“Трансперенси интернэшнл Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай ярилцлаа.
-Авлигын төсөөллийн, хуулийн засаглалын болон ардчиллын олон талт байдлын индексээр манай улс ухарч, үзүүлэлтүүд нь муудаж байна. Эндээс бид юуг ойлгох ёстой вэ?
-Монгол Улсын хувьд ардчилал, түүнийг бэхжүүлэх тогтолцоо ухарч байна. Үндсэн хуулиар олгосон хүний үндсэн эрхийг төр засгаас хангах, хамгаалах, сайжруулах чиглэлд тодорхой ахиц гаргасангүй. Бүх үнэлгээгээр ухраагүй л дээ. Жишээ нь, хоёр хоногийн өмнө дунд, бага орлоготой улсуудын шилжилт, засаглалыг үнэлдэг Бертелсменийн индексээр манай үзүүлэлтүүд өндөр гарч, таван байр урагшилсан. Гурван үзүүлэлтээр эхний 25-49 орны тоонд багтаж, нийт дүнгээрээ топ 30 улсын нэг болсон байна. Гэхдээ засаглалын үнэлгээний үзүүлэлтээрээ ухарсан юм. Бусад гол индексээр ч засаглалтай холбоотой үнэлгээтэй хэсэгт тааруу оноо авч байна. Аль ч индексээр өгч буй гол зөвлөмж нь төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, хуулиа ялгаварлалгүйгээр хэрэгжүүлж, хэвшүүлэх шаардлагатайг сануулж байгаа.
-Засаглалтай холбоотой үнэлгээ буурч байгаа шалтгаан нь юу юм бол?
-Юуны түрүүнд төрийн албан хаагчдын чадавх буюу боловсрол, мэдлэг, хууль хэрэгжүүлэх үйл явц нь сул, ялангуяа ардчилал, хүний эрхийн талаарх мэдлэг маш дутмаг гэж үзэж байна. Төрийн албан хаагчид ажлаа өөрийн болтол эзэмшиж чадаагүйн улмаас үүсэж буй бас нэг асуудал нь мэдээллийн ил тод байдал хангалтгүй байгаа явдал. Мэдээлэл бүрийн ард хариуцлага дагалдах шаардлагатай ч мэдээлэл, хариуцлага хоёрын тэнцвэр алдагдсанаас болж нийгэмд хаос үүсгэж, түүнийг дарахдаа хүний эрхийг зөрчиж байна.
-Энд дурдсан индексүүдийн аль алинд нь засаглалын үнэлгээ бий. Шилжилтийн индекст засаглалыг аль талаас нь хардаг вэ?
-Хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, сонгуульд шууд санал өгөх эрхээ хэр хэрэгжүүлж байна, улс төрийн намын тэнцвэрт харилцаа, ялангуяа сөрөг хүчний дуу хоолой, иргэний нийгмийнхний идэвх, санаачилга ямар байгааг нь хардаг юм. Нэг намын нөлөө их, сөрөг хүчний чадамж маш сул байгааг онцолдог. Мөн эхэнд дурдсанчлан төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, баялгийн өгөөжийг хүртээмжтэй болгох шаардлагатайг хэлж байна. Ардчиллын олон талт байдлын индексийг зургаан том, 15 дэд бүлгээр үнэлдэг. Эдгээрийн талаас илүү нь засаглалыг үнэлэхэд чиглэсэн. Үүний дотроос сонгуулийн ардчилалтай холбоотой үнэлгээ нэлээд том хувийг эзэлж, сөрөг хүчний идэвх, оролцоог илэрхийлэх үзүүлэлтүүд нь доошилсон. Тэр нь ч нийт дүнд нөлөөллөө. Иргэдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлсөн эрх баригчийн эсрэг сөрөг хүчний дуу хоолой, нийгмийн оролцоо маш муу байна гэж гарсан нь манай үнэлгээнд том цохилт боллоо.
АВЛИГЫН БОЛОН АРДЧИЛЛЫН ИНДЕКСЭЭР ТААРУУХАН ҮНЭЛЭГДСЭНД АН Ч БУРУУТАЙ
-Гэхдээ сөрөг хүчин АН саяхнаас лдотоод асуудлаа шийдэж, одоо л ойлголцож байх шиг. Энэ нь дээрх үнэлгээнд нөлөөлсөн үү?
-Хүчтэй сөрөг хүчин байгаасай гэдэг хүлээлт олон нийтийн дунд ч, олон улсын байгууллагынханд ч байна. Гэхдээ АН-д ямар асуудал үүссэн, яаж дампуурч байгаа нь тэдэнд сонин биш. Зөвхөн сөрөг хүчний хувьд илэрхийлсэн байр суурь, олон нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах дуу хоолой, тууштай тэмцэл, үр дүнг нь үнэлдэг. Тухайн намынхан үл ойлголцож, үүссэн асуудлаа шийдэж чадаагүй байж болно. Хэрүүл маргаан нь нөгөө намаас болсон гэж хангалттай их ярилаа. Хамгийн гол нь АН-ынхан үндсэн үүргээ биелүүлээгүй. Эцсийн дүндээ эдгээр индексээр тухайн улс ардчиллаа бэхжүүлж, сайжруулж байна уу гэдгийг л хэмждэг. Энэ талаас нь харсан ч АН сөрөг хүчний байр сууриа хадгалж, үзэл бодлоо илэрхийлэн, иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй. ХҮН намыг бүр сөрөг хүчин ч гэж үнэлэхгүй байна шүү дээ, одоогоор. Авлигын төсөөллийн болон ардчиллын олон талт байдлын индексээр тааруухан үнэлэгдсэнд АН ч буруутай.
-Энэ удаагийн шилжилтийн индексийн хүрээнд нэг намын нөлөө их, цөөнх маш сул байгааг онцолжээ. Үнэндээ бид сүүлийн найман жилийн турш нэг нам үнэмлэхүй эрх мэдэл атгасан үед амьдарлаа шүү дээ. Эрх баригчид хэт нэг талыг барьж, сонгууль угтсан, тархи угаасан шийдвэр гаргаж ажилласан уу гэдэг талаас нь үнэлдэг үү?
-“Бертелсмен” шилжилтийн индексээ хоёр жил тутам зарладаг. Өмнөх тайлангаа 2022 онд гаргасан гэсэн үг. Сүүлийн хоёр жилийн үнэлгээ нь сая бэлэн болж байгаа юм. Гэхдээ нарийн тооцвол цуглуулсан мэдээллээ боловсруулж, тайлангаа бэлтгэхэд өнгөрсөн хэдэн сарыг зарцуулсан байж таарна. Үүнээс өмнө өрнөсөн үйл явцыг үнэлсэн гэж хэлж болно.
Монгол Улсын иргэн ий хувьд Ерөнхийлөгч , та хоёр адилхан л хүн . Харамсалтай нь , албан тушаалаар нь сорчилж үйлчилдэг . Эндээс замбараагүй байдал эхлэлтэй.Замбараагүй байдал удаан үргэлжилбэл соёл төлөвшдөггүй. Соёл төлөвшөөгүй газар хаос үүсдэг.Хаос үүссэн нөхцөлд хууль сахиулах байгууллагынхан хориг, хязгаарлалтаа нэмдэг. Ингээд ирэхээр хүний эрх илүүтэй зөрчигддөг .
Яг таны асуугаад буй эрх баригчид хэт нэг талыг барьж, сонгууль угтсан, тархи угаасан шийдвэр гаргаж ажилласан уу гэдгийг ардчиллын олон талт байдлын индексээр тодруулж үнэлдэг. Эл индексийн дотор эрх тэгш хуулийн хэрэгжилтийн үнэлгээг тусад нь бүлэг болгон гаргадаг юм. Жишээ нь, сонгуулийн жилийн төсөв, төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалт, нь популист шинжтэй, олон намын тогтолцоо, ардчиллын хөгжилд хор учруулахаар байна уу гэсэн бүтэн 18 асуулгатай хэсэг бий. Мөн иргэдээ нийгмийн халамжаар “бөмбөгдөж”, дасгах бодлого хэрэгжүүлсэн үү гэдгийг нь хардаг. Энэ оны индексээр манай эрх тэгш байдлын үнэлгээ буураагүй. Учир нь улсын төсвийг батлах үед эл индексийн үнэлгээ дуусчихсан байсан. Иймд дараа жилийн индекст төсөвтэй холбоотой үнэлгээнүүд орж ирнэ гэсэн үг.
-Ардчиллын олон талт байдлын индексээр манай улс“саарал бүс”-д багтсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ардчиллаас их ухарч байгаа, автократ дэглэм рүү шилжих магадлалтай орнуудыг “саарал бүс”-д өнгөрсөн жилээс оруулсан. Жагсаалтад байгаа 13 улсыг эрэмбэлбэл манайх доороосоо хоёрдугаарт орсон. Монгол Улс “саарал бүс”- ийг давахад тун ойрхон байна.
ДЭЭРЭЭ БУРУУГАА ХҮЛЭЭХГҮЙ БОЛ ДУНД, ДООД ШАТАНД АЖИЛ УРАГШЛАХГҮЙ
-Нөгөө талаар та бид хоёрын ярьж буй индекс, үнэлгээнүүдийг үл тоох нь бий. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Зарим нь Азийн олон орон автократ, нэг хүний засаглалыг сонгосноороо илүү хөгжиж байна гэдэг. Эсвэл олон улсын байгууллагууд Монголыг үгэндээ оруулахын тулд анхааруулга болгож, эдгээр индексийн үнэлгээг нь унагадаг гэж ойлгодог хэсэг, бүлэг бий. Үүнийгээ нийгмийн сүлжээгээр илэрхийлж байгаа харагддаг. Хэрвээ бид цаашдаа олон улсын ямар ч байгууллагаас зээл, тусламж, дэмжлэг авахгүй, хамтарч ажиллахгүй, ганцаараа оршин тогтноно гэвэл эдгээр үнэлгээг хаяж болно. Чадахгүй бол төр засаг нь өөрсдийнхөө бурууг хүлээж, энгийн алдаагаа засах шаардлагатай гэсэн үг. Дээрээ буруугаа хүлээхгүй бол дунд, доод шатанд хэрэгжилт нь алдагдаад, ажил урагшлахгүй байна. Дараа дараагийн үнэлгээгээр тааруухан дүн авсаар л байх болно. Манай улс хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын хувьд аль ч орноос дутахгүй. Эдгээр индексээр биднээс 60 байраар түрүүлж яваа зарим орноос ч олон давуу тал байна. Сайн зүйлээ ч олон улсын байгууллагуудад олигтойхон тайлагнаж чадахгүй байгаа нь төрийн албан хаагчдын чадавхтай шууд холбоотой.
-Төрийн албаны чадавхтай холбоотой олон шүүмжлэл өрнөөд багагүй хугацаа өнгөрсөн ч дорвитой ахиц, шинэчлэл харагдахгүй байна.
-2019 оноос хойш нэг зүйлийг анзаарч байна. Гадаад хэлтэй хүмүүсийг төрийн албанд авч, ажиллуулах болж. Англи хэлтэй л бол албан тушаал ахиж байна. Тэдний олонх нь залуу. Эндээс завсар үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрд ажиллаж буй арай ахимаг насны, туршлагатай боловч гадаад хэлний мэдлэг тааруу, эсвэл англи хэлтэй, туршлага тааруу хүмүүсийг хооронд нь холбох зүйл алга. Өнгөрсөн 30 гаруй жилийн турш манайх гадаадын сайн туршлагыг хэрэгжүүллээ. Тэдгээр нь хөрсөн дээр бууж, сайжрах хугацаа, хөрөнгө хангалттай зарлаа. Харамсалтай нь, гадаад, дотоодыг холбох гүүргүйгээр ажилласан. Өөрийн орны соёл, уламжлал, тогтолцооны шилжилтийн үед илэрдэг өөрчлөлтийг мэддэг туршлагатай хүмүүс, технократуудаар хийлгээгүй нь алдаа. Одоо ч чадавхгүй гадаад хэлтнүүдээр зөвлөх үйлчилгээгээ хийлгэсээр байна. Аль ч улс, олон улсын байгууллага зарчим л ярьдаг болохоос яг тэр чигээр нь хуулаад хэрэгжүүл гэж зөвлөдөггүй. Тиймээс гадаад хэлтэйгээ “од” болгох биш, орчноо ойлгодог, үе шатаар нь ахиж ирсэн туршлагатай хүмүүсээ сайн сонсох хэрэгтэй.
-УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болох гэж байна. Сонгуульд оролцогч бүх тал ардчиллаа бэхжүүлж, ухрахгүйн тулд юунд анхаарах ёстой вэ?
-Энэ жил дэлхийн 60 улс үндэсний хэмжээний сонгуультай. Мэдээллийн технологи өдрөөс өдөрт эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дэлхийн эдийн засгийн форумаас эрсдэлүүдийг нэрлэсэн. Сонгууль болох орнуудад тулгарч мэдэх эрсдэлүүдийн хоёрдугаарт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, сонгогчдыг төөрөгдүүлэх хуурамч, ташаа мэдээллийн тархалтыг анх удаа нэрлэсэн. Ингэхдээ шууд хоёрдугаарт жагсаасныг заавал анзаарах ёстой. Ардчиллын олон талт байдлын индексээр ч яг үүнийг манайд тусгайлан анхааруулсан юм. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрд нөлөө бүхий этгээдийн хамааралд байна, чөлөөт, төвийг сахисан хэвлэл бараг алга хэмээн онцолсон байдаг. Үүнээс гадна нийгмийн сүлжээгээр цацаж байгаа мэдээлэл нь бүлэглэлийн чанартай буюу боловсрол, мэдлэг багатай хүмүүсийн тархийг угаах, манипуляц хийх хандлага өндөр байна гэж үнэлсэн. Манайд 2015, 2017 онд улс төрийн зорилгоор “Cambridge аnalytica”-гийн үйлчлүүлэгч байсан, troll farm-ыг фэйсбүүкээр идэвхжүүлсэн, сонгуулийн үеэр худал мэдээлэл цацсан гэсэн баримт бий. Эндээс харвал манайд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг иргэдийн мэдэх эрхийг зөрчих, ялангуяа сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд бодитой ашиглаж байгаад давын өмнө анхаарах шаардлагатай.
-Энэ олон үнэлгээний дүнтэй та судлаачийн хувьд санал нийлж байна. Тийм үү?
-Тийм, бас үгүй. Бид давуу талаа сайтар харуулж чаддаггүй. Нөгөө талаас бидэнд алдаа, сул тал олон байна. Энгийн мэдээллийг ил тод болгохгүй, хуулийг байгаагаар нь хэрэгжүүлэхгүй гэх мэтээр шүүмжлэхээр манай төрийнхөн хамгаалалтын “өрөлт” авчихдаг. Жишээ нь, иргэн мийм хийгээд нийгмийн сүлжээнд хуваалцахаар цагдаагийн байгууллагаас шалгаж, баривчилж, хамгаалалт хийх нэрээр иргэнийхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халддаг. Үүнийг нь иргэд, олон нийт дахин шүүмжилдэг ч энэ болгоны эсрэг авдаг хамгаалалтын арга хэмжээ нь улам л чангараад байдаг. Эрх мэдлийн хоорондын тэнцвэрийг хадгалах, ардчиллын тогтолцоонд эрсдэл учруулахааргүй л бол ямар ч асуудлыг зүгээр л орхи. Гэхдээ соён гэгээрүүлэх ёстой. Ардчиллын мөн чанар нь ердөө л энэ.
-Эрх баригчдын бодлого нь анхнаасаа буруу байна уу. Эсвэл хэрэгжүүлэхдээ алдаа, завхрал гаргав уу?
-Аль алинд нь асуудал байна. Бодлогын баримт бичиг болгон нь уялдааг хангана гэх агуулгатай тунхгаар дүүрчихлээ. Амьдрах, ажиллах орчныг нь бүрдүүлээд, татвараа авах нь л төрийн үүрэг биз дээ. Хэрэгжүүлдэг албан хаагчдад нь ямар асуудал байгааг сая хангалттай хэллээ. Хариуцлагыг хэн байхаас үл хамааран тооцох шаардлагатай. Монгол Улсын иргэний хувьд Ерөнхийлөгч, та хоёр адилхан л хүн. Харамсалтай нь, албан тушаалаар нь сорчилж үйлчилдэг. Эндээс замбараагүй байдал эхлэлтэй. Замбараагүй байдал удаан үргэлжилбэл соёл төлөвшдөггүй. Соёл төлөвшөөгүй газар хаос үүсдэг. Хаос үүссэн нөхцөлд хууль сахиулах байгууллагынхан хориг, хязгаарлалтаа нэмдэг. Ингээд ирэхээр хүний эрх илүүтэй зөрчигддөг. Эцэст нь иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын хяналт, шүүмжлэл нэмэгддэг.
-Төрийн албанхаагчдын ардчилал, хүний эрхийн талаарх мэдлэг маш дутмаг байгааг та хэллээ. Хүчний гэгддэг байгууллагынханд энэ талаарх ойлголт, хандлага дутмаг байх шиг санагддаг. Таны хувьд төрийн албан хаагчдыг бүхэлд нь ингэж үнэлж байна уу?
-“Хүчний” гэж тодорхойлж ярьдаг хандлагаа ч өөрчлөх хэрэгтэй. Үйлчилгээний л ажилтнууд шүү дээ. Таны хэлсэнчлэн хууль сахиулах байгууллагынхан хүнийг баривчлах, мөрдөх, шалгах гээд маш эмзэг зүйлээр оролддог учраас хүний эрхийг хангаж ажиллахыг шаардаж, зөрчлийг олон улсын байгууллага тайлан, үнэлгээндээ хамруулдаг. Иймд тэдэнд зааж ирсэн хүний эрхийн талаарх сургалт, хөтөлбөрөө үндсээр нь өөрчлөхгүй бол өнгөрсөн хугацаанд сургалтад хамрагдсан, хичээл заалгуулсан хүмүүс нь бодитой ахиц гаргахгүй байна.