Залуу дуучин, жүжигчин Д.Амартүвшин ирэх сарын 6-нд “UB рalace”-д “Хөөрхөн төрөх албагүй” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх нь. Түүнтэй тоглолтынх бэлтгэл, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж буйд нь баяр хүргэе. Тоглолт дөхөөд догдлол, хүлээлт дүүрэн байгаа байх?
-Маш их баярлалаа. Анхны тоглолт учраас догдолж, жаахан сандарч байна. Товлосон хугацаа дөхөх тусам эдгээр мэдрэмж улам л нэмэгдэх боллоо. Үзэгч, сонсогчдодоо сайхан тоглолтоор бэлэг барих сан гэж хичээж байна. Манай багийнхан тоглолтын найруулгадаа ихээхэн анхаарал хандуулж байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг олон жил хүсэн хүлээсэн.
-Уран бүтээлчид нэлээн хожуу анхны бие даасан тоглолтоо хийх нь элбэг. Таны хувьд эрт хийж буй нь уран бүтээлийн олз омог дүүрэн байгаагийнх болов уу?
-СУИС-ийг 2011 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш телевизийн салбарт долоон жил ажиллалаа. 2016 онд “Плэй” энтертайнментаа байгуулаад, баримтат кино, контент бүтээхэд анхаарч, нэлээд завгүй явсан байна. Энэ хугацаанд мөрөөдлөө биелүүлж, бие даасан уран бүтээл хийнэ гэж бодож явсан. 2019 оны арваннэгдүгээр сард анхны уран бүтээл болох “Хөөрхөн төрөх албагүй” дуугаа гаргасан юм. Одоогоор бие даасан 14 уран бүтээлээ олон нийтийн хүртээл болгожээ. Тоглолтдоо зориулж “Хайртай чамдаа” гэх сайхан дууг олны хүртээл болгоод байна. Ер нь уран бүтээлийн ургац маш арвин байгаа.
-Тоглолтоороо дамжуулан нийгэмд хүргэхийг хүссэн санаа тань юу вэ?
-Тоглолтоо “Хөөрхөн төрөх албагүй” дуугаараа нэрлэсэн. Энэ дуу маань амьдралдаа сэтгэл хангалуун байгаарай гэсэн утгатай. Хүн болгон адилгүй шүү дээ. Тоглолт минь цоглог, эрч хүчээр дүүрэн, сонирхолтой болно гэж бодож байна. Зочин уран бүтээлчээр Гавъяат жүжигчин Л.Чаминчулуун багш маань оролцоно. Мөн Соёлын тэргүүний ажилтан Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Б.Уранзаяа, Э.Дашням, Ш.Саранхөхөө нар ая дуугаа өргөнө. Түүнчлэн “Brand angels” бүжгийн хамтлагийнхан оролцоно.
-Цаашдын шинэхэн уран бүтээлийн төлөвлөгөө бий юү?
-Уран бүтээлчийн хувьд байнга л шинийг эрэн хайж байна. “Ард түмэнд хүрсэн сайхан дуу болоосой. Тэсрэлт болчхоосой” гэж бодож л уран бүтээлээ хийдэг дээ. Уран бүтээлч бүр тэгж бодож, хүсдэг болов уу.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн