Аялал бүр онцлогтой, дахин давтагдашгүй гоё мэдрэмжүүдийг өгдөг. “Travel cheap” аппликэйшний үүсгэн байгуулагч, “Хямд аялах аргаа заая” цахим хуудсыг хөтөлдөг С.Номин-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Монголд төдийгүй гадаадын орнуудад хэрхэн хямд зардлаар, дурсамж дүүрэн аялах талаар түүнээс тодруулсан юм.
-Та дэлхийн улс орнуудаар төдийгүй Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, олон нийтэд мэдээлэл хүргээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Одоогоор хэдэн улс оронд зочилсон бэ?
-30 орны 70 гаруй хотод очсон. Ихэвчлэн оюутан байхдаа аялсан юм. Өдгөө хувийн бизнесээ эхлүүлчихсэн болохоор тухайн үеийнх шигээ байнга аялж чадахгүй байгаа. Гэсэн ч гэр бүлийнхэнтэйгээ хамт Монгол орныхоо өргөн уудам нутагтай танилцсаар байна.
-Аялал амьдралыг илүү “амттай” болгодог болов уу. Бас аялал бүр сонирхолтой дурсамж үлдээдэг байх?
-Аялал бүр өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй гоё мэдрэмжүүд өгдөг. Сэтгэлд хамгийн их үлдсэн аяллуудын нэг нь Кавказын нурууны Даргавс гэх чимээгүй хотод очсон минь. Чимээгүй гэдэг нь үхэгсдийн хот гэсэн үг л дээ. Үхэгсдийн шарил жижиг байгууламж дотор ил харагдаж байдаг юм билээ. Нар, салхи үзээд мумми шиг болчихсон. Тэр газрын түүх их гунигтай. Тухайн үед тахал дэгдэж, өвчин туссан хүмүүс өөрсдийгөө тусгаарласнаар уг хот бий болсон. Амьдрах сүүлийн мөчүүддээ орь ганцаараа үлдээд ямар их шаналсан бол гэж боддог. Тухайн үед тийм энергийг мэдрэх шиг л болсон. Хүн ямар ч амжилттай, эд хөрөнгөтэй байсан үхэхэд нь хэн ч хажууд нь байхгүй бол хэчнээн гунигтай вэ. Үүнээс гадна Зүүн өмнөд Азийн орнуудаар аялахад үнэхээр гоё. Сэтгэл татам газруудтай. Хятад улсаар дамжаад газраар Вьетнам руу аялах боломжтой. 3600 гаруй км зам туулан аялахад маш сонирхолтой байсан. Бид онгоцоор хэдхэн цаг нисээд л оччихдог шүү дээ. Харин газраар аялахаар хүмүүсийн аж амьдрал, түүх соёлтой нь гүн гүнзгий танилцах боломж олддог.
-Зуны улирлыг аялал зугаалгын үе гэж тодорхойлдог. Энэ улирлыг хүлээж, үүргэвчээ зэхэж суугаа хүмүүст гэр бүлээрээ аялахад тохиромжтой газруудыг санал болгож болох уу?
-Ээлжийн амралтаа хүлээлгүйгээр аялах боломжтой газар олон бий. Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл, Түнхэл тосгон, Дорноговийн Хамрын хийд, Хэнтийн Хар зүрхний хөх нуур, Дунд говийн Цагаан суварга зэргийг нэрлэж болно. Орхон, Дархан-Уул аймгаар амралтын өдрөөрөө аялахад тохиромжтой, сайхан санагдсан. Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөлд гэр бүлээрээ очиход их гоё. Үүний тулд Улаанбаатар хотоос Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд сууна. Эсвэл машинтай өдрийн аялалд хамрагдах боломжтой. Нийт зардал нь 100 000-160 000 төгрөг болно. Энэхүү маршрутаар Ээж мод, Оргидог булаг, Тужийн нарс, Нарсан цамхаг, Гүн нуур, Сүхбаатар хот, “Гэрэлт” цогцолбор зэргийг үзнэ. Аялахдаа анхаарах зүйлс гэж бий. Тухайлбал, биед эвтэйхэн хувцаслах, шумуулаас хамгаалах хэрэгсэл авч явах, хоол хүнсээ базаах, солих гутал авч явах, галт тэрэгний тасалбараа эртхэн захиалах хэрэгтэй.
-Монголын аялал жуулчлалын салбарт нэн даруй шинэчлэх, өөрчлөх шаардлагатай зүйлийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Олон газраар аялахад тухайн улсын иргэн бүр гадаадын жуулчны өмнө хариуцлагаа ухамсарладаг нь гайхшируулж байлаа. Жуулчдад сайхан сэтгэгдэл төрүүлж, туслахыг ихэд хичээнэ. Нэг жуулчинд сайхан сэтгэгдэл төрүүлэх нь цаашлаад зуу зуун хүнд улс орноо сурталчилж чадахыг мэддэг юм шиг санагдсан. Үүнээс гадна бидний монгол ахуй бол бусдаас ялгарах давуу тал гэдгийг олж харлаа. Бид энэ талаа дөвийлгөн, илүү сонирхолтой, бүтээлч үйлчилгээ санал болгох хэрэгтэй гэж боддог доо.
-Хамгийн хямд зардлаар аялах боломжтой газар хаана байна вэ?
-Орос, Украины дайн, “Ковид”-ын дараах эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон зүйл аялал жуулчлалын салбарт нөлөөлсөн. Яг одоо Хятадруу аялбал зардал бага байна. Бээжин хотод“Юниверсал” студи нээсэн. Тэнд гэр бүлээрээ харьцангуй бага зардлаар мартагдашгүй дурсамж бүтээх боломжтой. Үүнээс гадна Жанжиаже, Гүилин, Шанхай зэрэг газраар аялж болно. Дайн дуусчихвал Оросоор дамжаад Европ, Турк руу хямд зардлаар аялах боломж нээгдэх юм. Хятадаар дамжин Зүүн өмнөд Ази руу аялбал бас бага зардал гаргана.
-Та аяллын зөвлөгөө өгөх “Travel cheap” аппликэйшн хөгжүүлдэг юм байна. Ямар онцлогтой аппликэйшн вэ?
-“Travel cheap” аппликэйшн маань 50 000 гаруй хэрэглэгчтэй. Би өөрөө ч хэрэглэгчдээсээ олонз үйлийг сурч, ойлгодог. Тун удахгүй хувиараа аялагчдад зориулсан цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Ирэх зургаадугаар сараас аппликэйшнээ “U wish” нэртэй болж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр төлөвлөсөн. Хувиараа аялагчдад тулгардаг асуудлуудыг шийдэх, аялангаа орлого олох боломжийг нэвтрүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна даа.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн