Өвөл болоход замын халтиргаа, гулгаа нийслэлчүүдийг бухимдуулдаг. Уг нь нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, халтиргаа, гулгааг арилгахад зориулсан бодис, элс, давс авдаг ч өнгөрсөн өвөл замын гадаргуу мөстсөнийг иргэд мартаагүй. Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас эдгээр бодисыг худалдан авах тендер, нийлүүлэгч тал чанартай бараа нийлүүлсэн, эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиштэй ярилцлаа.
-Танай хэлтсээс нийслэлийн зам, талбайн халтиргаанд ашиглаж буй тусгай зориулалтын бодисоос үүдэлтэй авлигын эрсдэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм байна. Яагаад энэ сэдвийг сонгож авсан юм бэ?
-АТГ нь авлигын гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгахаас гадна түүнийг үүсгэгч шалтгаан нөхцөлийг судлан тогтоож, таслан зогсоох ажлыг тогтмол хийж, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэг. Өнгөрөгч өвөл буюу 2023-2024 оны хүйтний улиралд нийт нутгаар их хэмжээний цас орж, нийслэл хотын авто болон явган хүний зам талбайд халтиргаа гулгаа ихээр үүсэн, олон нийтийн сүлжээнд иргэд “Хотын захиргаа, нийслэл дүүргийн ТҮК-иуд ажлаа хангалтгүй хийж байна, цас, мөс цэвэрлэх тоног төхөөрөмж хангалтгүй байна” хэмээн шүүмжилж байсан шүү дээ. Үүнд үндэслээд бид Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн дагуу зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад зориулсан төсвийн хөрөнгийн төлөвлөлт зарцуулалт, үр дүнгийн талаар судалгааг хийсэн юм. Тэгэхэд авлигын гэмт хэрэг гарах суурь шалтгаан тогтоогдсон тул 2024 оны хоёрдугаар сарын 21-нд “Нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглагдаж буй тусгай зориулалтын бодис” асуудал, шийдэл: “Авлигын эрсдэл, хор уршиг, хүний эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эл хэлэлцүүлэгт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн хамтран оролцсон.
-Хэлэлцүүлэгт ямар байгууллагын, төлөөлөл оролцов. Бодисын чанарыг шинжилдэг, түүнийг ашигладаг байгууллагуудыг хамруулж чадсан уу. Тэд ямар санал, шүүмжлэл өрнүүлсэн бол?
-Авлигын гэмт хэрэг нь хүний үндсэн эрхэд шууд болон шууд бус, дам байдлаар нөлөөлдөг. Жишээ нь, бидний хэлэлцсэн нийслэлийн зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад хэрэглэдэг давс болон бодис нь хүний эрүүл мэндэд хортой юу, энэ талаар мэргэжлийн байгууллага нь хяналт тавьж байгаа эсэх, халтирч гэмтэх, хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон тохиолдолд хэн хариуцах гээд олон асуулт байдаг тул бид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүний эрхийн үндэсний комисс, нийслэл, дүүргийн Засаг дарга, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Гаалийн төв лаборатори, Гэмтэл согог судлалын үндэсний төв, давс, бодис нийлүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг олон талыг оролцуулан зохион байгуулсан.
Хэлэлцүүлгээр худалдан авахтай холбоотой зөрчил, анхаарах асуудал, хилээр оруулж ирж буй давс, бодист хийх шинжилгээ, хяналтыг сайжруулах, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс худалдан авалт хийж буйг таслан зогсоох, цас, мөс арилгах олон улсын туршлагын талаар судалсан мэдээллээ АТГ-аас танилцуулж оролцогчидтой өргөн хүрээнд ярилцсан. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Хүрэлдаваа “Нийслэлийн зам, талбайн халтиргаа гулгаа, мөстлөгийг арилгахад ашиглаж буй давс, бодис нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү, химийн нэгдлийг буруу технологиор хэрэглэснээс үүдэн гарч болох эрсдэл” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээлэлд бодисыг зохимжтой хэлбэрээр хэрэглэхгүй бол хүн болон байгаль, ногоон байгууламжид сөрөг нөлөөтэй тул мэргэжлийн хяналт тавьж байх хэрэгтэйг онцолсон. Мөн хэлэлцүүлэгт оролцогчид өвөл авто зам дээр цацсан давсыг ногоон байгууламж руу болон далан, сувагруу хяналтгүй хийх нь ундны ус бохирдож нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, зун нь үхэжсэн ногоон байгууламжийг дахин сэргээхэд зардал мөнгө гарах зэргээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй, бодлого төлөвлөлт гүй зарцуулж буйг шүүмжилж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс болон дүүргүүдийн Засаг дарга нарын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.
Дүүргийн Засаг дарга болон дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн “Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хариуцсан 50 метр орчим газрыг хангалтгүй цэвэрлэж байгаагаас ГССҮТ-д жилд дунджаар 160 гаруй мянган хүн халтирч унан бэртдэг бөгөөд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ийм тохиолдол өндөр гарсан талаар танилцуулж байлаа.
-Нийслэлийн зам, талбайн халтиргаа, гулгаанд ашиглаж буй тусгай зориулалтын бодис тэгээд шаардлага хангахуйц бүтээгдэхүүн мөн байна уу. Та сая АТГ-аас судалгаа хийснээ танилцуулсан гэлээ шүү дээ.
-Хүйтний улиралд цас, мөс арилгах бодисыг хүн, байгальд хор хөнөөлгүйгээр ашиглахын тулд тохиромжтой хэмжээнд хяналттай хэрэглэх талаар олон улсын стандарт байдаг. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар зургаан компани давс, бодис нийлүүлсэн болох нь тогтоогдсон. Энэ зургаан компани 2022-2024 онд бодис нийлүүлэхдээ БОАЖЯ-наас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Түүгээр ч зогсохгүй хилээр нэвтрүүлэхдээ цас хайлуулах бодисыг албан ёсны нэрээр буюу “цас хайлуулах” бараагаар мэдүүлээгүй компаниудыг шалгаруулсан, зарим аж ахуйн нэгжийнхэн улсын хилээр давс, бодис оруулж ирсэн гэх гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байв. Мөн давс, бодис нийлүүлэх чиглэлээр худалдан авах ажиллагаанд оролцсон албан ёсны мэдээлэл гарч ирээгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүд илэрсэн тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байгаа.
-Өндөр үнэтэй “тоос сорогч” худалдан авсан хэмээн олон нийтийн сүлжээнд авто зам цэвэрлэх зориулалттай автомашинуудыг шүүмжилдэг шүү дээ. Магадгүй үүнийг авахад авлига үүссэн юм биш биз дээ. Ер нь энэ хот тохижилтын салбарт учирч байгаа авлигын эрсдэл нь юу байна вэ?
-Дээр дурдсанчлан нийслэлээс замын халтиргаа, гулгаа арилгах зориулалтаар давс, бодис худалдан авах ажиллагааг зохих хуульд заасны дагуу тендер зарлаж явуулаагүй, нийлүүлэгч компани нь БОАЖЯ-аас тусгай зөвшөөрөл аваагүй байхад бодисын нэршлийг өөрчлөн худлаа мэдүүлж хилээр нэвтрүүлсэн зэрэг авлигын гэмт хэргийн шинжтэй, үргэлжлүүлэн шалгах асуудлууд тогтоогдсон. Мөн өмнөх онд нийслэлийн хот тохижилтод ашиглах нэг бүрийг нь 125 сая төгрөгөөр худалдан авсан 28 жижиг оврын машины тендерийг шалгах саналыг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга гаргасан.
-Хэлэлцүүлэг өрнүүлээд өнгөрдөг юм байж. Үүний үр дүн нь юү байна вэ. Хэзээ энэ нь харагдах бол?
-Хэлэлцүүлгээр гарсан 10 асуудлыг шийдвэрлэхээр болсон. Үүнд гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр шалгуулах, цас, мөс цэвэрлэх аргачлал, стандартыг олон улсын жишиг болон нийслэл хотын нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн баталж мөрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хариуцсан 50 метр талбайг тогтмол цэвэрлүүлж хэвшүүлэх, дүүргүүдийн Засаг дарга нарт цас, мөс цэвэрлэх тоног төхөөрөмжийн судалгааг бодитой хийж, шаардагдах төсвийг нийслэлд хүргүүлэх, захиалагч тал тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс давс, бодис худалдан авах, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлыг цаашид талууд шийдвэрлэж ажиллахаар тогтсон.