Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн тамирчин, нийслэлийн лаборатори 93 дугаар сургуулийн 9г ангийн сурагч С.Мөнх-Оргил өвлийн усанд сэлэлтээр хичээллээд нэг жилийн болж буй. Тэрбээр Эстони улсын нийслэл Таллин хотод өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д 40 улсын 1500 гаруй тамирчинтай өрсөлдөж, өсвөр үеийнхний ангилалд мэлхий болон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд тус бүр мөнгөн медаль хүртсэн юм. Түүнийг амжилтад хөтөлсөн багш нь Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн дасгалжуулагч, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник, спортын, хорооны тамирчин, ахмад, дэлхийн хошой аварга, ОУХМ Ш.Даваадорж. Түүний удирдлагад бэлтгэл базаадаг шавь нараас нь А.Эрмүүн, С.Мөнх-Оргил нар ДАШТ-ээс алт, мөнгөн медальтай ирж спорт сонирхогчдыг баярлуулсан юм.
-Хичээлдээ явах, бэлтгэлээ хийх, улсын шалгалтад бэлдэх гээд хаврын өдрүүдийг завгүйхэн өнгөрүүлж байгаа бололтой.
-Тийм ээ. Таллин хотоос эх орондоо ирснийхээ дараахан долоо хоног амраад хичээлдээ анхаарал хандуулсан. Миний хувьд завгүй ч аль алийг нь амжуулахаар хичээж буй. Аргентинд ирэх наймдугаар сард зохион байгуулах “Дэлхийн цом”-д оролцохоор багшийнхаа удирдлагад бэлтгэл базааж байгаа. Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өсвөр үеийнхний ангилалд Польшийн тамирчин түрүүлсэн. Тэрбээр хамгийн хүчтэй өрсөлдөгч. Аргентинд болох тэмцээнд түүнийг ялж, аварга болох зорилго өөртөө тавьсан.
-Дэлхийн аварга болсон өрсөлдөгчөөсөө олж харсан шинэлэг зүйл юу байв?
-Тамирчин хүн хүчтэй өрсөлдөгчтэй байж амжилт гаргадаг шүү дээ. ДАШТ-ий гурав, дөрөв дэх өдөр өсвөр үеийнхэн өрсөлдсөн. Тэрбээр биерхүү, надаас өндөр. Эхний гараанд мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд уралдсан сэлэгчдээс гулсах, эргэх ур чадвар, туршлага илүү хуримтлуулсан нь анзаарагдсан юм. Хоёр дахь гараанд өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн уралдаанд би түүнд хэдхэн долиор хожигдсон. Тэмцээний үед түүнээс сандрал, догдлол огтхон ч харагдаагүй. Дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдсөн бидэнд багш минь маш их түшиг тулгуур болсон. Гараанд гарахынхаа өмнө “Олон зүйл битгий бодоорой. Тамирчид бодолдоо хөтлөгдөөд шүглийн дуу сонсдоггүй. Нэг л алдаа гаргавал наанадаж таван секундээр торгуулна, цаашлаад тэмцээнээс хасагдана. Эмээж, сандрах хэрэггүй. Сэтгэл зүйгээ бэлдээд, өмнө нь бэлтгэл хийж байсан шигээ уралд. ДАШТ нэр хүндтэй өрсөлдөөн. Өөрт байгаа бүхнээ дайчилж гаргаарай” гэж зөвлөсөн. А.Эрмүүн ахыг далайн гахай сэлэлтийн 25 метрийн зайд түрүүлж, дэлхийн аваргаар шалгарахад нь маш их баярласан.
-Тамирчид томоохон тэмцээний дараа найз болж, мэдээлэл солилцдог юм билээ. Ойрд хэнтэй холбогдож, ямар сэдвээр яриа өрнүүлсэн бэ?
-Польшийн тамирчинтай тэмцээний дараа танилцаж, найз болсон. Бид саяхан Аргентинд болох “Дэлхийн цом”-ын талаар ярилцлаа. Түүнтэй мэдээлэл хуваалцахдаа “Би үргэлж чиний хүчтэй өрсөлдөгч байх болно. “Чамайг “Дэлхийн цом”-д хожиж, аварга болно” гэхэд “Чамд хэзээ ч бууж өгөхгүй. Аргентинд дахин уулзъя. Тэр үед дэлхийн аварга цолоо хамгаалж өрсөлдөнө. Амжилт хүсье” гээд найрсгаар инээж байлаа.
-Хилийн дээс анх удаа алхсан хүүд Эстони улс ямар бодол төрүүлсэн бол?
-Таатай сэтгэгдэл төрүүлж, сайхан дурсамж үлдээлээ. Бид Монголоос Туркт эхлээд хөл тавихад цаг агаар нь дулаан байсан тул Эстонийг ч гэсэн тийм байх болов уу гэж төсөөлсөн. Онгоцноос буухад далайн давлагааны хүйтэн салхи өөдөөс үлээгээд жиндүүхэн санагдсан. Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ далайн боомтод болсон. Финландаас нааш зорчдог нэг боомтыг хэсэгчилж, сэлэлтийн зам тавьсан байв. Усных нь гүн 15 метр байсан. Финландын нэг тамирчин Эстонид сэлж ирээд тэмцээнд оролцсон бахархам түүхийг сонсох тун сонирхолтой санагдаж билээ.
-Эстони Монголоос зургаан цагийн зөрүүтэй. Тэнд очоод орчинд нь дасах амаргүй байв уу?
-Бид орчин нөхцөлд нь дасахаар хоёр хоног амарч, түүнээс хойших өдрүүдэд сэтгэл зүйгээ бэлдэн, тамирчдын бэлтгэл хийхийг ажиглаж байлаа. Тэмцээн болох боомтын орчныг судлах явцдаа Польшийн тамирчны өмнө нь болсон тэмцээнд сэлэлтийн долоон төрөл, зайд оролцож түрүүлснийг мэдсэн. Тэр үед өрсөлдөгчөөсөө эмээхээс илүү хаа холоос зорьж ирээд тэмцээнээс хасагдах вий гэж бодож байлаа. Багш энэ удаа өөрөө медаль хүртэхээс илүү бидний амжилтад анхаарсан. Эстонийг зорихдоо “Багш нь ДАШТ-ээс хүртэх ёстой бүх медалийг нь авсан. Харин одоо та хоёр медаль хүртээрэй. Шавь нар минь амжилт гаргавал би шагнуулснаас ялгаагүй” гэж байв. Тэнд очсон анхны өдөр гадаадын тамирчид багшийг хараад “Монголын Даваадорж ирлээ” гээд найрсгаар тэврээд, мэндэлж байлаа. Багш тэдэнд биднийг танилцуулахад Аргентинаас ирсэн гурван тамирчин “Манай улсад наймдугаар сард “Дэлхийн цом”-ын тэмцээн болно, ирж оролцоорой” гэж санал тавьсан юм. Оролцсон тэмцээн бүрээсээ туршлага хуримтлуулж, дараагийнхад нь өрсөлдөхөд амжилт гаргах давуу тал болдгийг тэдний ярианаас ойлгосон. Тэмцээнд цатгалан орж болохгүй. Хоол идсэний дараа сэлэхэд бие хүндэрч, таагүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс багш амралт, нойр, хоол ундаа хэрхэн тохируулахыг алхам тутамд зөвлөсөн.
-Өвлийн усанд сэлэхэд энгийн бассейныхаас өөр байдаг биз?
-Өвлийн усанд сэлэлт зориг, тэвчээр, мэдрэмж, ур чадвар их шаарддаг. Ус нь хүйтэн. Гараанд гарахаасаа өмнө сэлэх усаа үзэхэд зайрмагтаад мөстсөн байлаа. Таллин хотыг зорихоос өмнө харзны усанд бэлтгэл хийхэд багш “Хурдан сэлж сурснаар харзны усанд хэвтэх хугацаа чинь багасна” гэсэн нь “Хүйтэн усанд бага зогсохын тулд хурдан сэл” гэсэн зөвлөгөө байв. ДАШТ-д 90 настай ахмад тамирчин цөөнгүй оролцохыг хараад их бахархсан. Усанд сэлэлтээр олон жил хичээллэсэн тэд үеийнхнээсээ ануухан, үрчлээ багатай, арьс нь залуу хүнийх шиг толигор байгаа нь гайхшируулсан шүү. ДАШТ-ий босго өндөр тул тамирчин бүр оролцоод байдаггүй. Монголын гурван сэлэгч Ази тивийг төлөөлж өрсөлдсөн дөө.
-Багштайгаа танилцсан дурсамжаар тань аялъя. Гэрийнхэн тань усанд сэлэлтээр хичээллэхийг хэр дэмжсэн бэ?
-Би усанд сэлэлттэй нөхөрлөөд нэг жил болж байна. Хичээллээд удаагүй байхдаа багш далайн гахай төрлөөр сэлэхийг анх хараад “Түүн шиг сэлж сураад тэмцээнд оролцох сон” гээд бодож байлаа. Бассейны хаалгаар орох бүрдээ зургийг нь хардаг байсан би нэг өдөр аав, ээжид “Ш.Даваадорж дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж, тамирчин болъё” гэхэд “Биеийн хөгжил сайн болбол бусад нь яах вэ” гэв. Түүний шавь болж тэмцээнд бэлдэж эхлэх үеэс манайхан энэ спортын талаар судлах болж, “Дэлхийн аварга бол нэр хүндтэй тэмцээн. Хүн амьдралдаа нэг удаа ч гэсэн оролцож үзэх зүйлийн нэг” гээд дэмжсэн. Би Эстони руу жолоо залтлаа хөөрч догдлохгүйгээр бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлсэн. Намайг бэлтгэлдээ анхаарал хандуулж байх үед аав, ээж миний бүх зүйлийг бэлдсэн байв. Миний хувьд Монголд болсон тэмцээнд цөөнгүй оролцож медаль хүртлээ. Тухайлбал, Баянгол дүүргийн усанд сэлэлтийн АШТ-д мэлхий сэлэлтийн 50 метрийн төрөлд мөнгө, өврөөр даллах сэлэлтээс хүрэл медаль хүртэж тамирчны гараагаа эхлүүлсэн. Дараа нь насанд хүрэгчдийн УАШТ-ээс хошой мөнгөн медаль гардаж, спортын II зэргийн болзол биелүүллээ.
-Шүүгчид тэмцээний дүнг зарлах хугацаанд тамирчид догдолж, эсвэл түгшиж суугаа харагддаг. ДАШТ-ээс медаль хүртэж, гэрийнхэндээ дуулгасан мөч танд таатай дурсамж үлдээсэн гэдэгт итгэлтэй байна.
-Шүүгчдийг 18.00 цагт тэмцээний дүн танилцуулах хүртэл сэтгэл их хямарсан. Хасагдаж буй тамирчдын нэрийг сонсох үнэхээр хүнд юм билээ. Медаль хүртэх, эсэхээ хүлээж суусан мөч минь хамгийн хэцүү үе байв. Тэгтэл Монголын тамирчин Мөнх-Оргил гээд нэрийг минь дуудахад өөртөө итгээгүй. Тэр үед гайхах, баярлах зэрэгцсэн. Хоосон буцах болов уу, яах бол гэж түгшсэн надад бүх зүйл зүүд мэт санагдсан л даа. Үнэнийг өгүүлэхэд, шагналын тавцанд яаж гарснаа ч санадаггүй юм. Нэг л мэдэхэд багшдаа үнсүүлээд зогсож байсан. Тийм л агшныг харах гэж бид олон саадыг даван туулж, ард нь гарсан шүү дээ.
-Спортын талбарт үлдэхийн тулд тамирчид амрах завгүй хөдөлмөрлөдөг. Та бүх зүйлээ сайтар төлөвлөж сурсан уу?
-ДАШТ-д оролцож ирснийхээ дараа амралт, хооллолт, бэлтгэл хийх, өөртөө чөлөөт цаг гаргах гээд бүхнийг сайтар төлөвлөдөг боллоо. Надад бэлтгэл хийх цаг хугацаа үнэ цэнтэй санагддаг. Тиймээс нэг минут, секунд ч хоцрохгүйг хичээдэг. Хэрвээ хоцорвол өрсөлдөгчөөсөө ч мөн адил хоцорно. Би одоо Баянгол дүүргийн лаборатори 93 дугаар сургуулийн 9г ангид сурдаг. Намайг ДАШТ-ээс хошой мөнгөн медальтай ирэхэд ангийн багш, хамт олон минь баяр хүргэж, халуун дотно угтаж авсан. Амжилтыг минь хуваалцсан нөхдийн минь урам хайрласан үг медалийг минь мялаасан хамгийн сайхан бэлэг байв.
-Та хоёрыг Таллинаас медальтай ирснээс хойш багшийн тань удирдлагад хичээллэх хүүхдийн тоо олон болсон гэж сонслоо.
-Усанд сэлэлтээр хичээллэхээр шийдвэр гаргаад ирж байгаа хүүхдүүдийг хараад бахархдаг. Хүн болгон заавал тамирчин болох албагүй. Харин хичээллэх явцдаа энэ спортын гайхамшгийг мэдэрч, зөв хандлага, дадалтай болж төлөвших нь чухал. Усанд сэлж сурах нь олон талын ач холбогдолтой. Өөрийгөө болон бусдыг үер, усны аюулаас авран хамгаалж чадна. Монголд улсын болон хувийн сургуулиуд хичээлийнхээ хөтөлбөрт усанд сэлэлтийг оруулдаг болсон байна билээ.
-Монголын сэлэгчдийн хүрэмний өнгө, загвар хийц гадаадын тамирчдын анхаарлыг их татсан гэдэг. Тэд та гуравтай авхуулсан зургаа цахим орчинд тавьсан байхыг олж харлаа.
-Тэмцээний үед хүн болгон бидний өмссөн хүрмийг сонирхож, танихгүй хэрнээ мэндлээд зургаа авхуулсан. Ханцуй дээр нь хадсан далбаануудаас өөрийнхөө улсыг заагаад “Энэ манай далбаа байна” гээд баярлаж байв. Үзэгчид багшаас “Олон орны далбааг хүрэмдээ ямар зорилгоор оёсон юм бэ. Гоёл болгож хадсан уу” гэхэд “Үгүй ээ. Би өмнө нь эдгээр улсад болсон тэмцээнд оролцож байсан юм” гээд хариулсан. Бидний хүрмийг Баянгол дүүргийн 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “Flames Мongolian brand”-ийн хамт олон урласан юм. Хүрмээ захиалахаар очиход “Чи жаахан хүүхэд байж өвлийн усанд сэлэлтээр хичээллэдэг юм уу” гээд гайхаж билээ. Тэд ээжид “Хүүгээ ДАШТ-ээс заавал медальтай ирээрэй гэж сэтгэл зүйн дарамтад битгий оруулаарай. Нэр хүндтэй том тэмцээнд шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг нь амжилт шүү” гээд хэлж байв. Надад хүрмээ гардуулж өгөхдөө “Энэ хувцсыг дэлхийд гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирээрэй” гэж амжилт хүсээд ерөөсөн. Шагнал гардуулах ёслол дээр багшийг зэвсэгт хүчний дүрэмт хувцсаа өмссөн байхыг үзэгчид хараад “Хөөх, генерал явж байна” гээд ярьж байлаа. Маргааш нь баатрын хуяг, дуулга өмсөөд гарч ирэхэд нь “Баатар байна” гэж инээлдээд бүр барьж үзсэн. Багшийн чонын арьсаар хийсэн малгайг тамирчид дамжуулан өмсөж зургаа хүртэл даруулсан. Энэ ташрамд, усанд сэлэлтээр хичээллэдэг хүүхдүүдэд “Хүн дуртай спортдоо цаг, зав гаргаад тууштай хичээллэхэд хэзээ нэгэн цагт амжилтад хүрдэг. Өөрийнхөө зорилгын төлөө хичээж, хөдөлмөрлөхөөсөө битгий залхуураарай. Усанд сэлэлт шатар, даам шиг ухаан хөгжүүлдэг. Овсгоо, самбаатай, хатуужил тэвчээртэй болгодог юм шүү” гэж хэлье.