-“5W1H” романд гол дүр болох сонины эрэн сурвалжлах албаны сэтгүүлчийн л дотоод зөрчил, хувийн бодол, мэдрэмжийг дүрсэлснээс биш, хөндлөнгийн бусад дүрийн сэтгэл хөдлөлийг тусгаагүй байсан. Гол тоглогч бол сэтгүүлч, бусад нь яг л албат шиг.
-Зохиолын хэлбэр, хийцээс шалтгаалаад тэгж шигтгэх боломжгүй л дээ. 15 жил эрэн сурвалжлах албанд сэтгүүлчээр ажилласан хүн найздаа итгэж уг тэмдэглэлийг бичиж буй юм. Нэг л дүрийн шугам, монологоор бичихээс өөр аргагүй. Харин бусад дүрийг гол дүртэй ярилцаж буй байдал, үйл явдалд үзүүлж байгаа хандлага зэргээр нь уншигчдад нээх гэж оролдсон.
-Юуг эрэн сурвалжлах гэж ойлгох вэ?
-Бугшсан, далд, олон нийтийн эрх ашгийг хөндсөн, нийтэд мэдээлэхийг хүсэхгүй байгаа асуудлуудыг ил болгох. Энэ нь цар хүрээний хувьд хэдэн ч жилийг хамарч болно. Эрэн сурвалжилна гэдэг өнөөдөр, эсвэл өчигдөр болсон үйл явдлын араас мөшгөхийг хэлэхгүй л дээ. Маш их цаг хугацаа шаардана. Сэтгүүлч бичсэн материал, хэвлэмэл бүтээлээ эргээд хамгаалах хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал шүү дээ. Олон хууль сэтгүүл зүйн эсрэг үйлчилж байна. Би сэтгүүлчээр ажилладаг байхдаа Эрэн сурвалжлах албанд байж үзээгүй л дээ. Гэхдээ сэтгүүл зүйн тогоонд байсан л хүн.
ЦЕГ-ын гэмт хэргийн мэдээг нийтэлснээ, саун, массажны газарт очиж “Хэдэн жил биеэ үнэлж байна”, “Биеэ үнэлэх чинь зөв үү” гэж чичлээд, камер тулгасныг саяхныг хүртэл эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж ойлгодог байсан. Харин одоо хариуцлагатай олон редакц эрэн сурвалжилгад тууштай явдаг болжээ. Эрэн сурвалжлагч бол шүгэл үлээгч.
-Нэгнээ таньж мэддэг байдал, хамаатан садны, нутгийн холбоо хамаарал эрэн сурвалжлах сэтгүүл зүйд чөдөр тушаа болдог гэдэг дээ. Сэтгүүлч орон нутагт бугшсан асуудлын мөрөөр явж буйгаар дүрсэлсэн нь сонирхолтой санагдсан.
-Сэтгүүлч ч тэр, зохиолч ч тэр ажигч гярхай байх ёстой. Захиалгат мэдээ бэлтгэх амархан. Харин сэтгүүлч өөрийн хүчээр материал цуглуулах амархан биш. Сум гэдэг жижигхэн. Төрөл садан биш ч нэгнээ таньдаг болчихсон, хэдэн үеэрээ нэг дов жалганд амьдарсан улс нэгнийхээ тухай ярих тийм ч дуртай биш. 16 жил ажиллахдаа олж авсан туршлага, томилолтын дурсамж зэргээ шингээж бичсэн. Ингэж байж л үнэмшилтэй болно. Бүгдийг нь оюун санаанаасаа зохионо гэвэл хиймэл болчихно шүү дээ.
-Сэтгүүлчийн мэргэжил сонгосон залуус эрэн сурвалжилга хийхэд л татагддаг болов уу.
-Би ч тийм байсан. Сэтгүүлч бол амбицтай мэргэжил, олонд танигдах ёстой. Ажлынх нь онцлог тэр. “Чи олонд танигдсан ямар бүтээл хийсэн бэ” гэж л хүмүүс асуудаг. Сэтгүүлч бол нийгмийн дуу хоолой, нийгмийн эмч гэсэн уянгын халилд би дуртай биш л дээ. Гэхдээ яалт ч үгүй үүрэг нь тийм юм. Нэг ч хаалтын гэрээгүй редакц байна гэвэл би хувьдаа маш гайхна. Бүгд л ямар нэгэн улс төрч, бизнесийн компанитай гэрээтэй. Нэг редакцад ажилладаг байхад “Чи хаврын чуулганаар тэдэн хүнтэй хаалтын гэрээ хийж ирээрэй” гэсэн даалгавар авч л байсан. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч ажилчдаа цалинжуулах нийгмийн хариуцлага байна. Энэ нь л эрэн сурвалжлах, хараат бус материал бэлдэхэд маш том чөдөр болдог.
-Та мэргэжлээрээ ажиллах хугацаандаа сайт, сонин, телевизэд ч байсан хүн. Түүнчлэн тэрхүү он жилүүддээ хувьдаа чамлалт тай байдаг талаараа дурдсан шүү дээ. Та уг романаараа дутуугаа дүүргэсэн үү?
-Тийм. Би өөрийгөө сайн сэтгүүлч байсан гэж хэлэхгүй. Залхуу сэтгүүлч байсан. Анхнаасаа сэтгүүлч мэргэжлийг миний уран бүтээлийн замнал гэж сонгоогүй юм шүү дээ. Харин миний хүсэл тэмүүлэл, амбиц бол ерөөсөө л уран зохиол. Уран зохиолоос сэтгүүл зүйд шимэгчилж амьдарч байгаа олон сэтгүүлчийн нэг нь би байсан. Зохиолч, яруу найрагчид хэзээ ч сэтгүүлчийн ажлаа нэгдүгээрт тавьдаггүй юм. Гудамжинд алхаж байхдаа ямар сэдэв бичих вэ гэхээс илүү шүлгийн мөрт л бодож явдаг. Уг бүтээлээ уран зохиолын нийтлэг төрөл зүйлүүдтэй ойртуулж туурвихаас илүү сэтгүүл зүйн материал шиг бичсэн нь гол онцлог. Тэр чигтээ сэтгүүл зүйн хөрсөнд суурилж бичиж буй романд хэт уянгалах нь тохиромжгүй.
-Зохиолч өөрийнхөө дотор байсан, байгаа зүйлийг бичдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ нь хоёр янз. Нэгт, өөрт байгаагаа бичиж байж илүү үнэн болно. Уншигчдад илүү хүрнэ. Хоёрт, өөрөөсөө аль болох зугтаалгахыг зорьдог. Би өөрөө зохиолдоо 100 хувь оршиж болохгүй. Нэг талдаа миний тусгал байгаа. Нөгөөтээгүүр, өөрөөсөө зориуд зугтаалгахыг зорьсон тал ч бий. Өмнө нь би абсурд байдал дээр тулгуурлан триллер жанрын бүтээл их туурвисан байдаг. Харин уг роман маань реалист байхыг шаардана. Сэтгүүл зүйн баримтат уран зохиолыг абсурд хэв маягаар бичвэл уншигчид төөрнө. Түүнчлэн би өөрийгөө сорихын тулд реалист бүтээл хийсэн.
-Та өөрийн аль зохиолоо кино найруулагчид өгөх вэ?
-Олон найруулагч надтай уулздаг. Тэдэнд ч хүсэл тэмүүлэл байгааг мэдэрдэг. Гэхдээ уран бүтээлч бүр адилгүй. Андрей Тарковский “Кино бол хамгийн азгүй урлаг. Санхүү байхгүй бол нэг ч сцен авч чадахгүй” гэж хэлсэн байдаг. Харин “Говь” цогц төслийн хүрээнд уг гурамсан романаа хэвлүүлж, дараа нь дэлгэцийн бүтээл болгох төлөвлөгөөтэй.
-Өөрийн дотоод хүнээ дүрслээч?
-Тулах цэг өгвөл дэлхийг ч өргөж чадах хүн байна. Бичсэнээ бүгдийг нь устгаад, юу ч хийх хүсэлгүй ч хүн бий.
-Та уран бүтээлч болох замаа эргэлт буцалтгүй сонгочихсон уу?
-Тийм.
-Одоо тэгвэл юу дураараа бичих халилаас ангижирсан юм байна, тийм үү?
-Уран зохиолд өнгөрүүлсэн цаг хугацаа, нас маань ч илүү хариуцлагатай байхыг шаардаж байна. Өмнө нь өөрийн бүтээлээ сурталчлах шаардлагагүй гэж боддог байлаа. “Би зөвхөн өөртөө таалагдах гэж л бичдэг”, “Хүмүүс таалбал бүр ч таашаалтай” гэж боддог байсан. Харин одоо өөрийгөө, уран бүтээлээ, цаг хугацаагаа ч үнэлье гэж шийдсэн. Бид шүгэл үлээгч гэж их ярьдаг боллоо. Харин түүний талаар бичсэн роман маань уншигчдад сонирхолтой байх болов уу. Зохиомол үйл явдал ч гэлээ бидэнтэй их ойр байх вий.
Бэлтгэсэн Д.Хүсэл