Монголын шатрын “Стейниц” академиас чансаа өндөр тамирчдын “Chess masters” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Дөрөв хоног үргэлжилсэн тус тэмцээнд 58 шилдэг тамирчин оюунаа сорив. Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд “Гэгээн арвай” клубийн тамирчин, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ түрүүлж, аваргын цом гардсан. Тив, дэлхийн тэмцээнд өрсөлддөг аваргуудаас“ABChess” академийн тоглогч, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Өлзийхишиг удаалж мөнгө, “Мон полимет” компанийн тоглогч, шатар сонирхогчдын дэлхийн аварга Н.Содбилэгт хүрэл медаль хүртсэн юм.
Эмэгтэйчүүдээс үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул (Орхон аймаг) тэргүүн байрт шалгарав. Улсын аварга цолтнуудаас спортын мастер Э.Хүслэн (“Хан-Алтай” клуб) энэ удаа аман хүзүүдэж, түүнтэй шатрын хөлөг дээр нэг бус удаа таарсан Дэлхийн шатрын холбооны мастер Б.Амин-Эрдэнэ (“Их заргач” клуб) III байрт эзэллээ. Дээрх тэмцээний хамгийн өндөр оноотой ахмад тоглогчоор “Давхар хүү” клубээс оролцсон Ч.Хүрэлбаатар, мөн хамгийн өндөр оноотой өсвөрийн тамирчнаар “Стейниц” академийн Б.Буянхишиг тодорсон юм.