Дэлхий нийтийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүч ашиглахыг чухалчлах болсон. Манай улсад ч эл жишгийг нэвтрүүлэхийг хичээж байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Э.Батмагнай халуун рашааныг ашиглан дулааны цахилгаан станц барих боломжтойг тогтоожээ. Тэрбээр Цэнхэрийн халуун рашааны бүс нутагт хийсэн геофизикийн судалгаагаараа Швейцар улсын Цюрихийн Технологийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрхүү станцаар Архангай аймгийн төвийг дулаанаар бүрэн хангах боломжтойг тогтоожээ. Судалгааных нь үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.
-Судалгааны ажлаа хэдэн оноос эхэлж байв. Улсын хэмжээнд 40 гаруй халуун рашаан бий гэж сонсож байлаа. Эдгээрээс Цэнхэрийн халуун рашааныг яагаад онцлох болов?
-2019 оноос судалж эхэлсэн юм. Үүнээс өмнө Хангайн нуруунд судалгаа хийж байлаа. Ингэхдээ 40 гаруй халуун рашааныг хамруулсан. Тэдгээрээс Цэнхэрийн халуун рашааныг онцлох болсон шалтгаан нь нэгдүгээрт температур халуун, 80 градус хүрдэг. Мөн Архангай аймгийн төвтэй ойролцоо. Тиймээс сэргээгдэх эрчим хүчээр ашиглах боломжтой юу гэдгийг тодруулахаар судалгаагаа эхэлж байлаа. Судалгааны онолын түвшний ажил дуусах дөхсөн. Дараагийн үе шатанд өрөмдлөг хийж, үр дүнгээ батлах хэрэгтэй.
-Дулааны цахилгаан станц баривал хүчин чадал нь ямар байх вэ?
-Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн 2005 онд Исландад магистрын зэрэг хамгаалахдаа халуун рашааныг ашиглан дулаан үйлдвэрлэх боломжтой, эсэхийг судалсан байдаг. Улмаар1.6 МВт-ын цахилгаан, 16 Вт-ын дулааны энерги үйлдвэрлэх боломжтой гэж үзжээ. Үүнийг бидний судалгааны үр дүнд илүү нарийвчлалтайгаар гаргаж, 40 Вт дулаан, дөрвөн МВт-ын цахилгаан үйлдвэрлэх боломжтойг тооцоолсон. Ганцхан станц барьсан тохиолдолд л хүчин чадал нь ийм байна гэсэн үг. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд сүлжээ станцууд барьж болно. Ингэснээр дотоодын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөх юм.
-Судалгааны багт олон эрдэмтэн багтсан уу?
-Судалгааны төслийг Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн. Швейцарын Цюрихийн Технологийн их сургуулийн Геофизикийн хүрээлэн болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн хамтран хэрэгжүүлсэн юм. Судалгааны баг бүрэлдэхүүнийг олон улсын туршлагатай эрдэмтэд удирдсан. Энэ нь Монгол оронд анх удаа геотермаль хайгуулын судалгааг орчин үеийн геофизикийн арга зүйд тулгуурлан хийснээрээ онцлог.
-Судалгааны гол үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ?
-Монгол оронд геофизикийн өнгөн хөрсний судалгаанууд хийж байсан л даа. Бидний хувьд 30 км-ийн гүнд хүрч, тэнд ямар систем ажиллаад байгааг тогтоохыг зорьсон. Исланд, Шинэ Зеланд зэрэг геотермаль энерги хэрэглэгч оронтой харьцуулахад Монголд халуун рашааныг өргөн хүрээнд төдийлөн ашигладаггүй. 2016 онд Цэцэрлэг хотоос урагш гурван км-ийн зайд өрөмдлөг хийсэн судалгааг харахад халууны эх үүсвэрийг олоогүй байсан. Манай орон галт уулын бүс нутаг, тектоник хавтангуудаас харьцангуй хол оршдог. Тэгвэл яагаад халуун рашаан байгаа юм бэ, үүнийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой юу гэсэн асуулт шинжлэх ухааны талаасаа гарч ирсэн юм. Монгол оронд буюу галт уулаас хол оршдог бүс нутагт халуун рашааны ямар систем байгааг зураглах нь шинжлэх ухааны талаасаа маш сонирхолтой бодлого. Бид геофизикийн нэг арга болох магнетотеллурикт тулгуурлаад нийт 300 гаруй цэгт, 15:20 км талбайд хэмжилт хийж, цахилгаан дамжуулах чадварынх нь 3D загварыг гаргасан. Геотермаль бүсэд хувиралд орж байгаа халуун ус цахилгаан дамжуулах чадвар өндөртэй шүү дээ. Тухайн бүс нутагт Гялгарын, Бор талын халуун рашаан ч гэж бий. Эдгээрийг судлаад геотермалийн энергийн систем хаана ажиллаж байгаа, халуун рашаан ямар замаар явсан зэргийг тайлбарлахад манай загвар их тус болсон. Өмнө нь хийсэн геохимийн болон геологийн судалгааны үр дүнд Цэнхэрийн халуун рашааны үндсэн эх үүсвэр нь хур тунадасны гаралтай ус гэж гаргасан байв. Бидний хувьд хур тунадасны гаралтай ус хаагуур эргэлдээд, хаана хуримтлагдаад, улмаар газрын гадаргад гарч ирж байгаа зэргийг судалгаагаараа тогтоож чадсан. Тухайн орчны өндөрлөг хэсэгт бороо, цаснаас үүссэн үлэмж их ус газарт нэвтрэхдээ газар хөдлөлтөөс үүссэн хагарлын дагуу урсаж, гүнд байх халуун чулууны нөлөөгөөр халаад, нам доор газарт гарч ирж буй үйл явцыг геотермаль гээд буй юм. Тэнд 2-3 км-ийн гүнд өрөмдлөг хийвэл 120-150 градусын халуун ус гаргаж авна. Энэ нь өмнө нь хэлсэн 40 Вт дулаан, дөрвөн МВт-ын цахилгааныг хангах боломжтой гэсэн үг.
-Манай улсад дулааны хэд хэдэн цахилгаан станц бий. Эдгээр нь бүгд нүүрс шатааж эрчим хүчээ үйлдвэрлэдэг.
-85-90 хувь нь нүүрс шатааж, өндөр температурт усыг халаагаад, түүнээс гарах уур нь генераторыг эргүүлж, цахилгаан үүсгэх замаар ажилладаг. Геотермаль энергийн ялгаа нь нэг төрлийн сэргээгдэх эрчим хүч. Манай улсад сэргээгдэх эрчим хүч дөнгөж л хөгжиж байна. Усан болон салхин цахилгаан станц, нарны дэлгэц зэрэг нь сэргээгдэх эрчим хүчний төрөл. Гэхдээ улирлын чанартай ажилладаг. Манай улсын салхины урсгал нь хувьсамтгай. Учир нь Сибирийн хүчтэй уур амьсгал орж ирэхээр салхин сэнс, нарны дэлгэц зэрэг нь байнга ажиллах уу гэдэг асуудал тулгарна. Харин геотермаль энергийг нэвтрүүлж чадвал манай орны орчин нөхцөлд хамгийн тохиромжтой юм. Яагаад гэвэл халуун усаар цахилгаан үйлдвэрлэнэ, градусаас нь хамаараад хүлэмжид, хөдөө аж ахуйд ашиглах боломжтой. Цооногоороо усаа буцаан хийж, эргүүлээд л халуун усыг соруулж авах замаар улирал үл хамаарсан байнгын цикл үүсгэнэ.
-Энэ аргаар хэдэн жил үйлдвэрлэл явуулах боломжтой вэ. Өөрөөр хэлбэл, халуун рашааны нөөц шавхагдвал яах бол?
-Бидний гаргаж авч байгаа ус хэдэн мянган жил хуримтлагдсан том систем. Цэнхэрийн халуун рашааны ионы концентрацын агууламж харьцангуй өндөр. 8-10 км-ийн гүнээс гарч буй ус байх магадлалтай. Альфийн нуруунд ч ийм халуун рашаан бий. Тэдгээрт 2021 онд хийсэн судалгааг харахад ус хуримтлагдаад, дээш гарч ирэхийн тулд хэдэн мянган жил зарцуулдаг гэж үзсэн байна лээ. “Ус хэтэрхий их авах нь байгаль орчинд хохирол учруулахгүй юу” гэж хүмүүс асуудаг л даа. Байгалийн үйл явцын дүнд систем өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Удирдагч багш минь “Нөөцийг үнэлээд дуусах вий гэдэг нь зааны нуруун дээр шумуул суугаад хэдэн жил цусыг сорох вэ гэдэгтэй адил” гэж байлаа.
-Станц баривал байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Геотермаль энерги нь байгаль орчинд хор хөнөөлгүй, сэргээгдэх эрчим хүч. Энэ энергийн гол үүсгүүр нь дэлхийн гүнд тасралтгүй үйлдвэрлэгдэж буй халуун магма юм. Үүнд тулгуурлан дулааны болон цахилгааны энерги үйлдвэрлэдэг.
-Цэнхэрийн халуун рашааныг түшиглэн гарган авсан эрчим хүчийг өөр аргаар ашиглах боломжтой юу?
-Халуун рашааныг ашиглан дулааны цахилгаан станц барих нь геотермаль энерги үйлдвэрлэх үндсэн арга юм. Мөн бага гүний өрөмдлөг, шахуургад тулгуурлан дулаан үйлдвэрлэх боломжтой байдаг. Эдгээр нь хоёул ногоон буюу сэргээгдэх эрчим хүч боловч бага гүний шахуургад тулгуурласан технологи нь шавхагдах магадлалтай. Энэ нь усыг шахуургын тусламжтайгаар гарган авч, цахилгаанаар халаан, дулаан үйлдвэрлэлд хэрэглэх зорилготой байдаг. Мэдээж гүнээс гарч ирэх ус нь дэлхийн дотоод ба гадаад дулааны үүсгүүрүүдийн нөлөөгөөр халсан байдаг ч температурын хувьд харьцангуй бага. Энэ технологийг амины орон сууц болон аж ахуйн халаалтын системд ашиглах нь элбэг. Харин Цэнхэрийн халуун рашааны геотермаль систем нь хэдэн км-ийн гүнд орших халуун усны циклтэй холбоотой юм.
-Халуун рашааныг ашиглан, эрчим хүч гаргаж авах нь бусад улс оронд хэр түгээмэл арга вэ?
-Зөндөө бий. Томоохон төлөөлөл гэвэл Исланд улс. Тэд нүүрс огт шатаадаггүй. Зөвхөн геотермаль энергиэр цахилгаан, дулаанаа шийдсэн. Турк, БНХАУ, АНУ зэргийг ч дурдаж болно.
-Үүнийг нэвтрүүлэх зардал нь өндөр үү?
-Геотермаль энерги нь хайгуулын, ТЭЗҮ боловсруулах, үйлдвэрлэл барих шатандаа зардал ихтэй. Үүнээс цааш маш бага зардал гарна. Хамгийн гол нь газрын гүнд буюу 4-5 км-ийн доор нуугдаж байгаа системийг олох нь төвөгтэй. Олох, үйлдвэр барихад зардал өндөр. Харин цаашдаа зардал бага буюу нэг станцыг 2-4 хүн л ажиллуулах боломжтой.
-Та энэ судалгаагаараа Швейцарт докторын зэрэг хамгаалсан юм билээ. Олон улсын мэргэжилтнүүд хэрхэн үнэлэв?
-Миний докторын сэдвээс ярианы эхэнд хэлсэн галт уулсын бүс нутагт геотермаль энерги хэрэглэдэггүй газарт үүнийг зураглаж чадсан нь шинэлэг шийдэл болсон. Зураглахдаа багагүй хугацаа зарцуулсан. Геофизикийн болон биохими, геологийн аргаар судалгааныхаа үр дүнг баталсан нь докторын зэрэг хамгаалах үндсэн үзүүлэлтийн нэг болсон. Судалгааны сэдэв нь чанарын хувьд хангалттай байсан.
-Цаашдаа судалгаагаа үргэлжлүүлэх үү?
-Хангайн нурууны геотермаль системийг ангилах төлөвлөгөөтэй байна. Цахилгаан станц барихад чулуулгийн дундуур ус дамжиж байгаа, эсэхийг шалгах ёстой. Мөн шинжлэх ухааны судалгааг үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэхийг эрэлхийлнэ.
-Цэнхэрийн халуун рашааныг эмчилгээний зориулалтаар ашигладаг. Жуулчдын зорин очдог газруудын нэг. Хэрвээ өрөмдлөг хийгээд, станц барих боломжтой гэвэл эдгээрт нөлөөлөх үү?
-Цэнхэрийн халуун рашаан нь дэлхийн цэнгэг усны нөөц сав газрын нэг. Өмнө хэлсэнчлэн тэнд систем ажиллаж байгаа. Тиймээс заавал Цэнхэрийн халуун рашааны хажууд өрөмдлөг хийх шаардлагагүй. Зөв тодорхойлж чадсан бол ус эргэлдэж байгаа шугам нь 5-10 км урттай. Цэнхэрийн халуун рашааны үйл ажиллагаанд нь нөлөө үзүүлэхгүй шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, тэрхүү системийг нь л ашиглана гэсэн үг. Рашааныг өрөмдөнө гэсэн үг биш. Өрөмдлөг хийсний дараа урсгалаа загварчлах, хэдэн тн ус гардаг зэргийг тогтооно.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн