Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга М.Өлзийбаттай ярилцлаа. Сүүлийн үед газар хөдлөх давтамж нэмэгдэх болсон шалтгааныг түүнээс тодруулсан юм.
-Манай оронд жилд дунджаар хэд удаа газар хөдөлж байна вэ?
-Монголын нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 39 950 газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний хүчтэй нь 100 байлаа. Улаанбаатар хот орчмын бүс нутагт газар 915 удаа хөдөлсөн. Тэдгээрийн дотор гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрөв байна. Нэг жилд дунджаар 200- 400 мянган газар хөдлөлт бүртгэгддэг. Сард 200 орчим удаа газар хөдөлдөг. Хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт Архангай аймгийн Ихтамир сумд бүртгэгдлээ.
Хөдлөлтийн хүч нь 4.7 магнитудад хүрсэн. Газар хөдлөлтийг сул, дунд, хүчтэй гэж хуваадаг. 3.5 магнитудаас багыг нь сул гэнэ. Үүнээс дээш бол хүнд мэдрэгдэнэ. Энэ нь 30-40 км-ийн цаана байх хот, суурин газарт ч мэдэгддэг. 5.5 магнитудаас дээш бол хохирол үзүүлэхүйц хүчтэй гэж тооцно. Хамгийн сүүлийн гамшиг үзүүлэхүйц хэмжээнийх нь 2021 онд Хөвсгөл аймгийн Ханх сумд болсон, 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт. Олон улсын судлаачдын багийнхан уг газар хөдлөлтийн хүч долоон магнитудад хүрсэн гэж тооцсон байна. Магнитуд нь долоо хүрсэн газар хөдлөлт хот, суурин газартай ойрхон болбол гамшиг учруулна. Ханх сумд хүн амын нягтшил багатайгаас хохирол учраагүй. Түүнээс өмнө 2006, 2010 онд газар 5-6 магнитудын хүчтэй хөдөлж байсан. Манай улс Төв Азийн газар хөдлөлтийн идэвхжилтийн бүс нутагт хамаардаг. Монгол Улсад газар хөдлөлтийн хамгийн идэхжилттэй үе нь 1900-1975 он байлаа. 1905 онд эх газарт болох боломжтой хамгийн хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа бүртгэгдсэн. Тэр нь Увс, Завхан, Хөвсгөлийн нутгийг дамнаж байв. 1931 онд Монгол Алтайн өвөр хэсэгт газар найман магнитудын хүчтэй хөдөлжээ. Үүний улмаас 370 орчим км урт цууралт үүссэн. Хамгийн сүүлд 1957 онд Говь-Алтайд газар хүчтэй хөдөлж, 250 км урт цууралт үүссэн байна. Монгол 1900-1975 оны хооронд дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс нутаг байлаа. Тэр үетэй харьцуулахад одоо идэвхжил буурсан. Гэхдээ шинэ голомтууд үүсээд байгаа нь аюул юм. Английн эрдэмтдийн үзсэнээр5000 жилийн өмнөх газар хөдлөлтийн идэвхтэй бүс өдгөө сэргэж байх магадлалтай.
-Хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт Архангай аймгийн Ихтамир сумд бүртгэгдсэн. Ингэхдээ нэг хоногт газар хоёр удаа хүчтэй хөдөллөө. Үүний шалтгаан нь юу байв?
-Газар хөдлөлтийн 4-5 голомт идэвхжээд байгаа. Тэдгээрийн нэг нь Ихтамир сумд бий. Он гарснаас хойш Ихтамирын голомтод 300 удаа газар хөдөллөө. Эдгээрээс хүнд мэдэгдэх хэмжээний буюу 3.5 магнитудаас дээш нь 7-8 байна. Ихтамирт болоод байгаа газар хөдлөлтийг Английн эрдэмтэд Эгийн давааны хагарал гэж нэрлэсэн. Энэ нь 80-аад км үргэлжилсэн хагарал юм. Газар хөдлөлтийн голомт нь Эгийн даваатай ойрхон. Хоёрдугаарт, газар хөдлөөд байгаа бүс нутагт сөнөсөн галт уулын ул мөрүүд байгааг олж тогтоосон. Үүнээс шалтгаалж байна гэж үзэх нь ч бий. Энэ долоо хоногоос станцуудаараа дамжуулан шалтгааныг нь нарийвчлан тогтоохоор ажиллана.
-Идэвхжиж буй дөрвөн голомтын байршил нь хаана вэ?
-Хөвсгөл аймгийн Ханх сум дахь газар хөдлөлтийн бүс одоо ч идэвхтэй. Хүчтэй газар хөдөлсний дараа чичирхийлэл олон давтагддаг. Ханх сумд газар хөдөлсний дараа нэг жилийн дотор 100 мянгаас олон удаа чичирхийлэл бүртгэгдсэн. Зургаан магнитудын хүчтэй нь гэхэд 3-4 удаа бүртгэгдсэн байна. Хүнд мэдрэгдэх, хохирол үзүүлэхүйц хэмжээний газар хөдлөлтүүд болж байгаа. Газар хөдлөлт гэдэг нь дэлхийн гүнд газар хагараад, эвдэрсэн гэсэн үг. Эвдэрсэн газар үргэлжлээд л хөдлөөд байдаг.
Дараагийнх нь 2005 оноос хойш анхаарал татах болсон Улаанбаатар орчмын голомт. Нийслэл орчимд газар хөдлөх давтамж ихэссэн. Энэ нь байгалийн идэвхжлийн дагуу болж байгаа үйл явц гэдгийг бид судалгааныхаа үр дүнд тогтоосон. Улаанбаатарын эргэн тойронд зургаан хагарал бий. Тэдгээрийн улмаас газар хөдлөлтийн идэвхжил нэмэгддэг. Дараагийн асуудал нь өмнө болж байгаагүй, хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт хот дотор хэд хэдэн удаа бүртгэгдлээ. Гачууртад газар хөдлөхөд чичирхийллийг нь Улаанбаатарынхан тэр чигтээ л мэдэрсэн. Эмээлтэд газар хөдлөлт мэдрэгдсэн. Хустайн нуруунд 80-аад км үргэлжилсэн хагарал бий. Тэнд газар хоёр удаа хүчтэй хөдөллөө. Ихтамир сум 2022 оноос идэвхтэй газар хөдлөлтийн бүс боллоо. 2022 оноос хойш тэнд 5000-6000 удаа газар хөдөлсөн.
-Улаанбаатар хотын ойролцоо зургаан хагарал бийг та дурдлаа. Гэтэл долоо дахь хагарал ч бий болсон талаар сүүлийн үед ярих болсон шүү дээ.
-Бид 2012 оноос хойш гурван жилийн хугацаанд Франц, Португал, Оросын эрдэмтэдтэй хамтран Улаанбаатар орчимд үүсээд байгаа газар хөдлөлтийн идэвхжлийн судалгааг хийсэн юм. Үр дүнд нь хүчтэй газар хөдлөх магадлалтай зургаан голомт байгааг тогтоосон. Харин 2020 оны үед Японы, МУИС-ийн эрдэмтэд хамтран судалгаа хийж, долоо дахь хагарлыг олсон байдаг. Тэр нь Богдхан уулын араас Улаанбаатарын дундуур дайраад Нарангийн энгэр хүртэл 50-аад км үргэлжилсэн хагарал.
-6-7 хагарал нь бүс нутгийн хувьд хоорондоо ойрхон байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. 1000 орчим жилийн өмнөх хүчтэй газар хөдлөлтөөр эдгээр хагархай үүссэн гэж тогтоогоод байна.
-Газар хөдлөлтийн идэвхжилтийн бүс нутгийн газрын зургаас үзэхэд манай улсын өмнөд болон төв хэсэг илүү эрсдэлтэй харагдлаа.
-Улаанбаатар орчимд хүчтэй газар хөдлөлт харьцангуй бага. Гэсэн ч өмнө нь хөдөлж байсан голомт дахин идэвхжиж буйгаараа аюултай. Хөвсгөл аймгийн Ханх, Дундговийн Дэрэн сумд бүртгэгдсэнтэй адил газар хөдлөлтүүд Улаанбаатар хотод болбол гамшиг учруулна.
Хүчтэй газар хөдлөхөд маш бага хохирол амссанаараа дэлхийн газар хөдлөлт судалдаг эрдэмтдийн анхааралд манай улс ордог. 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд нэг хот сүйрсэн жишээ бий. Тэгэхэд Монголд энэ хэмжээний чичирхийлэл байнга тохиолдож байна.
-Турк, Сири улсад өнгөрсөн онд газар хөдлөлтийн улмаас их хэмжээний гамшиг учирсан. Манай нийслэлд ч тийм аюул учрах эрсдэл бий байх ньээ?
-Тийм ээ. Турк улсынх шиг биш, түүнээс бага хүчтэй хөдөлсөн ч аюул учирна. Барилгын чанар үүнийг харуулж байна. Шинэ байранд ороход хэдхэн сарын дотор цууралт үүсдэг. Өөрөө цуурч байгаа барилга хүчтэй чичирхийллийн үед яах нь ойлгомжтой биз.
-Газар хөдлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдгөө ямар ажлууд хийж буй бол?
-Говь-Алтайн хагарал нь 8.1 магнитудын хүчтэй чичирхийлэл үүсгэх магадлалтай. Тиймээс газар хүчтэй хөдлөхөөс өмнө амжиж анхааруулах системийг Улаанбаатарт суурилуулсан. Энэ нь газар хөдлөлтийн өмнөх үйл явцыг судлах станцууд юм. Ингэснээр газар хөдлөхөд хамгийн ойр байрлах станцаар хүчийг нь тодорхойлно. Газар хөдлөхөд эхний 10 секундэд хүчийг нь тодорхойлно. Говь-Алтай аймгийн Дэрэн сумын голомтоос Улаанбаатар хүртэл 190 км зайтай. Газар хөдлөлтийн чичирхийлэл нэг секундэд гурван км-т тархана гэж үзвэл нийслэлд иртэл 65 орчим секунд болох юм. Тэгэхээр 55 секундийн өмнө л иргэдэд анхааруулах боломжтой.
Ингэж хэлэхээр иргэд “55 секундэд би юу хийх вэ” гэдэг. Япончууд “Маш сайн дадлага сургуулилалт хийвэл энэ нь маш урт хугацаа” гэсэн нь бий. Тэд үүнийгээ ч баталсан. Японд сурагчдадаа мэдээлэл өгч, гамшгийн бэлтгэл сургуулилалтыг хийдэг. Үүнийхээ үр дүнд нэг ангийн 20-30 хүүхэд аюулгүй газар очиход 15 секунд л зарцуулдаг болсон байна.
-Хөвсгөл аймгийн Ханх сум дахь идэвхтэй голомт нь бусад хэсэгт газар хөдлөлт үүсэхэд нөлөөлж байна уу?
-Энэ нь бусдадаа нөлөөлөх нь харьцангуй бага. Харин сүүлийн үед хүний үйл ажиллагаанаас улбаатай газар хөдлөлтүүд ажиглагдаад эхэлсэн. Газар хөдлөлтийн давтамж дахь зураглалаас нь харахад зүүн аймгуудад өмнө нь ийм аюул бараг л учирч байгаагүй. Гэтэл газрын тос олборлож буйтай холбоотойгоор газар хүчтэй хөдлөх боллоо. Ийм шалтгаанаар газар хөдөлсөн тохиолдол сүүлийн үед 4-5 бүртгэгдсэн. Идэвхтэй голомтгүй бүс нутаг бүс нутаг атлаа газар хүчтэй хөдөлж байгаа гэсэн үг.
-Уул уурхайн компаниуд ч зүүн аймгуудад олон байдаг шүү дээ.
-Уул уурхайн ямар үйл ажиллагаа нөлөөлөх вэ гэдгийг нь анхаарах чухал. Газрын гүн рүү шингэн зүйл шахах үед чичирхийлэл үүсгэдэг. Үүнийг хүний үйл ажиллагаагаар өдөөгдсөн газар хөдлөлт гэнэ. Тухайлбал, “Петрочайна дачин Тамсаг” компани олон жил газрын тос олборлохдоо их хэмжээний усыг газрын гүнд шахсан. Энэ нь газар хөдлөлт үүсэхэд нөлөөлөөд байна. Тус компанийн нефть олборлож буй талбайд газар хөдлөөд байгаа учраас ингэж дүгнэхэд хүрч буй юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн