Соёлын тэргүүний ажилтан, залуу дуучин О.Гантулга энэ сарын 16-нд “UB рalace”-д “Онжав” нэртэй, анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй тоглолтын бэлтгэл, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж буйд нь баяр хүргэе. “Онжав” тоглолтоо цэргийн баярыг тохиолдуулан хийж буй бололтой.
-“Эрчүүд та нар баяраараа нэг “юм” мултлаад л боллоо шүү дээ” гэж хүмүүс ярьдаг нь онцгүй санагддаг. Хоёрдугаарт, “Нарны жим” кинонд тоглох үеэрээг ал сөнөөгчийн дүрээр бүтэн жил амьдарсан. Тэд 24 цаг бэлэн байдалд байдаг. Тэдгээр алба хаагчийн амьдралын хэцүүг ойлгодог болсон. Саяхан гал түймрээс болж сайхан залуучууд амь эрсдэхэд зүрх зүсэгдэх шиг боллоо. Тиймээс Монгол цэргийн өдрийг тохиолдуулан тэдэнд зориулан тоглолтоо хийхээр шийдсэн юм. Анхны уран бүтээл маань “Онжав”. Түүгээрээ тоглолтоо нэрлэсэн. Хамт алба хаасан найзуудыгаа дурсахаар сайхан байдаг. Цэргийн алба хамт хаасан онжавууд уулзаад, дурсамжаараа аялаасай гэсэндээ энэхүү тоглолтоо зохион байгуулж байна.
-Уран бүтээлүүд тань голчлон алба хаагчдыг магтан дуулсан байдаг шүү дээ.
-“Цагдаа” гэдэг дуутай. Хил хамгаалагчдад зориулсан “Застав” дуугаа саяхан бүтээлээ. Эр хүн бүрд хайр дурлалын түүх бий. Түүний тухай өгүүлэх “Мөрөөдөл”, “Үнэн үг”, “Ганцхан чамдаа”, “Бүсгүй”, “Чамдаа” зэрэг дууныхаа аяыг нь өөрөө зохиосон. “Яруу” хамтралынхантайгаа албан ёсоор сэргээж дуулсан, найз нөхдийн, аав, ээжийн тухай дуунууд ч бий.
-Таныг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэж сонссон. Яагаад урлагийн замыг сонгов?
-Цагдаагийн академийн Соёл, олон нийттэй харилцах хэлтэст ажилладаг байлаа. Олон нийтийн бүхий л ажлыг зохион байгуулдаг байсан. МҮОНРТ-ээс кинонд тоглуулах санал ирэхэд нь дуртай хүлээж авсанлдаа. Санал ирлээгээд л шууд тоглохгүй. Сонгон шалгаруулалтад оролцож, 100 орчим залуусаас шалгарсан. Тэгээд “Кинонд тоглохоор болчихлоо” гээд удирдлагуудаасаа чөлөө хүсэхэд өгөөгүй тул өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн. “Баяртай, би кинонд тоглолоо” гэж хэлээд гарсан даа.
-Тоглолт болоход цөөн хоног үлджээ. Догдлол дүүрэн хүлээж байгаа болов уу?
-Бэлтгэл бүрэн хангагдсан. Тоглолт хийнэ гэдэг нүсэр ажил юм байна. Дөхөх тусам нойр хүрэхгүй шинжтэй. “Үзэгчид яаж хүлээж авах бол, заал дүүрэхгүй, хоосон суудал угтвал яана. Чи нойроо авах ёстой, хоолойгоо амраа” гэхзэргээролонзүйлбодогдожбайна.
-Үзэгчдэд гэнэтийн бэлэг бэлдсэн үү?
-Хоёр бэлэг бий.
-Таныг гитаргүйгээр төсөөлөх боломжгүй байх аа?
-Анх оюутны дотуур байранд гитар тоглож сурч байлаа шүү дээ. “Google”, “Youtube” зэрэг “багш”-аар заалгуулсан. “Сургууль минь баяртай” дууг сонсоод л “Би үүнийг сурна” гэж хичээж эхэлсэн. Ингэж явсаар кинонд ч тоглож байлаа шүү дээ. “Нарны жим” кино багийнхан миний гитар тоглож байгаа бичлэгийг үзээд уран бүтээлдээ намайг оролцуулах санал тавьсан юм билээ.
-Цаашдаа ямар ямар уран бүтээл сонсогчдоо хүргэхээр төлөвлөж байгаа вэ?
-Энэ онд багтаад 21 аймгаа тойрон аялан тогломоор байна. Сайхан дуунууд ч хийнэ. Гадаадын улс орнууд дахь монголчууд уран бүтээлийг маань ихэд сонирхдог. Тиймээс гадаадын орнуудад ч аялан тоглох бодол бий.
-“Онжав” дууныхаа түүхийг хуваалцаж болох уу?
-“Нарны жим” киноны зургийг авах үеэр “Guys” хамтлагийн А.Төгсбаяр ахтай танилцсан юм. “Ах аа, кино маань онцгой байдлын алба хаагчдын амьдралын тухай өгүүлдэг. Зөвхөн тэдний биш, бүхий л алба хаагчийн тухай дуугаа бүтээе. Тэд онжав гэдэг үгэнд их дуртай. Онжавуудынхаа түүхээр аялахдаа маш их баярладаг. Монголд үүнийг өгүүлэх дуу байдаггүй шүү дээ” гэж анх түүнд саналаа хэлж байлаа. Ингээд нэгэн бороотой өдрөөр энэ дуу маань төрсөн юм даа.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн