Тайванийн үндэсний их сургуульд саяхан докторын зэргээ хамгаалсан Ж.Золзаяатай ярилцлаа. Тэрбээр докторын судалгаагаараа 2022 онд Остеоинтеграцын Азийн академийн 12 дахь удаагийн их хуралд II байр эзэлж, эх орныхоо нэрийг гаргасан билээ. Тухайн үед түүнтэй ярилцах санал тавихад “Судалгаагаа дөнгөж дуусгаад, бичих шатандаа явж байна. Хэвлүүлэхээсээ өмнө ярьж болдоггүй юм. Ажлынхаа ард гарсны дараа ярилцъя” хэмээн хойшлуулж байв. Харин өнгөрсөн сарын эхээр түүнээс баяртай мэдээ бүхий зурвас хүлээн авсан нь сургуулиа амжилттай төгсөж, эрдмийн зэргээ хамгаалсан тухай байлаа. Шинэхэн доктор юу өгүүлснийг уншигчидтайгаа хуваалцъя.
-Юуны түрүүнд танд анагаах ухааны докторын зэргээ амжилттай хамгаалсанд баяр хүргэе. Мэдээж чамлахааргүй цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан болов уу. Гадаадад эрдмийн зэрэг хамгаалахын давуу тал болон хүндрэлтэй зүйл нь юу вэ?
-Баярлалаа. Докторын хөтөлбөрөө бүрэн дуусгахад нийт 6.5 жилийн хугацааг зарцуулсан байна. Цаг хугацааны хувьд золиостой, бас маш их хөдөлмөр зарцуулсан нь үнэн. Хэдийгээр сургуулийнхаа шаардлагын дагуу импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор судалгааны хоёр өгүүлэл хэвлүүлж, докторын диссертацаа амжилттай хамгаалсан ч хэвлүүлээгүй судалгаануудаа үргэлжлүүлж байна. Учир нь, миний судалгааны цар хүрээ нэлээд өргөн. Нийт дөрвөн цуврал судалгаанаас бүрдэж буй юм.
Гадаадад суралцахын давуу тал, боломж маш их. Тухайн орны бий болгож бүтээсэн давуу талуудыг бид бүгд шууд хүртдэг. Харин бусад боломжийг өөртөө бий болгох, эсэх нь тухайн хүнээс хамаардаг. Боломж аяндаа ирдэггүй, хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг гэж би хэлэх дуртай. Жишээ нь, судалгааныхаа эхний хоёр жилд бараг л унтах завгүй хөдөлмөрлөж байж сургуулийнхаа эмнэлэгт ажиллах боломжийг олж авч байлаа. Ээж минь намайг багад “Хүсэл мөрөөдөл ихтэй хүүхэд” гэдэг байв. Би одоо ч тийм. Нэг мэдэхэд л шинэ санаа олчихсон, түүнийгээ биелүүлэх гээд явж байдаг.
Тайванийн хувьд аз жаргалтайгаар суралцах бүх боломж, орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлсэн байдаг. Жишээлбэл, сургуулиудынх нь номын санг дурдаж болно. Миний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газруудын нэг нь номын сан. Тайванийн үндэсний их сургууль дэлхийн шилдэг 100-д багтдаг учраас номын сан нь маш үнэ цэнтэй, гоё номуудтай. Урт хугацаагаар суухад тав тухтай, ядарсан үедээ түр унтаж амрах ч боломжтой. Цаашлаад сургуулийн номын сангуудад доктороос дээш түвшнийхэнд зориулсан судлаачдын өрөө байдаг. Суралцагчид нь электрон картаар өрөөгөө онлайнаар захиалаад, картаа уншуулж орж, гардаг тул номын сангийн ажилтантай харилцах шаардлага ч гардаггүй. Түүнчлэн сургуулийнхаа номын санд хэсэг бүлгээрээ хурал, уулзалт хийх, кино үзэх өрөө ч захиалж болдог. Мөн олон улсын стандарт хангасан амьтны туршилтын төв бий. Энэ мэтчилэн урт хугацаагаар сууж бичгийн ажил хийхэд тааламжтай, тухтай орчныг сургуулийн номын санд цогц бүрдүүлсэн байдаг. Миний хувьд сургуулийнхаа номын санд “конторлож” судалгааны өгүүллүүд болоод диссертацаа бичиж дуусгалаа.
Лабораторийн судалгааны явцдаа хоёр төрлийн амьтан дээр туршилт хийсэн. Өмнө нь Монголд ажиллаж байхдаа хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон зарим төслийн багийнхантай цуг сумын, сум дундын эмнэлгүүдэд очиж байв. Үнэндээ олон улсын стандарт хангасан амьтны туршилтын төвийн хагалгааны өрөөний зохион байгуулалт, багаж хэрэгсэл нь манай улсын сум дундын эмнэлгийнхээс хамаагүй дээр байдаг гэхэд хилсдэхгүй. Үүн шиг ялгаатай байдлын жишээ олныг ярьж болохоор.
Мөн тухайн суралцагч санаачилгатай байвал олон талаар дэмждэг. Гэхдээ “Чи үүнийг хий, тийм хуралд оролцоорой, өргөдөл бөглөөрэй, докторын хөтөлбөрөө энэ графикийн дагуу дуусга” гэхчлэн зааварладаггүй. Өөрөө бүгдийг санаачилж, төлөвлөн хийх эрх чөлөө, хариуцлагыг хамтад нь олгодгоороо давуу талтай. Энэ нь бас нэг төрлийн сорилт болдог. Хэн бэ гэдгээ урт хугацааны явцад олон янзаар шалгуулаад байгаа юм шиг л мэдрэмж төрнө шүү дээ. Өөртэйгөө өөр өнцгөөс нүүр тулах боломж олгодог нь сонирхолтой.
Гадаадад эрдмийн зэрэг хамгаалахын хүндрэлтэй тал гэвэл хоёр зүйлийг онцлохоор байна. Нэгдүгээрт, бидэнд суурь судалгааны туршлага дутмаг байдаг нь хүндрэл учруулдаг. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуульд бакалаврт сурч байхад бидэнд судалгааны чиглэлийн хичээл сонгох боломж байгаагүй. Ер нь манай анагаахын салбар сургуулиуд төрөлжсөн лабораторигүй, хүний нөөцөө ч бодлогоор бэлтгээгүй байдаг. Энэ нь дан ганц их сургуулиуд бие дааж шийдэх биш, төр бодлогоор дэмжиж, хийх ёстой ажил шиг санагддаг юм.
Анагаахын шинжлэх ухааны салбарын хөгжилд төрийн дэмжлэг ямар чухал байдгийг Азийн бар гэгддэг, технологийн хөгжил өндөртэй Тайваньд суралцах хугацаандаа илүү их ойлголоо. Жишээ нь, миний докторын хөтөлбөрийг удирдагч профессор гэхэд маш том судалгааны грантуудыг Шинжлэх ухаан, технологийн яамнаасаа авсан байдаг. Тайванийн үндэсний их сургуулийн анагаахын сургуулийн бусад профессор ч мөн адил грант авч л судалгаагаа хийдэг. Цаашилбал, анагаахын бус, технологийн салбар, бусад их сургуулийн профессоруудын олонх нь ч судалгааны грантууд авдаг гэхээр энэ орны Шинжлэх ухаан, технологийн яам нь хэчнээн их хөрөнгийг их сургуульд суурилсан судалгаа хөгжүүлэлтэд зарцуулдаг нь баримжаалагдах болов уу.
Үнэхээр сүрдмээр санагддаг. Шинжлэх ухаан, технологийн яам нь улсынхаа ДНБ-ий дөрвөн хувь буюу ойролцоогоор 27.8 тэрбум ам.долларыг судалгаа хөгжүүлэлтэд жил бүр зарцуулдаг юм билээ. Үүн дээр хувийн салбаруудын судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж буй хөрөнгийг нэмбэл илүү ихтоо гарна. Тэд энэ хэрээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна. Гадаадад эрдмийн зэрэг хамгаалахад тулгамдаж буй дээр дурдсан бэрхшээлүүд нь зөвхөн над шиг эмч нарт тохиолдож буй мэт боловч өргөн хүрээндээ бол Монголын сул тал гэж харж байна. Өөр нэг сул тал нь гэвэл Монголд эмчээр ажиллангаа сонгосон чиглэлээрээ судалгаагаа хөгжүүлэхэд төвлөрөх боломж хомс.
-Та АШУҮИС-ийг төгссөнийхөө дараа нийслэл, орон нутагт мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай юм билээ. Тайванийн үндэсний их сургуулийг сонгож докторын зэрэг горилж суралцахад юу нөлөөлсөн бэ?
-Эртнээс гадаадад сурах сонирхолтой байсан. Мөн өмнө нь Тайваньд эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр богино хугацааны хэд хэдэн сургалтад хамрагдаж байсан юм. Ер нь нийгмийн байдал нь их таалагддаг, нийтээрээ соёл, боловсрол өндөртэй учраас тогтвортой, аюулгүй. Олон үндэстэн холилдсон бусад оронтой харьцуулахад өөрийн гэсэн тогтсон, өвөрмөц соёлтой нь ажиглагддаг. Мөн нийгэм нь их хүнлэг. Наад зах нь метро болон олон нийтийн үйлчилгээний газар гээд хаана ч хүний суурь хэрэглээг цогцоор нь шийдсэн байдаг. Олон нийтийн газрууд нь бие засах, гар угаах газартай, интернэт сүлжээтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс тусгаарлахгүй байх бүх дэд бүтцийг бий болгосон нь сайшаалтай.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо маш сайн хөгжсөн. Цэцэрлэг болон бага, дунд сургуулийнх нь сургалт сайн. Энэ нь олон улсын PISA үнэлгээний үр дүнгээс харагддаг. 2023 оны үнэлгээгээр Тайвань дэлхийд Сингапур, Макаогийн дараа буюу гуравдугаарт эрэмбэлэгдсэн. Дэлхийг хамарсан “Ковид-19” цар тахлын үеэр боловсролын хоцрогдол үүсгэлгүй, хохирол багатай даван туулсан орны нэг болж чадсан нь энд хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ суралцаж буй бидэнд азтай тохиол болсон. “Зөв газартаа ирж ээ” гэж бодогдсон шүү. Мөн боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарын систем болон эрсдэлийн удирдлагын өндөр чадамжтай нь олон зүйлээс харагддаг. Энэ мэт хүчин зүйл нөлөөлсөн учраас гэр бүлээрээ Тайванийг зорин ирж суралцсан.
Тайванийн үндэсний их сургууль 1928 онд Японы колончлолын үед байгуулагдсан, дотроо олон салбар, нийт 109 судалгааны институттэй, эрдэм шинжилгээний 30 орчим төрлөөр үндэсний бусад их сургуулийн судалгааны төв болдог гэдэг утгаараа үндэсний хэмжээний хамгийн том, цогц их сургуульд тооцогддог. Нийт 33 мянган оюутантайгаас бакалаврт 18 000, магистр, докторын буюу судалгааны түвшинд 1500 хүн суралцаж байна. Бакалаврын түвшний болон магистр, докторын оюутны харьцаа бараг л эн тэнцүү байгаагаас судалгааны төв сургууль гэдэг нь харагдана. Би өмнө нь Тэнжин хотод хятад хэл сурч байсан. Дэлхийд хэрэглээгээрээ нэг, хоёрт эрэмбэлэгддэг англи, хятад хэлийг хоёуланг нь ашиглах боломжтой нь энд суралцахад бас нөлөөлсөн.
-Ер нь тус сургуульд Монголоос хэр олон хүн суралцдаг, анагаахын чиглэлээр танаас өөр докторын зэрэг хамгаалсан хүн бий болов уу?
-Хөдөө аж ахуй, эдийн засаг, хууль зэрэг бусад салбар сургуульд цөөн тооны монгол оюутан элсдэг юм билээ. Үнэндээ сургууль маань олон кампустай, бас энд гэр бүлээрээ амьдардаг, цаг зав багатай учраас хаана, хэчнээн оюутан сурч байгааг нарийн мэдэхгүй. Лав анагаахын сургуульд нэг монгол оюутан суралцдаг гэж сонссон. Сургуулийнхаа цахим системээс мэдээлэл хайж байгаад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэд хэдэн хүн төгссөнийг олж мэдсэн юм. Энд хүнтэй уулзах цаг бараг гардаггүй. Оюутны олон клубийн үйл ажиллагаанд нэгт нь ч оролцож амжаагүй явна. Миний төгссөн мэргэжлийн буюу шүдний сургуульд надаас өөр монгол оюутан байгаагүй. Би анхны монгол оюутан төдийгүй гадаад доктор нь. Ер нь Тайванийн үндэсний их сургууль бол үндэснийхээ шилдгүүдийг бэлтгэдэг юм.
-Таны докторын судалгааны чиглэл их анхаарал татлаа. Эдийн инженерчлэл гэж чухам юуг судалдаг, ямар ач холбогдолтой талаар манай уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?
-Эдийн инженерчлэл их сонирхолтой бас сорилттой. Гол зорилго нь гэмтэл, хавдар, төрөлхийн гажиг зэргийн улмаас эд, эрхтэнд үүссэн бүтцийн алдагдлыг нөхөн төлжүүлж, эдгээхэд чиглэдэг.
-Судалгаагаа дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
-Эдийн нөхөн төлжилтийг сайжруулах эдийн инженерчлэлийн гурван түлхүүр хүчин зүйл гэж бий. Үүнд эдийн тусгай матриц буюу биоматериал, зарим молекул, үүдэл эс багтдаг. Товчхондоо тухайн эдийн бүтцийг олон янзаар дуурайлган бүтээсэн биоматериалыг олон янзаар модификацлаж, түүн дээр эсийг өсгөвөрлөж, тусгай молекулын тусламжтайгаар ялгаран хөгжиж буй, эсэхийг нь өөр өөр аргаар олон талаас нь судалдаг гэсэн үг. Ясны хавдрын эс, мэдрэл төст эс, ясны чөмөгний үүдэл эсүүдийг ашигласан, туршилтын амьтнууд дээр хийсэн судалгаагаа бичиж, хэвлүүлээгүй байгаа тул хэсэг хугацааны дараа үүний талаар илүү дэлгэрэнгүй ярих боломжтой.
-Докторын судалгааны ажлаараа 2022 онд Остеоинтеграцын Азийн академийн 12 дахь удаагийн их хуралд II байр эзэлсэн. Энэ нь танд судалгаандаа улам илүү шамдах, амжилттай дуусгах урам зориг өгсөн биз?
-Тэгэлгүй яах вэ. Мэргэжлийн чансаа өндөр олон улсын болон их хурлуудад материалаа илгээн тэнцэж, оролцох эрх авах нэг хэрэг, амжилт үзүүлж байр эзлэх нь онцгой явдал. Мэдээж урамтай сайхан. Олон улсын тайзан дээрээс аавынхаа, эх орныхоо нэрийг дуудуулах бол өмнө нь авч байгаагүй сайхан мэдрэмжийн нэг байлаа. Нөгөө талаас докторын хөтөлбөрт суралцаж байхад олон чадварыг хөгжүүлэх шаардлагатай болдгийн нэг нь судалгааны үр дүнгээ боловсруулж, постер болон аман хэлбэрээр танилцуулах. Миний хувьд Австрали, Сингапур улсад болсон шинжлэх ухааны хурлуудад оролцож байсан туршлагатай. Докторын хөтөлбөрт шалгаруулж, томоохон судалгааны төслийг итгэл хүлээлгэн хариуцуулсан удирдагч профессорынхоо итгэлийг даах ёстой гэж боддог юм. Зорилгодоо хүрэх нь сайхан ч итгэл хүлээж, даах нь илүү үнэ цэнтэй.
-Эдийн инженерчлэлтэй холбоотой судалгаа манай улсад хэр түвшинд байна вэ?
-Манай улсын анагаахын болон шинжлэх ухаан, технологийн сургуулиудад энэ чиглэлийн бааз суурь бий болсон, эсэхийг сайн мэдэхгүй юм. Баттай мэдэж буй зүйл бол миний төгссөн АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуульд лав энэ чиглэлийн төрөлжсөн лабораториуд бий болоогүй, хүний нөөц нь ч бэлтгэгдээгүй байгаа. Ер нь бол эдийн инженерчлэлийн салбар анх 1980 онд Америкт танилцуулагдаж, 1991 онд энэ чиглэлийн анхны судалгааны өгүүлэл хэвлэгдсэн юм билээ. Энэ салбар сүүлийн 20 жилд эрчимтэй хөгжиж байна.
-Та нийгмийн эрүүл мэндийн бодлого, удирдлагын чиглэлээр Монголд магистрын зэргээ хамгаалжээ. Нийгмийн эрүүл мэнд гэдэг мөн л чухал, ач холбогдол өндөртэй салбар шүү дээ.
-Өмнө дурдсанчлан эдийн инженерчлэл бол тухайн нэг хүн өвчилсний дараах бүтцийн хувьд алдагдалтай эд, эрхтнийг дахин нөхөн төлжүүлэх тухай ойлголт юм. Тэгвэл нийгмийн эрүүл мэндийн салбар нь тухайн нэг иргэнийг биш, нийт хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд, тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэдэг. Энэ чиглэлийн судалгаанууд нь нийт хүн амыг өвчлөлд хүргэж байгаа нөлөөллийг биологи, зан үйл, нийгэм, хүрээлэн буй орчны талаас нь судалдаг. Ингэснээрээ эмнэлгийн болон нийгмийн үйлчилгээнд, эсвэл эрүүл мэндийн, нийгмийн үйлчилгээний байгууллагуудад инновацыг бий болгодог. Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг ул суурьтай боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлж, эрүүл мэндийн тэгш байдлыг хангаж чадаж буй улс орнууд л амьдралын чанар, аз жаргалын индексээ өндөр байлгаж чадаж байна. Үүний үр дүнд амжилттай нийгмийг ч бүтээж чадаж байгаа шүү дээ.
-Монголд байхдаа хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр сайн дурын ажилд оролцож, санаачилгаараа орон нутагт хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж байжээ. Одоо энэ чиглэлийн ажилд цаг зав гаргаж чадаж байна уу?
-Орон нутагт хэсэг хугацаанд нийгмийн эрүүл мэндийн удирдлагаар ажиллах боломж тохиосон юм. Тэр үед идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллахыг хичээж, хэд хэдэн төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсний нэг нь хүүхдийн нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх “Сийлант” хөтөлбөр. Тухайн үед хүмүүс “Сийлант” гэж юу болохыг тийм ч сайн мэддэггүй байлаа. Ямар ч баян, хөгжингүй орны төр ард иргэдээ барьж аваад их зардлаар эмчлэхийг илүүд үздэггүй. Харин хамгийн бага зардлаар, эсвэл хамгийн чухал хэрэгцээт бүлгүүдэд хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Эл хөтөлбөр ийм л агуулгатай байсан. Ер нь төрийн албанд ажил хийх амаргүй. Төсөв санхүүжилт нь бага учраас түүндээ тааруулж ажлаа төлөвлөх шаардлагатай болно. Шинэ ажил санаачилбал мөнгө байхгүйн зовлон их. Тиймээс хийхийг зорьж буй ажлынхаа санхүүжилтийг өөрөө олоод хэрэгжүүлчихдэг байсан. Жижиг төсөл бичээд, олон улсын байгууллагууд руу явуулах байдлаар дэмжлэг авдаг ч юм уу.
Мөн амьдралын боломж муутай, хүссэн үедээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй хот, хөдөөгийн хүүхдүүдэд АШУҮИС-ийн Хүүхдийн нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Б.Оюунцэцэг болон түүний шавь нар, мөн олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран сайн дураараа явуулын шүдний эмчилгээ, үйлчилгээг хүргэж байлаа. Докторын хөтөлбөр урт хугацаанд үргэлжилсэн ч хоёрхон удаа Монголдоо очиж амжсан. Ийм ажил хийж амжаагүй. Харин 2020 онд Балба улсад сайн дурын ажилд оролцсон. 2015 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас орон гэр, эцэг, эхээ алдсан хүүхдүүдэд шүдний тусламж, үйлчилгээ үзүүлсэн юм. Олон оронд эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулдаг туршлагатай багтай хамт явсандаа маш талархдаг. Бид энэ жил Монголын хөдөө сумуудад очиж ажиллахаар хэлэлцэж байгаа. Гэхдээ чухам аль сумд очихоо хараахан шийдээгүй.
-Эх орондоо ирж ажиллах бодол бий юү?
-Алсдаа Монголдоо очиж ажиллана. Харин ойрын хугацаанд очих төлөвлөгөө байхгүй.