсан ч үүнийг л амжилттай даваад гарчих юм сан гэж их бодсон доо. Таеквондогийн спорт 70 хувь нь хөл, 30 нь гарын ажиллагаа шаарддаг. Дүрэмд нь жил бүр том ч биш гэлээ өөрчлөлт оруулдаг. Тухайлбал, дэвжээнээс нэг хөлөө гаргавал, мөн хөлөө өргөөд буулгавал торгуулна. Тулааны үед хийж болохгүй хориглох заалт хүртэл бий.
-Ах нартайгаа ана мана ноцолдож өссөн охиноо аав, ээж нь жүдогоор хичээллүүлэх гээд бараагүй гэдэг. Үнэн үү?
-Тийм ээ. Манайхан намайг жүдогоор хичээллүүлэх сонирхолтой байсан. Нэг өдөр жүдогийн секцэнд бүртгүүлэхээр очихдоо таеквон догийн эмэгтэй багшийг хараад нэрээ бичүүл лээ. Тэгтэл хамаатан садны ах, дүүс “Эмэгтэй хүүхэд хөвгүүд шиг зодолдох муухай. Чамд энэ спорт зохихгүй. Толгой руугаа өшиглүүлээд бэртвэл яана. Жүдогоор хичээллэ. Охид барилдаад амжилт гаргадаг шүү дээ” гээд ятгав. Тэднийг “Энэ нөхөр таеквондогоор амжилт гаргах нь юу л бол. Үсэртэл ганц өшиглүүлээд хашрах байлгүй” гэж ярих тусам шар хөдөлж бэлтгэлээ хийдэг сэн. Эгч намайг таеквондо, ээж жүдогоор хичээллүүлэх гэж багагүй зөрчилддөг байлаа. Амжилт гаргаад эхэлтэл гэрийнхэн аажмаар ойлгож, дэмжих болсон.
-Та олон улсын тэмцээнээс хүртсэн цөөнгүй медальтай. Хүүхэд байхдаа хилийн дээс алхаж, Хонконгоос шагналтай ирж, гэрийнхэндээ гэнэтийн бэлэг барьсан юм билээ.
-Тэнд 2017 онд болсон олон улсын тэмцээнд оролцож, алтан медаль хүртэхэд хамаатнууд баярлаж “Чамайг ийм амжилт гаргана гэж бодож байсангүй. Баяр хүргэе, хойшид улам хичээгээрэй” гэж урам хайрласан. Эгч одоо ч миний оролцсон тэмцээн бүрийг алгасалгүй үздэг. Ялж, ялагдахад минь хамт байж, сэтгэлийн дэм өгдөг юм. Медалийн төлөө тулалдахаар дэвжээнд гарахдаа эгч минь дэмжээд үзэж байгаа гэж бодохоор түшигтэй санагддаг. Харин ээжийн үзэж суугааг харвал биеэ барьсаар байгаад өрсөлдөгчдөө ялагдчихна. Ээж тэмцээн болох талаар асуувал “Болоогүй ээ, хойшилсон. Хэд хоногийн дараа эхэлнэ” гээд худлаа хэлнэ. Намайг гэрийнхнээ тэмцээн үзүүлэх дургүйг манайхан анзаарч, нууцаар үздэг болсон юм. Ах дасгалжуулагчаас тэмцээн хэзээ болохыг асуугаад мэдчихнэ. Тоглолт эхлэх цагаас өмнө нь ирж, хүлээж суусаар байгаад үздэгийг нь дараа нь мэдсэн. Надад гадаад, дотоодын тэмцээнээс хүртсэн олон медаль бий. Гэрт залсан шагналын хоёр тууз дүүрч, заримыг нь гурав дахид нь өлгөсөн шүү.
-Тулааны тамирчны сэтгэлийг спортын гимнастик тэгтэл их татсан нь гайхал төрүүлээд байх юм. Хоёр өөр төрөлд хүч сорьдог тамирчин ховор л байдаг.
-Би “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд сурдаг. Таеквондогоос гадна биеэ уян хатан болгох зорилгоор спортын гимнастикаар хичээллэж байгаа. Гимнастикийн дасгал, хөдөлгөөнүүд тулааны спортын суурь болдог юм. Тэр дундаа таеквондогийн үзүүлэн тоглолтоос илүү харагддаг. Намайг спортын гимнастикаар хичээллэж буйг манайхан мэдээд “Чи зодолддог байж яаж гимнастикчин болох юм. Алинд нь ч амжилт гаргахгүй хоцорно шүү дээ. Таеквондогоор тууштай хичээллээч” гээд зөвшөөрсөнгүй. Би нэгэнт зорьсон бол амархан буцдаггүй зантай. Дасгалжуулагч, ОУХМ А.Мөнхбаясгалан багшийн удирдлагад хэдэн сар спортын гимнастикийн бэлтгэл хийгээд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болсон олон улсын тэмцээний хоёр төрөлд оролцож алт, мөнгөн медальтай ирсэн. Тэгсэн манайхан гайхаад итгэсэнгүй. Медалийг маань эргүүлж, тойруулж үзээд байхаар нь шагнал хүртсэн зургаа харуултал “Үнэхээр авсан байна. Үнэн болж таарлаа” гээд инээлдэж билээ. Гимнастикийн тэмцээнд оролцохоор хувцсаа өмсөхөөр тэд “Чи нүүрээ будчихсан юм уу. Биеийн тамирын хувцсаар гоёдог хүн ийм хувцас өмсөж чадах уу” гээд асууна. Манай сургуулийн таеквондогийн ангид надаас өөр эмэгтэй байдаггүй. Олонх нь хөвгүүн. Тэмцээний маргааш сургуульдаа ирэхэд ангийнхан “Гимнастикийн тэмцээнд нэг танихгүй охин оролцож харагдсан. Тэр нь чи байсан юм уу. Будахаараа огт өөр “харагдах юм” гэж байлаа.
-Хойд хөршид гимнастикийн спорт өндөр хөгжсөнийг тамирчидтай нь өрсөлдөхдөө мэдрэв үү?
-Гимнастикийн төрлүүдэд дэлхийд тэргүүлдэг гэдгээ тамирчид нь амжилтаараа батлан харуулсан. Тухайн үед надад “Тэдний хэмжээнд хүртэл өөрийгөө хөгжүүлэх сэн. Чаддаггүй юм гэхэд ур чадвараа өмнөхөөсөө ахиулъя” гэсэн бодол төрсөн шүү. Би гимнастикт их сонин тохиолдлоор хөл тавьсан. Нэг өдөр манай сургуулийн аэробик гимнастикийн дасгалжуулагч Х.Оюунгэрэл багш тааралдаад “Чи таеквондогийн тамирчин гэл үү. Гимнастикаар ч давхар хичээллэж болно” гэхэд нь “Би чадахгүй байх. Багаасаа тулаанаар хичээллэсэн шүү дээ” гээд өөртөө итгэл муутайхан хариулсан. Тэр цагаас намайг А.Мөнхбаясгалан багш зөв чиглүүлснээр амжилт гаргах болсон юм. Би одоо спортын гимнастикийн тэмцээнд хосын төрөлд сургуулийнхаа IV курсийн С.Эрдэнэбат ахтай оролцдог юм. Бид өнгөрсөн жил клубүүдийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Би хосын төрлөөс гадна бүжгийнхэд өрсөлддөг. УАШТ-д бүжгийн төрөлд мөнгөн медаль гардаж байв.
-Спортын хоёр төрөлд бэлтгэл хийдэг танд амрах зав гардаггүй бололтой. Хааяахан олддог амралтын өдрүүдийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлдэг бол гэсэн бодол төрлөө.
-Бэлтгэл хийсээр байгаад заримдаа хөл, гарын булчин зангирч дуугарах ч тэнхэлгүй болтлоо ядарна. Тийм үед багш “Чи чадна аа” гээд дэм өгөх сайхан. Ням гарагт хааяа амарвал бөөн баяр болно шүү дээ. Гэрийнхэн “Чи өнөөдөр амарна биз дээ” гэнэ. Бэлтгэлдээ явахаар гарахад “Гэртээ бас харагдахгүй нь” гээд үлддэг юм. Вьетнам улсад олимпын таеквондогийн Азийн АШТ тавдугаар сарын сүүлчээр болно. Зургаадугаар сарын эхээр спортын гимнастикийн УАШТ-тэй. Хоёр том тэмцээн давхцаж болох тул алинд нь оролцохоо одоогоор шийдээгүй байна. Багш нар ярилцаад шийдвэр гаргах байх.
-Гадаадын орнуудад хөл тавих хамгийн их боломж тамирчин, аялагчдад л байдаг. Хаанаас сайхан бодол тээж ирснээ сонирхуулбал хэн нэгэнд аялах хүсэл төрөх ч юм бил үү?
-Спорттой нөхөрлөсний ачаар нэг бус удаа хилийн дээс алхжээ. Тамирчин хүн очсон улс бүрдээ эх орондоо байхгүй зүйлийг түрүүлж хардаг юм билээ. Хонконгод анх хөл тавихад цэцэрлэгт хүрээлэн, гоё загвартай баригдсан спорт цогцолборуудыг нь хараад бахархаж байлаа. Тэнд хөгшин, залуу гэлтгүй бүх насныхан цэцэрлэгт хүрээлэнд өглөө эрт цуглаад, хөгжмийн аялгуунд дасгал, хөдөлгөөн хийх нь их сонирхолтой санагдсан. Өмнөд хөршийнхний эрүүл чийрэг, урт насалдаг нууц нь их энгийн зүйлд байдгийг тэр үед ухаарсан юм. Тухайн үед 12 настай жаахан охин байсан ч олон улсын тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлээд зогссоноо мартдаггүй.
-Амжилтаас атгуулсан багшийнхаа тухай яриач. Зөвлөсөн бүхэн нь сэтгэлд тань мартагдахааргүй хоногшиж үлдсэн байх.
-Таеквондогийн дасгалжуулагч, ОУХМ Д.Алтан туяа багш шавь нараа шаргуу бэлтгэл хийлгэж, амжилтад хүргэдэг. Тэрбээр өөрийнхөө юу хийж байгааг олонд харуулж, тайлагнахгүйгээр чимээгүй хөдөлмөрлөдөг юм. Бидэнд “Чимээгүй хөдөлмөрлөж, зорилгоо биелүүл” гэж зөвлөдөг. Зүүнхараад түүний удирдлагад хичээллэдэг байхдаа бэлтгэлийнхээ хүүхдүүдэд хэд өшиглүүлээд халшраад уйлна. Аравдугаар ангид орох жилээ үнэхээр шантарч “Би яах гэж, юуны төлөө ингэж өөрийгөө зовоож хичээллэдэг юм бэ. Үеийнхэнтэйгээ дуртай киногоо үзэж, найзуудтайгаа тоглоё” гэж нэг бус удаа бодсон. Тэр үед гэрийнхэн, ангийн нөхөд урам өгч, дахин босох сэтгэлийн тэнхээ хайрлаж билээ. Ангийнхан сүүлдээ “Чамайг завтай болсон үед кино үзье, аялал, зугаалгад явъя” гэдэг болсон. Хичээлийн дараа залгуулаад бэлтгэл эхэлдэг болохоор ангийн цэвэрлэгээнээс хүртэл чөлөөлдөг байв.
-Олонх тамирчны гэр бүлийнхэн нь цалингаа хадгалж байгаад гадаадын тэмцээнд оролцуулж харагддаг. Аав, ээж тань ч гэсэн таны төлөө дуртай зүйлээ авахаа хойшлуулсан удаа байдаг биз?
-Бий бий. Намайг гадаадын тэмцээнд оролцохоор болсныг сонсоод манайхан ч гэсэн цалингаа хадгална шүү дээ. Ээж “Энэ сард тийм зүйл авахаа түр хойшлуулъя” гээд гэрийнхээ сарын төсвийг сайтар тооцоолно. Зардлын мөнгө дутвал банкнаас зээлнэ. Хоёр тэмцээнд ойрхон оролцохоор бол эхний зээлээ төлөөгүй байхад нь дараагийнхыг нь явна. Спортын хоёр төрөлд оролцдог болохоор сүүлийн үед зардал их гарах болсон. Хааяа аав, ээжийгээ өрөвддөг юм. Медаль хүртээд ирэхээр тэд минь баярлаж “Чамд амжилт гаргах тань чухал шүү дээ. Бид яах вэ болно” гэдэг юм.
-Насанд хүрэгчдийн ангиллын тамирчдаас хэн таны хүчтэй өрсөлдөгч вэ?
-Би өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн ангилалд оролцдог болсон. Үеийнхнээс 52 кг-ын жинд тулалддаг хар бүс, II дант, ОУХМ Б.Учрал хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэрбээр техник, тактик сайтай. Надад түүнээс суралцах олон зүйл бий. Миний хувьд өөртөө итгэлтэй, дайчин тулалддаг. Дэвжээнд хэзээ ч эргэлзэж гардаггүй. Ялна гээд гарсан бол заавал хождог. Тэмцээн дөхөхөөр сандарч, догдолдог байсан үеэ бодвол одоо тайван, тактиктай тулалддаг болсон. Тэмцээнээс тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулах тусам цочроо арилдаг. Таеквондо бол хүндлэл, ёс зүйг эрхэмлэдэг спорт. Өөрийгөө ялж, бусдад үлгэр дуурайл болоход чиглэдэг юм. Тулааны спортын тамирчдад баримталдаг олон зарчим бий. Таеквондогоос сурсан бүхнээ хэн нэгэнд бус, зөвхөн дэвжээнд л харуулдаг юм.